Ази, Номхон далайн бүс нутаг дахь улс орнуудад хүнсний аюулгүй байдлын стандартын түвшин доогуур байгаа тул бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийнхэн, хэрэглэгчид илүү ихийг хийх ёстой.
НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын (ХХААБ) Ази, Номхон далайн бүсийн Захирал Жонг-Жин Ким
Аюулгүйн шаардлага хангаагүй хоол хүнс хэрэглэснээс болж жил бүр олон зуун сая хүн өвчилдөг. Энэ байдал Ази, Номхон далайн бүс нутагт бүр ч хүнд, хүнсний аюулгүй байдал алдагдсаны улмаас хүний амь насанд халтай байх тохиолдол өндөр байна. Дэлхийг хамарсан цар тахлын өмнөх тоо баримтаас харахад Ази, Номхон далайн бүс нутагт жил бүр 225,000 орчим хүн хүнсний гаралтай өвчний улмаас нас барсан байна. Энэ бол дэлхийн нийт нас баралтын талаас илүү хувь юм. Харамсалтай нь нас барсан хүмүүсийн бараг гуравны нэг нь буюу 30 хувь нь хүүхдүүд байна.
Хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэл бидний эргэн тойронд байсаар байна. Хоолны хордлого нь ихэвчлэн хүн, амьтны ялгадаснаас дамжин бохирдсон, эсвэл буруу хадгалсан хоол хүнс хэрэглэснээс үүдэлтэй байдаг. Гудамжинд худалдаж байгаа хүнсийг голдуу өдрийн халуунд олон цагаар ил хадгалдаг, мах, өндөг зэрэг хоол хүнсийг гүйцэд чанаж болголгүй хэрэглэснээс болж өвчлөх тохиолдол элбэг гэх зэргээр тоочвол олон зүйл бий.
Хүнсний аюулгүй байдал алагдагдах нь хүний эрүүл мэнд төдийгүй улс орны эдийн засагт аюул учруулж байна. Хүнсний аюулгүй алдагдах нь эмзэг бүлгийнхэн болон эмэгтэйчүүд, хүүхдүүд, байгалийн гамшиг болон зэвсэгт мөргөлдөөнд өртөгсөд зэрэг гадуурхагдах магадлалтай бүлгийнхэнд илүү хүндээр нөлөөлдөг. Хүнсний бүтээгдэхүүнийг буруу хадгалах, боловсруулах, хэрэглэснээс дэлхийн худалдаанд хохирол учруулж, улмаар хүнсний хог хаягдлыг улам ихэсгэж байгаа нь манай гаригийн олон хүн өлсгөлөнд нэрвэгдсээр байгаа өнөөгийн нөхцөлд хүлээн зөвшөөрч болохгүй зүйл юм.
Гэхдээ хоол хүнсийг зөв хадгалан боловсруулж хэрэглэх, ялангуяа хоол хүнс бэлтгэж буй хүмүүсийн эрүүл ахуйн дадал зуршлыг сайжруулах, хөргөгч, хөлдөөгчийн ашиглалтыг нэмэгдүүлэх зэргээр аюул, эрсдэлийг даван туулах боломжтой. Цаашид үүнээс ч илүү ихийг хийх шаардлага тулгарч байна.
Засгийн газрууд хүнсний хяналтын тогтолцоог бэхжүүлж, тандалт судалгааны үйл ажиллагааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бизнес эрхлэгчид болон олон нийттэй харилцах харилцааг сайжруулах нь зүйтэй байна. Эдгээр үйл ажиллагааг өдөр тутам хэрэгжүүлж хэвшүүлэх ёстой бөгөөд байгалийн гамшгийн дараа хүнсний бохирдол ихсэж болох тул энэ үед онцгой анхаарах ёстой юм.
Мөн Ази, Номхон далайн бүсийн улс орнуудад хүнсний аюулгүй байдлын стандартыг хүнс үйлдвэрлэгчээс эхлээд хүнсний бүтээгдэхүүнтэй харьцаж буй хүмүүс, жижиглэнгийн худалдаачин, эцсийн хэрэглэгчид хүртэлх нэмүү өртгийн сүлжээг бүхэлд нь сайжруулах хэрэгтэй.
