УИХ-ын гишүүн М.Мандхайтай ярилцлаа.
-Удахгүй УИХ-ын хаврын чуулган эхлэх гэж байна. Намрын чуулган хаахын өмнөхөн Төрийн өмчийг хувьчлах асуудлыг хэлэлцэх үндсэн чиглэлийг дэмжсэн. Төр данхар байдлаасаа салах зөв ч өмч хувьчлалыг нягт нямбай, өмнөх алдаагаа давтахгүй явуулах ёстой гэж та анхааруулаад байгаа. Нөгөө талаас иргэдийн дунд энэ өмч хувьчлал шударга явагдах болов уу, авах эзэд нь хэдийнэ тодорчихсон юм биш үү гэх хардлага ч байна…
-Ирэх гурван жилийн хугацаанд явагдана гэж байгаа төрийн өмчийг хувьчлах асуудалд иргэд эргэлзээтэй хандах нь аргагүй. Өнгөрсөн хугацаанд нийтдээ таван удаа төрийн өмчийг хувьчилсан байдаг.
-Тав гэнэ ээ, бид ерээд оны үеийн үйлдвэрүүдийн өмч хувьчлалаас өөрийг бараг мэдэхгүй юм байна?
-Харин ингэж явж ирсэн учраас иргэд эргэлзэнгүй хандах нь ойлгомжтой шүү дээ. Төрийн өмч бол ард иргэд бидний л өмч. Тэр өмчийг хувьчлах буюу захиран зарцуулахдаа аль нэг эрх ашигт хөтлөгдөхгүй, эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүст давуу тал олгохгүй, эсвэл аль нэг дарга, улстөрчийн нөлөөгөөр шударга бус байдлыг гаргахгүй байх ёстой. Хийгдэж байгаа үйл явц нь ил тод, нээлттэй, шударга явагдаж ирсэн бол хүмүүс эргэлзэхгүй байх байсан. Ерээд оны өмч хувьчлал ямар зарчмаар явж ирсэн талаар хүмүүс эргэлздэг. Тухайн үед нийгмийн баялаг шударга бус хуваарилагдаж, үүнийгээ дагаад баялаг тойрсон улс төр, эдийн засгийн бүлэглэл бий болсны горыг бид одоо ч хүртсээр байгаа. Дараа дараагийн удаад төрийн өмч ямар зарчмаар яаж хувьчлагдаж ирсэн нь бүр ч тодорхойгүй. Би ч бас тантай адил ийм олон удаа төрийн өмчийг хувьчилж байсан гэж үү гэж гайхаж байсан. Тиймээс энэ удаагийн өмч хувьчлалыг нээлттэй, ил тод явуулах ёстой шүү гэдгийг анхааруулж хэлээд байгаа юм.
-Алдагдалтай ажилладаг төрийн өмчийн маш олон газрууд байдаг. Тэгсэн атлаа удирдах зөвлөл, удирдлагуудын цалин нь маш өндөр. Ийм газруудыг хувьчилна гэж байгаа шүү дээ?
-Би олон жил хувийн хэвшилд ажиллаж байсан. Төрийн мэдэлд байх ёстой цөөн салбаруудаас бусад хөрөнгө хувийн хэвшилд шилжиж, төр данхар биш, хувийн хэвшил эдийн засгийн гол хүч болох ёстой гэж үздэг хүн. Гэхдээ зөвхөн өмч хувьчилчихлаа гээд асуудал шийдэгдэнэ гэвэл худлаа. Юуны өмнө төрийн өмчийг хувьчлах явдал шударга болох ёстой. Бас энэ хүртэл төрийн компаниуд яагаад алдагдалтай ажиллав, удирдлага нь зөв ажиллаж чадсан уу, улс төрийн томилгоо, нөлөө ямар байсан, татвар төлөгчдийн мөнгөөр цахилгаан, дулааны, цаашлаад татварын хөнгөлөлт хүртэл эдэлж ирсэн атлаа энэ газрууд яагаад ийм байдалд хүрэв, хариуцаж байсан захирлууд, ТУЗ-ийн гишүүд, яамд хариуцлагаас ингээд мултрах уу гэдгийг тал талаас нь ярих ёстой. Ингэж тал талаас нь үнэлэлт дүгнэлт өгч байж бид асуудлыг шийдэх болохоос алдагдалтай байна, данхар байна гээд хэдэн нэрс гаргаад энэ газруудыг хувьчлаад өнгөрчихөж болохгүй.
