Б.Энхбат: Гал морин жилд зон олон амар амгалан байж, төрийн засаглал эрчимжинэ

tsenzuurmn 8 цагийн өмнө

Б.Энхбат: Бүтэн жарны зурхайг үнсэн самбарт, хулсан үзгээр гараараа зурсан хүн миний багшаас өөр байхгүй

Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр айсуй мөчид Монгол Улсын Ардын багш, Түүхийн шинжлэх ухааны доктор, зурхайч Л.Тэрбиш гуайн шавь, Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн зурхайч асан Б.ЭНХБАТ-тай уулзаж, гарч буй морин жилийн төлөв байдлын талаар лавлан ярилцлаа.

-Сар шинийн баярын өмнө гарч буй жилийн өнгө, ноён нуруу ямар байх бол гэсэн асуулт ундарч, монголчууд зурхайч лам нарынхаа айлдварыг харж, хүлээдэг. Бид зурхайч Л.Тэрбиш гуайд санал тавихад багш нь “Миний шавь Энхбатаас ярилцлага аваарай” гэсэн тул гарч буй жилийн төлөв, төрхийг тодруулахаар таныг зорин ирлээ? 

-Юуны өмнө бүх монголчуудынхаа энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. Бурхны шашны багш, шавийн барилдлага ёс зүй, хүндлэл гэсэн эрхэм үнэт зүйл дээр тогтдог. Багш бол бидний зам мөрийг заадаг Оройн дээд Очирдарь бурхантай ижил. Багш айлдвал гарч буй жилийн төлөв байдлын талаар зон олондоо өгүүлэх нь миний үүрэг. Гарч буй жилийн тухайд, огторгуйд “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил ургах юм. Зурхайн ерөнхий гол шүн, ном сударт гал морин жил сүрээр дарж, зуд турхан багавтар, хүмүүн болоод мал сүрэг өвчин эмгэг багатай. Амьтан, зон олон амар амгалантай болно гэж номлосон байдаг. Хэдий ийм боловч, төрийн засаглал эрчимжин, хааны зарлиг чангарна, ажил төрлийн байдал илүү оновчтой болно гэж буусан байна. Жилийн байр, байцыг мөн жилийн эзэн од, эзэн гараг, хаан гараг зэргээр тодорхойлдог.

Гарч буй гал морин жилийн эзэн од нь “Өглөгт охин” гэж ургасан. Жилийн эзэн одны үр нь ард түмэн нийтээр талцан хуваагдах биш бие биеэ ойлголцон, эв найртай, нэгэн санаа бодолтой болж, найрамдах, зөв явдалтай, номын мөртэй хүмүүний үйл арвидан, нэр хүнд өснө гэсэн буй. Шүн, ном сударт үр тариа, хүнсний ногоо сайтар ургах боловч хурганы байр байдал алаг цоог байна гэж буусан. “Алаг цоог” гэдэг нь бүх газар нутгаар хур устай байхгүй. Зарим газраар чийг дутмаг байна гэсэн үг. Чийг дутсан газраар өвс ногоо, үр тариа татруу байх нигууртай ч жил нь өөрөө буянтай жил.

Жилийн эзэн гарагийн тухайд огторгуйд Сугар гараг ургана. Энэ жил өвчин эмгэг багатай ч халдварт буюу халууны өвчин гарамхай. Зуучилбал өлзийтэй, худалдаа арилжаа хийвэл эд, эдэлбэрийг олно. Хааны язгуур дэлгэрч, хорлол дарагдах нигууртай гэж жилийн эзэн гараг дээр бууж байна. Хааны хүч орж, зарлиг, шийдвэр чангарч, ард олноо хамгаалж, задарсныг засаглаж, ядарсныг додомдох үйл хэрэг болох нигууртай. Зуучлахад сайн, худалдаа, арилжаанд ашиг гарах явдал нь ганц хувь хүний хэрэг биш. Үндсэндээ бид зөв тал руугаа түншилж гадаад, дотоод худалдаа, экспорт, импортоо зөв зохицуулбал эдийн засгийн өсөлт сайжирна гэсэн үг. Худалдаа хийвэл олз омог олно, идээ ундаа эд элбэг олно гэх мэт ер нь бүтэн жилийн зурхайд бууж буй бүх зүйл нийт хүн амд ч, улс гүрэнд ч хамааралтай үйл хэрэг юм.

Жилийн хаан гараг нь Бархасбадь. Гарагийн ургаж буй байдлыг ажихад, хүндлэгч, хүндлүүлэгч хоёрын хэн хэнийх нь үйлс дэлгэрэх нигууртай. Хамтын харилцаа, хандлагаа зөв болго гэж буй үг юм. Хүмүүс хоорондын үл ойлголцлыг үргэлжлүүлэх биш, хүний, өөрийн буруу, зөвийг дэнслэн шүүж, нэг нэгдээ харилцан хүндлэл үзүүлж чадсан хүмүүний ажил, амьдралд ололт ирнэ. Төгс номтнууд их алдрыг олно. Хөрст дэлхий тэнгэрээр тэтгэгдэн, үр тэргүүтэн, жимс ногоо, цэцэрлэг дэлгэрнэ гэж жилийн эзэн гараг дээр буусан буй. “Төгс номтон их алдрыг олно” гэдэг нь зөвхөн номтой, ном үзсэн хүнд хамаарч буй үйл хэрэг биш. Оюун санаа, явдал мөр, үйл хэрэг нь зөв бүх хүмүүний болоод бусдыг зөв тийш удирдан чиглүүлсэн нэгний үйл хэрэг тэтгэгдэн дэлгэрнэ гэсэн үг.

