Чингэлтэй дүүргийн 68 өрхийн нарны хавтанг төвийн шугамд шууд холбож эхэллээ
Шинэ оны өмнөхөн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг айл өрх, орон нутгийн түвшинд үе шаттай нэмэгдүүлэх, эрчим хүчний хараат байдлыг бууруулах зорилготой Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолыг УИХ-аас баталсан. Чуулган завсарласан энэ үед тогтоолын хэрэгжилтийг хангуулахын тулд манлайлж ажиллана гэдгээ УИХ-ын дарга Н.Учрал тодотгож, оны эхний өдөр Чингэлтэй дүүргийн айлуудын нарны хавтан, батарейн системийг төвийн шугамд холбох ажлыг эхлүүлсэн билээ.
Эрчим хүчний эх үүсвэрээ нарнаас авахын тулд иргэд 14 шат, дамжлагыг давж байж сая нэг холболтоо хийлгэдэг байж. Давхардсан дүрэм журмыг цуцалж, дарга нарын гарын гарын үсгийг цөөлөх замаар төрийн хүнд суртлаас иргэдээ чөлөөлөх “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга энэ ажлаар эхэлж байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл дээрх процессыг бүгдийг нь арилгаад, техникийн шийдэл, ачааллыг тооцож үзээд өрхийн хэрэгдлээний 20 кВт-аас дооших эрчим хүчний эх үүсгүүрийг тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр төвийн шугамд холбож эхэлжээ. Ингэснээр иргэд аюулгүй, найдвартай цахилгаан хангамжтай болохоос гадна хэрэглээгүй үедээ илүүдэл эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлж, орлого олдог болох юм.
Чөлөөлье санаачилга УИХ-ын дээрх тогтоолоор дамжин хэрэгжиж эхэлснийг нарны хавтан, батарейн системээ төвийн шугамд шууд, хялбараар холбуулж байгаа Чингэлтэй дүүргийн 68 өрхөөс харж болохоор байна. УИХ-ын даргын зөвлөх Б.Булганчимэг албаны хүмүүсийн хамт эдгээр айл өрхүүдээр зочилж, холболтын ажлууд, технологийн шийдэл, шаардлагатай санхүүжилт зэргийн хүрээнд газар дээр нь санал солилцлоо. Ийнхүү айлууд эхнээсээ хэмнэсэн эрчим хүчнээсээ орлого олох боломж, хэрэглээ нь бүрдэж байгаа юм. Түүнчлэн дотоодын түгээх шугамны ачааллаас хөнгөлж, өрх бүр өөрөө эрчим хүч үйлдвэрлэгч болж байгааг УИХ-ын даргын зөвлөх Б.Булганчимэг хэлж байв. Мөн энэ үеэр Ерөнхий боловсролын 49 дүгээр сургуульд ямар нэгэн татаасгүйгээр халаалтын шинэ системийг нэвтрүүллээ. Иийнхүү ногоон эрчим хүчний эх үүсгүүрээс хэрэглээний цахилгаанаа бие даан үйлдвэрлэдэг сургууль болж байгаа юм.
Өртөг багатай, эдийн засгийн хэмнэлттэйгээс гадна байгальд ээлтэй ухаалаг шийдэл болж байгааг сургуулийнхан онцоллоо. Цаашид тархмал эх үүсвэрийг бий болгоход холболтын ямар асуудлууд бодитоор тулгарч байгааг тодорхойлох, цахилгаан түгээх компаниудын удирдлагуудтай уулзахаас гадна санхүүжилтийн асуудлаар арилжааны банкуудтай санал солилцохоор төлөвлөжээ.
Ногоон эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг айл өрхүүдэд нэвтрүүлэх ажлыг тогтолцоогоор нь авч үзвэл шаардлагатай зөвшөөрлийг бууруулахаас эхлээд холболт, технологийн шийдэл, санхүүжилт, олон улсын зах зээлд нэвтрэх зэрэг үе шат бүхий цогц ажлууд багтаж байгаа юм.


0 cэтгэгдэлтэй