-Та хувийн хэвшилд олон жил ажилласан талаараа дурдлаа. Гадаадад сургууль төгсөж ирээд олон улсын төсөл, бизнесийн байгууллагад ажиллахаас гадна үндэсний томоохон компани “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм билээ. Ер нь хувийн хэвшлийнхэнд төрийн хүнд суртал, дарамт хэр мэдрэгддэг вэ?
-Ер нь аль болох төрийн оролцоог багасгаж, хувийн аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн бодлого хүлээгдсээр байдаг. Аж ахуйн нэгжүүдэд тулгамддаг асуудлууд багасч буураад ирвэл Монгол Улс үйлдвэрлэгч орон болох боломж нээгдэнэ. Бид импортлогч орноос үйлдвэрлэгч орон болж өөрчлөгдөх ёстой. УИХ-ын дарга Н.Учралын “Чөлөөлье” санаачилгыг цаг үеэ олсон мэдрэмжтэй шийдэл гэж дэмжиж байгаа. Элдэв зөвшөөрөл, төрийн хүнд суртлын дарамтаас хувийн хэвшил, иргэдэд ирдэг хүндрэлүүдийг шийдээд ирвэл их олон асуудал цэгцэрч хувийн хэвшлийн орон зай тэлнэ. Татвар, элдэв зөвшөөрлийн асуудал, даатгалын асуудал гээд цогцоор нь шийдэх олон асуудлууд хүлээгдэж байна. Халгаж, халдаад тэр бүр орж чаддаггүй явж ирсэн даатгалын салбарыг гэхэд л бүхэлд нь цогцоор өөрчлөх хэрэгцээ байгаа харагддаг.
-Та Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн даргаар ажиллаж байгаад жагсаалтад багтаж УИХ-ын гишүүн болсон. Намын жагсаалтаар орж ирсэн гишүүдийг шүүмжлэх өнгө аяс нам дотроосоо ч, гаднаас ч багагүй байх шиг. Энэ танд мэдрэгдэж байна уу?
-Жагсаалтынхан болоод тойргоос сонгогдсон гишүүдийн хоорондын ялгаатай байдлын маргаан зөвхөн энэ парламент ч биш, холимог тогтолцоогоор сонгууль явуулж байсан 2012-2016 оны парламентад ч яригддаг л байсан. Тойргийнхон их зовоод байна, жагсаалтынхан сул байна гэсэн яриа тухайн үед ч байсан. Ялгаатай нь тэр үед намын удирдлага, дарга нар жагсаалтаар орж ирсэн. Харин энэ удаад эгэл жирийн, салбар салбарын төлөөллүүд орж ирснээрээ өөр байж болох юм. Гэхдээ УИХ-ын гишүүний үүрэг, хариуцлага тойргоос гарсан ч бай, жагсаалтаар орсон ч бай ялгаагүй. Бид одоо том зургаар асуудлаа хардаг болох хэрэгтэй гэж боддог. Жалга дов, аймаг сумаараа гэхээсээ бүх Монгол Улсынхаа хөгжлийг бүхэлд нь харж логиктой ажиллах нь чухал. Аль юм болгон бид сумын төвийн модон жорлонгийн төсөв ярих юм бэ. Харин Монгол Улсын онцлогт нийцсэн, хөдөлмөр болон капиталын бүтэц, нөөцийн оновчтой хуваарилалт, бүтээмжийг харгалзан бодит, тогтвортой эдийн засгийн өсөлт авчрах шийдэл, хувилбаруудыг хэлэлцэж, мэтгэлцдэг байх нь чухал байна.
1990 оноос хойш Монгол Улсад төрөөс баталсан таван зуу гаруй бодлогын баримт бичиг бий. Гэвч бодит байдал дээр олон тулгуурт эдийн засаг бүрэлдээгүй, гадаад зах зээлийн хамаарал буураагүй, дундаж давхарга дорвитой тэлээгүй, тогтвортой ажлын байр хангалттай нэмэгдээгүй байна. Энэ нь бодлогын баримт бичиг олноор батлагдсан ч хэрэгжилт, үр дүн хангалтгүй байсныг харуулж байна.