Ийнхүү хүмүүний хандлага зөв тийш эргэвээс уул ус, хангай дэлхий хүн зоноо ивээлдээ авч, байгаль, дэлхий өөрөө сэргэж, жимс, цэцэг дэлгэрнэ. Юу гэхээр, тухайн жилд улс орон, айл өрх, хувь хүмүүсийн хувь заяанд сайн эргэлт гарах эсэх нь бүх хүний оюун бодол, сэтгэл санаа, зан үйл, явдал мөртэй маш их холбоотой юм. Өөрөөр хэлбэл, бид байгаль дэлхий, уул ус, хангай дэлхийдээ хүндэтгэлгүй хандаж, маажиж малтаад байх биш эсрэгээрээ хүндэтгэлтэй хандаж, зөв харьцаад, явдал мөрөө зөв болгоод эхэлбэл тэнгэр хангай тэтгэж, байгаль дэлхий эргээд сэргэх нигууртай гэсэн үг.  Гал морь жилийн эхэн сар болон дунд сар, адаг сард хур, ус цагтаа буух боловч, нийт нутгаар алаг цоог байх төлөвтэй байгаа. Өнөөдөр бид цаг уурын байр байдлыг сайн мэддэг болсон. Ноднин бид үр тариа бага авлаа. Тэгэхээр гарч буй жилд цаг уурын байр, байцыг сайтар төлөвлөж, хур ус аль бүсэд ахиу, хаана дутмаг орох гэж буйг тооцон, хур багатай газрын тариалангийн талбайн усжуулалтыг механик аргаар шийддэг ч юм уу, төрөөс зөв бодлого хэрэгжүүлбэл амжилтад хүрэх нигууртай.

Гал морин жилд зөв бодолтой хүний оюуны орон дэлгэрнэ гэж жилийн өнгөнд бууж буй. Зөв шийдвэр гаргасан, зөв яваа хүн тэгэхээр олноос өргөл, хүндлэл олохоос аргагүй. Ерөнхийдөө жилийн ерөнхий өнгө, үрд эдгээр зүйлийг өгүүлсэн байна.

-Сонирхолтой тайлбарлаж өгсөнд баярлалаа. Төгс буянтын зурхайн ёсонд ирж буй жилийн өнгийг мөн үхэр, үхэр хариулаач хоёроор шинждэг. Энд юу өгүүлсэн бол?

-Огторгуйд ургаж буй “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн шо­роон үхрийн зурлагыг шинжихэд, үх­рийн толгой, их бие нь улаан, чих, эвэр, сүүл нь шар өнгөтэй, үхэр нь амаа ангайсан, сүүлээ зүүнээ шарва­сан, ногоон омруутай, ходоод нь хөх, дөр­вөн шийр нь цагаан байна. Үхэр хариу­лаач нь цагаан нүүртэй, үс нь хоёр чихнийхээ араар хийссэн, ногоон дээл­тэй, хөх бүстэй залуу хүн бий. Ба­руун гутлаа өмсөж, зүүн гутлаа бүсэн­дээ хавчуулж, мяндсан шилбүүр барь­сан залуу хүмүүн үхрийнхээ урд яа­ран гүйж яваа байр, байдалтай байгаа.

Үхэр амаа ангайсан байр, байдал нь хүүхэд, багачууддаа ээлтэй, тэдэндээ эерэг, үр хаялга сайтай гэсэн үг. Үхрийн ерөнхий бие, толгой нь улаан. Улаан бол галын өнгө. Үхрийн биеийг шинжихэд энэ жил салхи савируу тавимхай, гэнэ гэнэхэн мөндөр цохимхой, гантайдуу, халуун өвчин дэлгэрэх төлөвтэй буй. Би түрүүн “Нар хурын байдал алаг цоог байна” гэж өгүүлсэн. Тэгэхээр үүнийг эрт анхаарч, тариа, ногоогоо яах вэ гэдгээ бодоод явчихад болно. Үхрийн чих, эвэр, сүүл нь шар өнгөтэй байгаа. Энэ нь улс орон нийтээрээ төлөв төвшин, буянтай байхын шинж. Бид алтан дундаж гэж ярьдаг даа. Түүн шиг дор дороо хичээвээс дундаас дээш өгсөж болох, хичээмгүй бол жаахан доод түвшин рүүгээ орох нигууртай. Үхрийн дөрвөн шийр нь цагаан. Энэ нь жилийнхээ төгсгөлөөр жаахан цастай байхыг өгүүлж буй юм.