Хүнсний стандартууд, ялангуяа олон улсын хүнсний хууль эрх зүйн хороо (Кодекс)-ны стандартууд нь хүнсний худалдааны шударга байдлыг баталгаажуулдаг. Тус бүс нутгийн олон орон хүнсний гол үйлдвэрлэгч, экспортлогчид бөгөөд бусад олон улс энэ бүлгийн гишүүн болохыг эрмэлзэж байна. Хүнсний сүлжээнд олон оролцогчид байдаг бөгөөд хоол хүнсийг олон шат дамжуулан боловсруулдаг тул аль шатанд алдаа гарч, хүнсний аюулгүй байдал алдагдах нөхцөл үүсэж болзошгүй. Тиймээс бохирдсон хоол хүнс хэрэглэгчдэд хүрэхгүй байхыг баталгаажуулахын тулд зохих хариу арга хэмжээ авахад бид үргэлж бэлэн байх ёстой.
Хүнсний өртгийн сүлжээнд хувийн хэвшлийнхэн хүнсний аюулгүй байдлын менежментийн төлөвлөгөөг сайжруулж, харилцан мэдээлэл солилцохоос гадна хэрэглэгчидтэй харилцах харилцаагаа сайжруулах боломжтой. Үүний зэрэгцээ хэрэглэгчид хүнсний аюулгүй байдал алдагдсан зөрчлийг хэрхэн мэдээлэх, хариу арга хэмжээ авах, ялангуяа гэртээ гэнэтийн зүйл тохиолдоход хэрхэн бэлэн байх, хүнсний аюулгүй байдал алдагдсан үед хэрхэн хариу арга хэмжээ авахыг мэддэг байх ёстой. Тиймээс хүн бүр өөрсдийн үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, өдөр тутмын сонголтдоо хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэхэд хүн бүр эрсдэлийн менежерийн үүргийг хүлээдэг. Энэ бол хүнсний аюулгүй байдлын Дэлхийн өдрийн гол утга учир юм.
НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага (ХХААБ) болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) нь гишүүн улс орнууд болон байгууллагууд, ялангуяа хувийн хэвшлийнхэнд аюулгүй хоол хүнс үйлдвэрлэхэд шаардлагатай зөв, үр дүнтэй стандарт боловсруулж, хэрэгжүүлэх талаар заавар зөвлөгөө өгөх зорилгоор олон жилийн турш хамтран ажиллаж ирсэн.
Хүнсний аюулгүй байдал бол хүн бүрийн асуудал юм. Бид 2019 оны зургаадугаар сарын 7-нд анх удаа хүнсний аюулгүй байдлын Дэлхийн өдрийг тэмдэглэсэн. Жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “Хүнсний аюулгүй байдлын Дэлхийн өдөр” нь аюулгүй хүнсний ашиг тус, мөн аюулгүй байдал алдагдсан хүнсний хор хөнөөлийг илүү сайн ойлгож, анхаарахад бидэнд тусалж байна.
Хүнсний аюулгүй байдлын Дэлхийн өдөр бол бидний идэж буй хоол хүнс аюулгүй – заяагдмал чанартай гэж бидний олонх нь боддог зүйлдээ анхаарал хандуулах өдөр юм. Харамсалтай нь Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнууд болон дэлхийн бусад улсуудад ч байдал өөр байна. Тиймээс энэ жил “Хүнсний аюулгүй байдал: болзошгүй эрсдэлд бэлэн байя” уриаг дэвшүүлж байна.
Жил бүрийн зургаадугаар сарын 7-нд тэмдэглэдэг Хүнсний Аюулгүй байдлын Дэлхийн өдрөөр эрсдэлтэй хүнсний аюулыг бууруулахын төлөө хамтдаа зүтгэцгээе. Мэдлэг, мэдээлэлтэй байж, болзошгүй эрсдэлд бэлэн байя.
0 cэтгэгдэлтэй