УИХ-ыг яагаад бага ард түмэн гэдэг юм бэ. Ард түмний төлөөлөл, салбар салбарын төлөөлөл, эрэгтэй, эмэгтэй, залуу ахмад гээд бүхий л хүмүүсийг төлөөлж дуу хоолой нь болж ажиллах ёстой учраас тэр. Жагсаалтад энэ төлөөллийг хангаж, ард иргэдтэйгээ ойр байгаагаа харуулах хэрэгцээ байсан учраас тухайн үедээ сонгуулийн өмнө улс төрийн шийдвэр гаргаж намын удирдлагууд ийм шийдвэр гаргаж байсан байх. Тэр нь хоёр дараалж сонгуульд ялалт байгуулж, найман жил засагласан намын хувьд зөв шийдвэр байсан талаар, жагсаалтын нэрс зарлагдсаны дараа рейтинг нэлээд хэдэн пунктээр өссөн талаар судлагаа, судлаачдын хэлсэн үг ч байдаг. Тиймээс би олон зүйл ярих илүүц байх. Гэхдээ намын гишүүдийн хувьд янз бүрийн байр суурьтай байлгүй яахав. Энэ чинь эрүүл үзэгдэл гэж хэлмээр байна.
-Танай нам доторх зодооныг бүгд л мэдэж байгаа. Таныг болоод жагсаалтынхныг өмнөх удирдлагууд болох Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хүмүүс. Тэдэнд үнэнчээ харуулж жагсаалтынхан хамгааллаа гэх яриаг та сонсож байсан уу?
-Жагсаалтаар орж ирсэн хүмүүс бол өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлтэй, салбар салбараа төлөөлөн орж ирсэн хүмүүс. Тэд бол кнопчид биш. Улс орноо өөд нь татчихъя, мэдсэн сурсан зүйл байвал хуваалцчихъя гэсэн хүмүүс гэж хэлмээр байна. Тухайлбал, Г.Лувсанжамц гишүүн эрчим хүчний хэмнэлт, агаарын бохирдлын асуудлыг олон жил ярьж ирсэн. Дулаанаа хэмнэх замаар бодит шийдэлд хүрч болно гэдгийг бодлогын түвшинд гаргаж, “Дулаанбаатар” аяныг өрнүүлсэн. М.Энхцэцэг гишүүн Эрчим хүч болон Дулааны тухай хуулиуд дээр тууштай ажиллаж, реформын шинжтэй өөрчлөлтүүдийг урагшлуулахын төлөө явж байна. О.Номинчимэг гишүүн өмнө нь парламентаас парламентад гацаж ирсэн Тамхины тухай хуулийг зоригтой барьж авч ажилласан. Ер нь жагсаалтын гишүүдийн санаачилж, ажиллаж буй хуулийн төслүүдийн тоо Засгийн газраас өргөн барьсан хуулиудтай эн зэрэгцэх, магадгүй давж ч байгаа гэдгийг хэлмээр байна.
-Өнгөрсөн жагсаалтад хүйсээр нь сөөлжүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, залуус, ахмадын төлөөллийг оруулсан нь зөв шийдэл болсон гэдэгтэй санал нэгтэй байна. Жагсаалтаар сөөлжүүлсэн тулдаа овоо хэдэн эмэгтэй гишүүд орж ирсэн байх шүү. Гэхдээ сүүлийн үед квотыг бууруулах талаар яригдаад эхэлсэн байна лээ?