Үхэр хариулаач ногоон дээлтэй залуу хүнээр шинжихэд, залуу хүн үсээ хоёр чихнийхээ араар хийсэн байна. Зурхайн шүн, ном сударт энэ байр, байдлыг тийм ч сайны тэмдэг биш гэж өгүүлдэг. Үүнийг илүү дэлгэр хэлж боломгүй. Зурхайн өнгө буултыг ард олноо хүргэхэд учир бий. Ард олноороо мэдэх ёс ч байна, мэдэх хэрэггүй ёс ч бий. Зарим зүйлийг дэлгэр хэлэхгүй байх багш нарын зарлигтай учраас ёс зарчмаа дагана гэдгээ хэлчихнэ ээ. Хуучин цагт, тухайн орон хийдийн зурхайч лам нар жилийн өнгө, байр, байдлыг зураад Хошуу ноёндоо үзүүлж “Энэ жил ийм байх төлөвтэй. Бид ийм, ийм зүйлд анхаарваас зохистой. Ийм юм болох нигууртай” гэх зэргээр ярилцан, зөвшилцөж, зөвийг дэлгэрүүлж, бурууг засдаг байсан юм.

Шороон үхрийн зурлага дээр үхэр хариулаач маань баруун гутлаа өмсөөд, зүүн гутлаа бүсэндээ хавчуулсан байгаа. Энэ бол эр хүмүүн элдэв зан үйлд яаруу, дааруу, жаахан хөдөлгөөнтэй. Эм хүмүүн буюу эхнэр хүмүүн амгалан дөлгөөн байна гэсэн үг. Үхэр хариулаач мяндсан шилбүүр бариад үхрийнхээ урд яаруу явах нь малд, мал сүрэгт амгалантай. Ард олон хямрах нигуур байна. Түшмэд, хааны язгуур дэлгэрч, ард олноо энхрийлэн тэтгээд явбал хямрал нигуур нь гайгүй болох төлөвтэй. Тиймээс энэ жилийн байр, байдал ерөнхийдөө харцаасаа хаан хүртлээ явдал мөрөө анхаарч, эв эеийг хичээвээс жилийн ерөнхий нуруу аятай тохитой байх юм.

 Хуучин цагт зурхайчид жилийн өнгө, төрх байдлыг хаан, ноёндоо үзүүлж, зөвшилцдөг байв

-Төгс буянтын зурхайд жилүүдээ тусгайлан нэрлэсэн байх юм. Энэ жилийг “Сүрээр дарагч” гэж онцолжээ. Яагаад ингэж гоцлон тодорхойлдог юм бол?

-Жилүүдийг онцлон нэрлэдэг хэлц, жишээ нь “Сүрээр дарагч” гал морин жил, “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жил гэх мэт нэршлүүд нь далд утга, ухагдахуун, ухаан бодолтой ёгтолсон нэр. Жишээлбэл, “Цөөвөр” хэмээх жил гэж хэлсэн бол цөөвөр чоно өөрөө бүлэглэн, сүрэглэдэг амьтан. Ийм жилд хүн зон бүлэглэн хамтарч ажиллаваас амьдралд гарах ололт амжилт илүү сайн байх жишээтэй. “Сүрээр дарагч” гэдэг үгэнд бас учир бий. Жилийн өнгөндөө түшмэдийн эрч хүч дэлгэрнэ гэж буусан байгаа. Хэрвээ буруу шийд гарвал сүрээр дарахгүй. Үнэхээр бурууг үйлдсэн этгээдийн буруутай үйлдэл нь нотлогдож, тэдэнд буух буулт тохирч байвал жинхэнэ сүрээрээ дарна. Ийм маягтай ёогтолсон зүйрлэл гэж ойлгож болох юм.

-Манай Төгс буянтын зурхай Азийн бусад орны зурхайгаас юугаараа ялгаатай вэ?

-Бурхны шашинд Их хөлгөн, Бага хөлгөн хэмээх хоёр том урсгал бий. Хамаг амьтны тусын төлөөх энэрэл, билиг ухаанд суурилсан гэгээрлийн үйлс рүү чиглэдэг Их хөлгөн урсгал нь Монгол Улс, Энэтхэгийн төвөдүүд, ОХУ-ын Буриад, Тува, Горно-Алтай, Халимагт тархсан. Зүүн өмнөд Азийн бусад орноор хувь хүн төвтэй гэж хэлж болох Бага хөлгөний урсгал дэлгэрсэн байдаг. Энэ улс орнууд, ялангуяа манай урд хөрш Шар зурхай, заримдаа “Алтан зурхай” гэж  нэрлэдэг хааны таалалд нийцсэн зурхай ашиглаж ирсэн. Зөвхөн Эзэн хааныхаа зарлигаар жил бүр баталдаг, сар бүр 1-30 хоногтой, өдөр тасалдахгүй бас давхардахгүй зурхай мөрддөг. Өдрийн дараалал тасарч, давхардахгүй байх хэлбэр нь Манж чин улсын үеийн “Тэнгэрийг сүсэглэх яам”-ны шийдвэрээр бий болсон гэж үздэг. Харьяат ардууд, харьяанд буй улс орнуудаас алба татвар, гувчуураа авахын тулд сарын хоногийг 1-30 хүртэл тасралтгүй үргэлжлүүлсэн хуанли юм. Зүйрлэвэл, өдөр давхардсан сард, 20-ны өдөр хураах байсан татварыг хоёр 20-ны өдөртэй сарын аль өдөр нь авах вэ. Алба гувчуур тасрахад хүрвэл яах вэ гэдэг юм үүсэх тул ийм байдлаар эмхэтгэсэн зурхай.