-Дэлхий даяараа шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш оролцоог хангахыг эрмэлзэж ажиллаж байна. Жагсаалтын үр дүнд дэлхийн дундаж руу ойртож ирсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Түүнээс тойргоос тун цөөхөн эмэгтэйчүүд гарч ирсэн. Ер нь тэгш бус байдлыг засахын тулд тусгай аргаар тэмцдэг квот тогтоох аргыг дэлхийн дийлэнх улс оронд хэрэгжүүлж байна. Дэлхийн чиг хандлагадаа нийцүүлж урагшилж нэг алхаж, ашиг сонирхлын зөрчилдөө ухарч хоёр алхсан он жилүүд бидэнд бий. 2024 оны сонгуульд нэг хүйсийн төлөөлөл багадаа 30 хувь, 2028 оны сонгуулийг 40 хувийн квоттой явуулна гэж бид хар дээр цагаанаар бичээд хуулин дээрээ заагаад өгчихсөн. Одоо нэг юмыг ойлгох хэрэгтэй байна. Хуучин цагт улс төрийг хэлсэн ярьснаасаа буцдаг, амлалтаа биелүүлэхгүй арга саамаар аргалж хийдэг байсан байж болно. Шинэ үеийнхэн тэр аргаар явахгүй гэдгийг сануулж хэлмээр байна. Өмнө нь эрх барьж байгаа намууд өөрсдөд нь сонгуулийн ямар тогтолцоо ашигтай байна харж байгаад сонгууль болохын өмнөхөн өөрчилдөг, хэлсэн ярьснаасаа буцдаг байсан байх. Одоо тэгэх боломжгүй. Мэдээж эрх мэдэлтэй үлдэхийг тэд хүсч байж болно. Гэхдээ хэлсэндээ хүрдэггүй, амлалтаасаа буцдаг улстөрчид ард олны амьдралыг өөрчлөхгүй гэдгийг иргэд мэдэж байгаа учраас манай улстөрчид ч гаргах шийдвэртээ ухаалаг, үнэн байна гэж итгэж байна.
-Жендер, квот гээд ярихаар эмэгтэйчүүдийг эрх мэдэлтэй болгох тухай ойлголт юм шиг хүмүүс хүлээж авдаг л даа. Та үүн дээр юу гэж хэлэх вэ?
-Улс орны бодлого зөв зүйтэй, нийгмийн бүхий л төлөөллийн эрх ашгийг хангадаг байхад хүйсийн тэгш оролцоо хамгийн чухал. Манай хүн амын 50 хувиас илүү нь эмэгтэйчүүд. Тэгсэн атлаа шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн харьцаа ялгаатай байхаар зөв бодлого гарах уу. Өнгөрсөн 30 жилд дандаа эрчүүд давамгайлсан бүрэлдэхүүнээр төрийн бодлого шийдвэр гарч ирсэн. Тэгээд бидний амьдрал хэр сайжрав, яаж өөрчлөгдөв. Тэгэхээр хүйсийн тэгш байдлыг хангах, төлөөллийг тэнцүү хангах тухай ойлголт бол эмэгтэйчүүдийг эрх мэдэлтэй болгох тухай ойлголт огтоос биш гэдгийг дахин хэлье. Монголчуудын түүхэн уламжлалд төрийг зөвхөн эрэгтэй хүн түшдэг гэсэн ойлголт байгаагүй. Харин ч хаан, хатан хамтдаа, гэртээ эхнэр нөхөр цугтаа хэлэлцэж, бодлого шийдвэрээ гаргаж ирсэн түүхтэй ард түмэн. Монголчууд хүчирхэг явж ирсний нэг нууц нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн тэнцвэртэй оролцоо, ухаан, хариуцлагад байсан. Эмэгтэйчүүдийг төр, шийдвэр гаргах түвшнээс ангид байлгах ойлголт бол бидний уламжлалт үнэт зүйл бус, харин олон зууны туршид явсан гадны нөлөө, нийгмийн буруу хэвшлийн үр дагавар гэж хардаг.
Өнөөдөр парламентад сонгогдсон хэдэн эмэгтэй гишүүний тухай яриа биш. Ирээдүйд энэ улсыг хөвгүүдтэйгээ мөр зэрэгцэн авч явах охидын тухай ярьж байгаа юм. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэнэ гэдэг нь зөвхөн нэг хүйсийн асуудал биш, харин бодлогын чанар, нийгмийн төлөөллийн өргөн хүрээний асуудал.
Монгол Улс цөөн хүн амтай, хөгжиж буй орон. Бид хөгжингүй улс болж, эдийн засгаа тэлж, хүн амаа өсгөж, бүс нутагтаа өрсөлдөх чадвартай улс болохын тулд хүн бүрийн оролцоо чухал. Хүйс ялгалгүй улс орныхоо төлөө хүч нэгтгэн хөдөлмөрлөж, боломжоо бүрэн ашиглаж чадсан цагт л бид богино хугацаанд үсрэнгүй хөгжих боломжтой. Нэг жигүүрээр нисдэг шувуу байдаггүйтэй адил эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хамтын оролцоогүйгээр Монгол Улс хурдацтай хөгжих боломжгүй. Тиймээс жeндер, квотын тухай яриа бол эрх мэдлийн тухай маргаан биш, харин Монгол Улсын хөгжлийн стратегийн тухай яриа юм. Энэ асуудлаар би цаашид ч зоригтой дуугарна.
-Та тэгвэл ангийнхаа хөвгүүдтэй нэлээд үзэх болох нь дээ. Тэд квотыг 40 хувьд хүргүүлэхгүй гээд сэм их гүйж яваа сурагтай байсан?
-Квотын 30 ба 40 хувийн зөрүү эрчүүдийн нэр дэвших боломжоос хугаслагдах учраас ийм байдал үүсч байгаа. Гэхдээ бид өнөөдрийн өчүүхэн эрх ашиг биш, маргаашийн том бодлогынхоо төлөө хүлээн зөвшөөрөөд ажиллах л ёстой. Тэгвэл 2023 онд Сонгуулийн тухай батлахдаа яагаад 40 хувь гэж оруулж өгсөн юм бэ. Нүглийн нүдийг гурилаар хуурч хүмүүсийг аргалах гэж үү. Монгол төрийн шийдвэр ингэж гардаг юм уу. Энэ бүхнийг манай хүн амын тал хувь болсон эмэгтэйчүүд зөвшөөрөхгүй л болов уу. УИХ-д 32 эмэгтэй гишүүн байна. Бид ч нэгдэж, хуульчилж өгсөн тэр заалтыг нь сануулна. Тэр үед олонх байсан нам одоо ч олонх байгаа. Алх цохиж байсан хүмүүс нь ч төрийн өндөр албан тушаалтай байгаа. Энэ бол төрийн шийдвэрийг аргацааж гаргадаг, эсвэл нэг шийдвэрээ дараагийн эрх ашгаар үгүйсгэдэг байдлыг зогсоох том жишээ учраас зөвхөн квот ч биш, төрийн бодлого шийдвэрийг эрх ашигтаа нийцүүлэн хөдөлгөдөг буруу соёлыг халах эхлэл болох учраас хэрэв хэлснээсээ өөрөөр явахаар болбол бид зүгээр суухгүй.
-Танай намын эмэгтэйчүүдийн байгууллага, тэр дундаа таны генсекээр ажиллаж байсан байгууллага шинэ удирдлагатай боллоо. Намын бодлого гээд ороод ирсэн хүнийг 90-100 хувиар дэмждэг энэ байдал танд ямар санагддаг вэ?
-Ер нь үеийн үед намын дарга удирдлагууд солигдохоор эмэгтэйчүүдийн байгууллагын дарга нь бодлогын хүн гээд орж ирдэг байсан түүх байдгийг олон нийт ч мэдэж байгаа болохоор би юу хэлэх вэ. Үеийн үед чадварлаг, манлайлагч эмэгтэйчүүд нь гарч ирж, байгууллагаа удирдаж ирсэн байж таарна. Гэхдээ дараагийн баг нь гарч ирэхдээ хуугаар нь өөрчилж, залгамж бодлого хаягддаг. Уг нь дайснууд биш нэг намынхан, нэг үзэл санаа үнэт зүйлээр нэгтгэгдсэн хүмүүс учраас үе үеэрээ хамтраад ажилладаг жишиг зөв санагддаг. Төрийн хувьд ч адил. УИХ-д ч өмнөх парламентад хууль батлахдаа тухайн хуулийн мөн чанар юу байсан, яагаад ийм заалт оруулсан гэдгийг тэр хүмүүс цаг нараа гаргаад ажилласан байхад дараагийнх нь орж ирээд нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга гээд эхнээс нь яриад л, давтаад хийж байхын оронд хамтын ажиллагаатай байж, илүү чамбай, иргэддээ ч, салбартаа ч тустай хууль гаргах хэрэгтэй. Даргын бодлогоор орж ирсэн хүн шууд дарга болдог биш цэвэр бодлого зарчмаараа өрсөлдөж, удирдлагаа тодруулаад нэг даргын багаар биш, үе үеэрээ нэгдэн бодлогоо гаргаад явдаг өөрчлөлтийг магад эмэгтэйчүүд ч эхлүүлэх ёстой байж болох юм.
-Та түрүүнд жагсаалтын гишүүдийн санаачилж байгаа ажил, хуулийн төслийн талаар ярихдаа өөрийгөө дурдсангүй. Та Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг санаачлан ажилласан. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбар тэр дундаа боловсруулах салбарын талаар тодруулж хэлээч?