Харин манай Төгс буянтын зурхай бол монгол орныхоо байр байц, байгаль цаг уурт төгс тохирсон, нар, сар, од, гарагийн хөдөлгөөн, байгаль, цаг уурын байдлыг харгалзан зохиосон зурхай. Нар, сар, од эрхсийн хөдөлгөөнд гарч буй өөрчлөлтийн нөлөө, тэдгээр хөдөлгөөний нөлөөллийг тооцоолон зурдаг тул Төгс буянтын зурхайд өдөр давхардах, тасрах мөчлөг бий. Зарим жилд илүү сартай хавар, зун, намар, өвөл ч тохиодог. Илүү сартай хэдий ч тэнгэрт мандсан сар яг тохирдгоороо онцлогтой. Тэнгэр, хангайг сараар шинждэг улсууд анддаггүй. Шинийн хоёрны сар яг Төгс буянтын зурхайтай тохирч гардаг. “Шинийн хоёрны сар шил дээр гараад шингэдэг” гэсэн хэлц үг бий. Энэ өдрийн сарыг 18:00 цагийн үед харахад, баруун урдхан талд их сайхан, тод харагддаг юм. Бид чинь өөрийн гэсэн нутаг дэвсгэртэй, сүмтэй, хуралтай, номтой, зурхайтай тусгаар улс. Тиймээс Төгс буянтын зурхайгаа дагах учиртай.

Харин Бага хөлгөний урсгалыг дагадаг улс орнуудын зурхайд илүү сар гэж байдаггүй. Хуучин цагт Манжийн хааны “Тэнгэрийг сүсэглэх яам”-наас мөрдүүлсэн зурхай тул Төгс буянтын зурхай, монголчуудын хуанли, литээс нэг сараар зөрж буй юм. Өнгөрсөн жил монголчууд гуравдугаар сарын эхэнд шинэлсэн. Тэр үед яг нэг сарын өмнө Хятад тооллоор цагаалсан улсууд нэг хэсэг хүйтний эрчийг сүрхий мэдэрсэн. Байгаль, цаг уур өөрөө нэг юм хэлж өгч буй нь энэ. Европын тоолол хүртэл өөрийн онцлогтой. Хоёрдугаар сар 28 хоногтой. Цаг, минутыг тооцон, дөрвөн жилд нэг удаа 29 хоногтой хоёрдугаар сар тохиодог. Үүнтэй ижил Төгс буянтын зурхайг маш нарийвчилсан тооцооллоор гаргадаг.

-Манайхан уламжлалаа дагахыг хичээдэг болж. Сүүлийн үед 13-ны жил орсон хүүхдэд заавал шинэ дээл хувцас хийлгэх ёстой. Морь жилд бэр гуйдаггүй гэсэн яриа гарч байна. Энэ туйлшрал уу, үнэхээр ийм зан, заншил байдаг уу?

-Зан заншил гэхэд хэцүү, янз бүрийн сонсоогүй, мэдэгдээгүй, тогтоогүй зүйл сүүлийн үед олон нийтийн дунд багагүй яригддаг болж. Ойрын жилүүдэд 13-ны жил орсон хүүхдэд бүрэн дээл хувцас хийж, жилийн дом дарлага болгон засдаг гэсэн яриа өрнөж буй. Үрдээ хайртай ээж, аавууд хүүхдэдээ шинэ дээл хувцас өмсгөж, шинэ жилээ угтах нь буруу зүйл биш. Гэхдээ байдаггүй зүйлийг байдаг мэт ярьж боломгүй. Энэ зан үйлийг хийж чадах, чадахгүй айл бий учраас “заавал хийх ёстой” гэх нь учир дутагдалтай. Морь жилд бэр гуйж болно. Ер нь аль ч жилд бэр гуйж, хурим найр хийж, хүүхдийн даахь үргээж болохгүй гэсэн хатуу зарчим байхгүй. Төгс буянтын зурхай, календарь, литэд аливаа ямар ч үйлийг хийж болох ба боломгүй өдөр, гараг, цаг, ямар нэгэн үйл хэрэгт тохиромжтой хугацааг тэмдэглэсэн байдаг. Тиймээс болохгүйн тухай асуудлыг олны дунд тарсан туйлшрал хүч оржээ гэж ойлгож болно.

-Хуучин цагт зурхайчид зурхайгаа зураад жилийн өнгө, төрх байдлыг хаан, ноёндоо үзүүлдэг, зөвшилцдөг байсан талаар та түрүүн өгүүлсэн. Орчин цагт ийм ёс жаяг бий юу. Хэнд үзүүлж, хэнтэй зөвшилцөх вэ?