-Монгол Улс хөдөө аж ахуйн орон гэгддэг атлаа энэ салбарт тус тусын салбар хуулиудаар хэсэгчлэн зохицуулж ирсэн нь бодлогын хувьд цогц байж чадаагүй. Тиймээс Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төслийг санаачилж, салбарыг өртгийн сүлжээгээр нь харж хөгжүүлэх, түүхий эдийг зүгээр экспортлох биш, нэмүү өртөг шингээж үнэ цэнийг дотооддоо бий болгох эрх зүйн суурийг бүрдүүлэх шаардлагатай гэж үздэг. Хөдөө аж ахуйг анхан шатнаас эцсийн бүтээгдэхүүн хүртэл уялдаа холбоотой хөгжүүлэхгүйгээр бодит өсөлт, орлогын нэмэгдэл бий болохгүй.
Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийнхаа 90 орчим хувийг боловсруулалгүйгээр хямд үнээр экспортолж, харин дотоодын хэрэглээнийхээ 90 орчим хувийг гадаадаас импортоор авч байна. Мал аж ахуйн орон атлаа жил бүр 15 сая орчим арьс ширийг бүрэн боловсруулж чадалгүй хаяж байгаа нь бодлогын түвшинд анхаарах ноцтой асуудал.
Гэвч боловсруулах салбар, үйлдвэрлэлийг тэлэхэд бизнесийн орчны хүндрэл бодитоор саад болж байна. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хийсэн “Монголын бизнесийн орчин-2023” судалгаагаар бизнесийн орчны ерөнхий үнэлгээ 2.68 буюу дундаас доогуур түвшинд үнэлэгдэж, 2020 оноос 8 хувиар буурсан байна. Тухайлбал, бизнестэй холбоотой хууль, эрх зүйн орчны үнэлгээ 8.2 хувиар буурсан бол төрийн байгууллагын хүнд суртал, уялдаа холбоо, дүрэм журмын тодорхойгүй байдал нь нэн тэргүүнд сайжруулах шаардлагатай үзүүлэлтээр нэрлэгдсэн. Мөн бизнес эрхлэгчид зөвшөөрөл, лиценз авах үйл явцыг 2.40 гэж үнэлсэн нь зөвшөөрлийн шат дамжлага, хугацаа, бичиг баримтын тоо, хүнд суртал бодит саад болж байгааг харуулж байгаа юм.
Санхүүжилтийн хувьд ч нөхцөл байдал амаргүй. Бизнесүүдийн санхүүжилт авах боломжийн үнэлгээ 2.64 байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүдийн 80 хувь нь бизнесийн зээлийн нөхцөлийг сайжруулах, санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхийг нэн тэргүүнд шаардлагатай гэж үзсэн байна. Хөдөө аж ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиудын хүрээнд миний баримталж буй гол зарчим бол салбарыг салангид зохицуулах биш, харин өртгийн сүлжээгээр нь цогцоор хөгжүүлэх явдал юм. Мал, түүхий эдээс эхлээд боловсруулалт, хадгалалт, ложистик, экспорт хүртэл нэг гинжин системээр хөгжүүлж байж бид түүхий эдийг үнэ цэнэтэй бүтээгдэхүүн болгож чадна.
-Хүнсний аюулгүй байдлын талаар таны хөндөж байгаа агуулгууд бидний хувьд тулгамдсан асуудал. Гэвч энэ талаар шат шатны бодлогуудад хаягдсан санагддаг?
-Хүн амын өсөлтийг дагаж нэмэгддэг нэн тэргүүний хэрэгцээ шаардлага бол аюулгүй, баталгаатай хүнс, найдвартай цэвэр экологийн бүтээгдэхүүн, түүнийг дагасан үйлчилгээ. Манайх үйлдвэрлэгч орон биш, бидний хэрэглээний хүнсний бараг 50 хувь нь гаднаас орж ирдэг. Жишээ нь, Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 66 хувь нь төвлөрч байна. Нийслэлийн бүсэд байгаа иргэдийн хоол хүнсний хангамж, найдвартай байдал, аюулгүй, баталгаатай байдлын талаар бид бодлого шийдвэрүүддээ тун хомс тусгасан байдаг. Нийслэлийн хүн амын өсөлтийн таамаглалыг нөөц, хот орчмын бэлчээр, хотыг тойрсон хүнс үйлдвэрлэгчид, дэд бүтэц, хүрээлэн буй орчин, зам тээврийн төлөвлөлттэй уялдуулан бодитойгоор үнэлэн тодорхойлох шаардлагатай. Бид нийслэлээ баталгаат хүнсээр тогтвортой хангаж чаддаггүй. Мөн жилээс жилд импортын барааны үнэ өссөөр байна. Бид үйлдвэрлэгч орон биш учраас үнийг хянах боломжгүй. Өнөөдөр дарга нар үнийг хянах гэж оролдож байна л даа, гэтэл энэ бол зах зээлийн зарчмаараа явах болохоос тэгж хянагдаад байдаг зүйл ч биш. Дотоодын үйлдвэрлэлээ нэмж байж л үүнийг зогсоож чадна. Жилээс жилд импортын хүнс нэмэгдсээр байгаа нь хүнсний аюулгүй байдал цаашлаад үндэсний аюулгүй байдлын асуудал болчихоод байгаа юм.
Тэгэхээр яаж хүн амын дийлэнх нь шахуу амьдарч байгаа нийслэлийн иргэдийн хүнсний хүрэлцээт байдал, хүнсний аюулгүй байдлыг хангах вэ гэдэг бодлого эргээд хөдөө аж ахуйн бодлоготой холбогдоно. Тиймээс л би хөдөө аж ахуйн үйлдвэрлэгч орон болох хэрэгцээтэй тухай, төрийн бодлого үүн рүү орж явах ёстойг хэлээд байдаг хэрэг л дээ. Хөдөө аж ахуйн тухай хуулийг ярихаар хүмүүс бас төдийлөн ойлгож, хэрэгцээг нь үнэлж өгөхгүй байх тал ажиглагддаг. Харин Хүнсний тухай хуультай холбож хэлж өгөхөөр ач холбогдлыг нь илүү сайн мэдэрдэг.
-Дээр та даатгалын салбарт цогцоор нь өөрчлөлт хийх хэрэгцээ байгаа талаар дурдсан. Энэ талаар олон хүн ярьдаг ч бас ажил хэрэг болгосон нь ховор. Зориглож хийх хүн алга байна л даа?
-Даатгалын тогтолцоог бүхлээр авч үзэж, цогцоор нь өөрчлөх цаг болсон. Аль нэг жижиг даатгалын асуудлыг оруулаад явах биш цогцоор нь өөрчлөлт хийж байж үр дүн нь харагдана. Хүн амынхаа өсөлт, насны бүтцийн өөрчлөлттэй уялдуулан тогтвортой, найдвартай нийгмийн даатгалын санг бүрдүүлж, иргэн бүрийн ирээдүйн нийгмийн баталгааг зохистой түвшинд хангах нь төрийн үүрэг. Одоо даатгалыг хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу яаралтай шилжүүлэхгүй бол татвараа төлсөн иргэнд хуримтлал үүсэх биш, төр урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж энэ үед төлсөн залуусын татвараар өмнөх үеийнхний тэтгэврийг тавьсаар энэ хүртэл явж ирсэн. Мөн олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтын менежментийг сайжруулах, нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, хувийн нэмэлт тэтгэвэртэй болох, нийгмийн даатгалын бодлогыг улс төрийн шийдлээс ангид байлгах гээд хийх олон ажлууд байна. Маш нухацтай сууж, хойш тавилгүй шийдээд явах ажил гэж харж байгаа. Энэ мэт хийж байгаа хийхээр төлөвлөж байгаа олон ажлууд байна даа. Барьж авч зоримог шийдэхгүй бол Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсон асуудлууд байсаар байгаа нь үнэн.
Гал морин жил гарч байна. Морин жилд монголчууд одтой байж, их үсрэлт, дэвшлийг бүтээж ирсэн тухай ярьцгаадаг. Гарч байгаа энэ морин жилдээ бид хаа хаанаа хичээж ажиллахад илүү сайхан жилийг хамтдаа бүтээж чадна гэдэгт итгэж байна даа.
Э.МӨНХТҮВШИН
Эх сурвалж: Өдрийн сонин


0 cэтгэгдэлтэй