-Орчин цагт олон төрлийн лит гарч буй. Гандантэгчэнлин хийдээс гадна хот, хөдөө орон нутгийн хийдүүд ч гаргадаг. Арван төрлийн лит гарлаа гэхэд зарим нь харахад хялбар гээд томоор хэвлэснийг, зарим нь би яг тэрний литийг хэрэглэдэг хэмээн хүмүүс өөр өөрийн сонирхлоор хандаж хэвшсэн. Уг нь бид Төгс буянтын зурхайгаа нэгэн захиргаатай, нэг хэмжээ, загвартай, алдаа мадаг, зөрүүгүй гаргадаг болбол их тустай. Орон даяар нийтлэг литээ мөрдөж, нэг санаа оноотой болж, нэг голдиролд орж, зурхайч нь орон хийдийн хамбадаа танилцуулж, хамба нь цааш Төрийн гурван өндөрлөг, төрийн түшээд, аймаг, орон нутгийн удирдлагадаа танилцуулан задаргаа хийж, зөвшилцдөг болбол нийт ард түмэндээ их тустай. Харцаасаа хаан хүртэл явдал мөрөө анхаарч, эв эетэй байж, хаан нь ард олноо энэрч, харилцан найрамдвал жилийн байр, байдал аятай тохитой болж, хагарал бутрал намжина гэсэн үг. Ийм цаг ирвэл жилийн төлөв байдал дээр нийтэд хэлдэггүй зүйлүүд аяндаа яригдаж, явдал мөрөө засахад ч дөхөм болох талтай.

Жил бүрийн өвлийн сүүл сарын хуучдын 29-нд Гандантэгчэнлин хийд маань Сор залж, тусгайлан хурал номын зан үйл хийдэг.

Энэ бол хамаг амьтны барцад саадыг арилгах нууц тарнийн зан үйл бөгөөд амьтны хий, судал, дуслын зохицол алдагдаж буйгаас үүдэлтэй хямралыг номын хүчээр намжаах, нар, сар, од гараг, дөрвөн махбодын зохицлыг тэгшитгэх, ган зуд, тэмцэл хямралдааныг няцаах, зон олны сайн сайхныг тэтгэхэд чиглэсэн төр, улсын засал, зан үйл юм. Өөрөөр хэлбэл, жилийн өнгө төрхөд буусан нарийн учрыг нийтэд тайлбарлаж боломгүй зүйлсийн засал. Монгол орноо амар амгалан, аятай тохитой байлгахыг бодолцож, сайныг гаргахгүй, саарыг оруулахгүй хэмээн хийж буй зан үйл. Эртний ном сударт тэмдэглэснээр хамгийн дээд засал ном юм.

-Анагаахын шинжлэх ухаан гэж мэддэггүй байх үед жилийн төрх байдалд буусан, энд тэнд гарч буй өвчнийг хэрхэн дардаг байсан бол?

-Хуучин цагт байгаль дэлхий, тэнгэр хангай, цаг агаар, од эрхэс гарагийн уялдааг хаана хаанаа маш сайн анхаардаг байж. Дэгдэж буй өвчнийг дарахад хавар ямар ургамал түрүүлэн ургав гэдгийг эхлээд шинждэг байж. Тодорхой өвчин дэлгэрвэл маш их ургаж буй ургамлаас зохих хэмжээнд бэлдэн ерөндгөө гаргах жишээтэй. Хүн гэдэг чинь өөрөө байгалийн амьтан учраас байгальтайгаа салшгүй холбоотой юм. Өндөр гэгээн Занабазарын хоёр шавийн нэг Ламын гэгээн Лувсанданзанжанцан эрхмийн

Огторгуйд орчигч одон гараг

Орчлонгийн амьтанд сайн

     болоод муугаар нөлөөлмүй

Огоорч ухааруулахын тулд

Оддын зурхайг бичвэй би гэсэн мөрүүд бий. Энэ бол хүнээс эхлээд орчлонгийн амьд бүхэн таталцлын хуулийн дагуу од гараг, тэнгэр хангай, гол мөрний нөлөөнд ордог гэдгийг илэрхийлсэн яруу мөрүүд. Хүний жил орлоо, мэнгэ голлов, харш жил орж байна гэцгээдэг. Энэ бүгд хоорондоо уялдаатай, салшгүй холбоотой, салбарласан, бүтэн жилийг тойрон бүх хүнийг хамардаг од гарагийн нөлөөлөл юм. Ийм нөлөөнд оршдог тул зарим зүйлд хянуур байх, өвдөх нигууртай бол эрүүл мэндээ анхаарч, идээ ундаагаа тохируулах, ямар үйл хэрэгт оролцох, юуг тойрох вэ гэдэг ухааныг одон зурхай тайлж өгдөг. Монголчууд бол шинээр төрсөн хүүхдэд хэзээ нэр өгөх вэ, хэзээ угаах вэ, ямар ном уншуулах вэ, даахийг нь хэзээ, хэрхэн үргээх вэ гэх мэт дөнгөж төрсөн цагаасаа зурхайтайгаа холбогддог ард түмэн. Эцэст нь хүнээ бурхан болоход алтан савыг нь нээж, нутаглуулах зан үйлээ хүртэл маш өргөл хүндэтгэлтэй үйлддэг. Энэ бол монголчуудын үнэ цэнтэй өв соёл юм.

-Та бурхны шашны шавь болсон түүхээсээ цухас дурдахгүй юу. Зурхайн ухаантай хэр удаан амьдралаа холбож байна?

-Баадай овогтой Энхбат миний бие Улаанбаатар хотод төрж, өссөн. 1982 онд нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийг төгсөөд Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд элсэж, Бурхны шашны номын ёсыг дагасан хүн. Энэ цагаас эдүгээ хүртэл лам, хуврагийн ёсыг сахиж явна. Намайг Шашны дээд сургуульд элсэж 1982 онд монгол оронд одон зурхайн ухаанд суралцах, эм тан барих эмнэхүйн ухааныг судлах, тэжээхүйн ухаанд нэвтрэх боломжгүй. Бүгд хориотой, хатуу цаг үе байсан. 1990 оноос ардчиллын давлагаа үүсэж, монгол түмэн шашин номоо бишрэн шүтэх эрх нээгдэх цагт би өөрийн авралын орны Оройн дээд, ачит багш, зурхайч багштайгаа уулзсан. Тэр үеэс өдий хүртэл багшаараа одон зурхайн ухааны ном судар заалгаж, хөтлүүлж явна. 1987 онд сургуулиа төгсөөд 2000 он хүртэл Шашны сургуульдаа багшилсан. 2000 оноос Одон зурхайн ухааны хичээл зааж, 2024 он хүртэл Гандантэгчэнлин хийдийн зурхайч ламаар ажилласан.

Одоо өөрийн урьд үзсэн ном, судраа бататган гэр зуураа сууж буй.

Шинжлэх ухаан, манай өвгөдийн зурхай хоёр нэг огтлолцолд таарахыг үзээд өвөг дээдсээрээ бахархаж, бишрэн шүтдэг

-Шашны гэсэн тодотголтой бүхэн хориотой байх үед та Бурхны шашны ном сурахаар оюутан болж байж. Таныг тийш хамгийн их сонирхож, хөтөлсөн зүйл юу байсан юм бол?

-Шашны сургуульд элсэх гол шалтгаан нь миний эмээ байсан. Би эмээдээ ойрхон өссөн хүүхэд. Эмээ минь бурхны номд дуртай, маань мэгзэм уншдаг, лүйжин тавьдаг хүн байв. Өөрийнх нь аман гэрээнээс сонсоход, зургаан настайдаа лүйжинтэй биеэ холбож, 97 насыг зооглохдоо 91 жил лүйжин тавьсан, маш их дадлагатай, сайн Хандмаа байсан. Тэр жил эмээ минь надад Шашны сургууль элсэлт авах гэж буйг дуулгаж, би шалгалт өгөөд тэнцсэн. Тэр нийгмийн оюун ухаанд Бурхны шашин, лам хуврагийн тухай буруу ойлголт, бурангуй бодол төлөвшсөн, “Сэрэлт”, “Нүгэл буян” зэрэг кино жүжигт сөрөг дүртэй, суртал ухуулгын нэвтрүүлэгт ч шашны ном, судар үгүйсгэгддэг байв. Гэсэн хэдий ч лам болно гэсэн зорилго, өөрийн хүсэл байсан учраас ийм сонголт хийсэн.

-Одон зурхайн ухаанд суралцах санаа хэрхэн төрсөн бэ?

-Яг зурхайн юм уу, эм барих ухаан руу чиглэсэн хүсэл тэмүүлэл эхэндээ байсангүй. Эхлээд төвөд үсэг, бичиг номд гайгүй суралцах, уншлага номоо цаг алдахгүй, хоцролгүй цээжлэхийг хичээсэн. Одон зурхайн ухаан бол Бурхны шашны арван ухааны нэг нь. Энэ рүү тэмүүлэх тэмүүлэл өөрийн номын багшаа олох үеэс эхтэй. Хүн бүрд хурим найр хийх, үр хүүхдийн даахь үргээх, бэр гуйх гэх мэт баяр жаргалтай үе тохиодог. Мөн алдаж онох, хүнд хэцүү мөч, үхэл хагацалтай тулгарч, сэтгэл энэлэн шаналах мөч ч ирдэг. Би ч ялгаагүй эдгээрийг даван туулж явах үедээ багштайгаа учирсан.

-Ардын багш, түүхийн Шинжлэх ухааны доктор, зурхайч Л.Тэрбиш гуай юу?

-Тийм ээ, Бурхан багшийн сургаалд хүн төрөлхтний сэтгэлд орших шунал, уур, мунхаг гэх мэт зовлонгийн шалтгааныг анагааж, эв зохицол, энэрэл нигүүлсэл, амар амгаланг цогцлоох асуудлыг номлодог. Бурхны шашны арван ухааны нэг одон зурхайн ухаанд суралцваас хүний зам мөрийг номын ёсоор чиглүүлж, олон амьтны тусыг хийж болох юм гэж бодогдсон тэр жил бол 1989 он. Багш маань тэр үед МУИС-д багшилж байсан юм. Тэгээд багш дээрээ явж очоод “Би зурхайн ухаанд суралцъя. Суралцах, суралцахдаа эрхэм тантай багш, шавийн барилдлага барьж суралцах хүсэл буй” гэдгээ учирласан. Тэгэхэд багш “Заавал багш, шавь болох шаардлага үгүй. Би чамд эрдэм, номыг харамгүй хэлж өгнө. Чи дуртай цагтаа ирээд асууж бай” гэж хариулж байв. Хэдийгээр ийм хариу авсан боловч миний зүрхэнд “Энэ эрдэм, ухааныг заавал багшаа шүтэж байж л өвлөн сурах учиртай” гэсэн бодол үлдэж байлаа. Яагаад гэвэл, лам хүн багштай байж, багшийн гарын дор л номын зам мөрөө заалгадаг учиртай юм. Түүнээс хойш багш дээрээ гурав, дөрвөн удаа очсон. Тэр үед багш маань таалалдаа болгоож, би шавь орж, энэ номыг үзэх хувь надад тохисон билээ.

-Зурхайн шинжлэх ухаанд нэвтэрсний дараа авсан хамгийн гайхалтай мэдрэмж юу байв?

-Өвчтөнөө эмчлээд, илаар­шуулсны дараа эмч хүнд баяр баясгалан төрдөг. Түүн шиг жил орлоо, хийморь доройтон ажил үйлс бүтэхгүй, хэл аманд орсон зэрэг шалтгаанаар зорион ирж буй хүний ажил, амьдралыг зөв мөр лүү чиглүүлэх, зон олны сэтгэл санаа, бие махбодыг зөв чигт хөтлөн тааруулах нь эрхэлж буй ажлаасаа авч буй маш том мэдрэмж. Тухайн хүн маань зорьсон, санасан хэргээ бүтээх нь зурхайчид ч, ойр дотнын хүмүүст нь ч баяр баясал, бахдал төрүүлсэн сайхан үйл хэрэг.

-Та багштайгаа багш шавийн барилдлага тогтоосноос хойш олон жил өнгөрсөн байна. Багш нь таныг “Миний шавь сурах ёстой юмаа сурсан, зурхай ухаанд төлөвшсөн, бие даасан” гэж хэзээ хүлээн зөвшөөрсөн бол?

-Багш маань сүүлийн хоёр жилээс “Насны эрхээр багш нь ядардаг болжээ. Чи ойр зуур, хүнд туслахаар болсон байна. Шашин амьтны тусыг хий. Өөрийн сурсан, багшаараа заалгасан зүйлээр хүн зондоо тус хүргэж яв. Ганц нэг ярилцлага өгөөрэй” гэдэг болсон. Түүнээс биш зурхайн номд сайн нэвтэрсэн, оройд нь хүрсэн гэж хэлдэггүй. Би өөрөө ч ингэж бодож явдаг. Аливаа зүйлд, тэр дундаа Бурхны шашны багш, шавийн барилдлагад ёс зүй, хүндлэл гэж эрхэм зүйл бий. Багш хүн бидний зам мөрийг заадаг Оройн дээд Очирдарь бурхантай ижил гэж би өмнө нь хэлсэн.

Багшийгаа яриагүй байхад түрүүлж яриад, багш юм хэлээгүй байхад түрүүлж дуугарах гэх мэт үйлээс би татгалздаг, эмээж явдаг. Багшаасаа заавал зөвшөөрөл авна. Ийм зарчим барьдаг даа. Өнөөдөр бидний календарь гэж нэрлэж буй одон зурхай байна. Үүнийг лит гэж нэрлэдэг. Од гарагийн тооцооллыг тооны ухаанаар тодорхойлж, одон зурхай гэж зурах нь маш нарийн, нямбай, хугацаа их ордог ажил. Миний багш Л.Тэрбиш залуу зандан байхдаа бүтэн жарны зурхайг үзэг бал хэрэглэхгүйгээр, үнсэн самбарт хулсан үзгээр гараараа зурсан хүн. Бүтэн жаран жилийн зурхайг зурсан хүн 1990 оноос хойш Монголд хараахан гарч ирээгүй болов уу гэж миний сэтгэлд баттай бодогдож байна.

-Орчин цагт интернэт хөгжин, одон орон, од судлалын байдлыг бодитоор хардаг болсон. Зурхай зурахад энэ бодит орчин хэрэг болдог уу?

-Аливаа үйл хэргийг бүтээхэд ямар ч туслах материал хэрэгтэй. Мэдээлэл технологийн цаг үед амьдарч буй хүний хувьд, өвөг дээдсээ л маш их хүндэлж, бишрэн шүтдэг дээ. Шашин ном хэрэггүй, бүдүүлэг цаг үеийн ёс заншил хэмээн шүүмжлүүлж байсан өвөг дээдэс маань шинжлэх ухаантай яг таг мөргөдөг. Бүгд зөв гардаг одон зурхайн ухаанаа энэ цаг үед хүртэл хөтлөн, өвлүүлж үлдээснийг бодохоор “Бид ямар агуу өвөг дээдэстэй байсан юм бэ” гэсэн бахархал, омогших сэтгэл төрдөг. Шинжлэх ухаан “Ийм цаг минутад ингэнэ” гэж тодорхойлсон байхад манай өвгөчүүлийн зурхай зөрөхгүй. Нэг огтлолцол дээр таарч байхыг хараад өвөг дээдсээ бахдан, бишрэн шүтэхгүй байхын аргагүй. “Ийм сайхан зүйлийг яагаад хаасан юм бол. Эртнээс үзүүлж, сургахгүй дээ” гэж бодох жишээтэй. Яах вэ, энэ бол цаг зуурын үзэгдэл байсан л даа. Гадна, дотнын муу нөлөөнд автаж, өөрсдийн үнэт зүйл, соёл уламжлал, гэгээрлээ мартан, ойд төөрсөн сармагчин мэт явсан үе юм.

-Сошиал орчин нийгмийг нэлээн эвдлээ. Төдийлөн сонсогддоггүй хараалын үг хаана ч чөлөөтэй урсдаг болов. Бурхан багшийн сургаал, Богдын сургаал, зурхайн зурлагад ч юм уу энэ нэг хачин цаг үе хэзээ, хэрхэн төгсөнө гэж айлдсан байдаг юм бол?

-Муу муухай хэрцгий үг хэллэг хаа сайгүй хэлэгдэж, байнгын хэрэглээ болсон нь хүний сэтгэл муудсантай холбоотой. Бид сайн, сайхан сэтгэлээ гээж, муу зан үйлд хэвшин, үргэлж уруудан доройтох үг хэллэг хэрэглэж байна. Нэг нэгэндээ урмын үг өгөхөө больсон байна. Зүйрлэвэл, “Дорж машин авчээ, би машинаа солих юм сан” гэх мэт атаа жөтөө, муу сэтгэл арвидаж. Яагаад Доржийн сайныг бодож болохгүй гэж. “Аргагүй ээ, Дорж хөдөлмөрч, зөв, шударгуу хүн. Олон жилийн хөдөлмөрийн үр шимээрээ Цагаан сараар сайхан унаа уналаа, болж дээ” гэж бодсон, хүний сайн талыг харсан хүнээс муу бодол, энэрсэн хайрласан сэтгэлээс муу үг, муу үйлдэл гарахгүй. Бурхны шашинд үүнийг “Бодийн сэтгэл” гэж нэрлэдэг. Хүмүүс сэтгэлээ ариусгаж, хүний ач, тусыг сайн бодож, нэг нэгнээ хайрлан, нигүүлсэх үед муу үгийн хэрэглээ аяндаа замхарна.

Нөгөө талаар аливаа нэгэн зүйл ямагт өөрийн хэмжээ, хугацаа бий. Бидний түүх ч үүний тод жишээ юм. Манжийн дарлалд 220 жил явсан монгол орон 1911 онд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо олсон. Энэ эрх чөлөө, тусгаар тогтнолыг Гоминданыхан үймүүлсэн. 1921 онд Гаминг хөөх үйлсэд хэний ч урилгагүй Барон Унгерн оролцон, Нийслэл хүрээнээс Гаминг хөөж, Богд хааныг ширээнд нь залсан. Залгуулаад 1921 оны хувьсгал гарч, ард олон эрх чөлөөгөө олж авч, 1990 он хүртэл социализмын замаар явлаа. Энэ хүрээд социализм задарсан. Үүнтэй ижил бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаа, хэмжээтэй.

“Цөвүүн цаг”-ийг гэтэлгэх Богдын болон дээдсийн иш лүндэнгүүдэд “Хот хүрээ нь хорьдог газар мэт болно, хоол унд нь хор мэт болох муу цаг ирнэ” гэх мэт эшлэлүүд бий. Жишээ нь, иддэг уудаг юм нь ихдээд ирэхээр буруу, зөрүү хооллолт дагасан өвчлөл дэгдэж байна.  Таагүй цаг үеийг бид өөрсдийнхөө хүчээр, нийт хүн зоны сайн сайхан зан үйл, буяны үрээр, тус тусын сэтгэлээ засаж, дотроосоо гэгээрч байж давна. Гэгээрсэн хүн муу үйл хэрэг хийхгүй. Хүн гэгээрээгүй цагт муу зүйл оршсоор л байна. Тэгэхээр энэ нь нэг хүний биш, бүх улс гүрэн, хүн зоны хичээл зүтгэлээс хамаарна. Бид нэг нэгнээ ойлгон ухаарч, дэмжин тусалж, хүндлэлтэй, номтой журамтай хандаж, эвтэй найртай болж ирвэл хүндлэгч болон хүндлүүлэгч хоёрын хэн хэнийх нь үйл дэлгэрнэ. Эсрэгээр нэг нэгнээ үгүйсгэн, эс хүлээн зөвшөөрсөөр байвал сайн үйлс дэлгэрэх цаг хугацаа хойш сунгагдаад байна аа л гэсэн үг. Бид нэг л нартай, нэг л дэлхийтэй улс. Тиймээс бие биедээ хүндлэлтэй хандаж, хайрыг түгээе. Үүнийг л хэлэхийг хүсэж байна.

Эцэст нь хуучин жилээ үдэж, шинэ жилээ угтах энэхүү өлзийт агшинд нийт монгол түмэндээ бие, хэл, сэтгэл амарлингуй байж, нас буян арвижин, номын үйлс тань дэлгэрэхийн өлзий ерөөлийг өргөн дэвшүүлье.

Д.Отгонжаргал