Театрын тайзнаа цоо шинэ уур амьсгалыг урлаж, сонгодог зохиолуудыг амилуулдаг “Орфей” театрын хамт олон энэ удаад хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн ижил нэрт драмын жүжгийг үзэгчдэд хүргээд байгаа билээ.
Улаанбаатар хотноо намар цагийн хамгийн анхны театрын үзвэр болж нээлтээ хийсэн тус жүжиг хөшгөө нээсэн цагаас эхлэн үзэгчдийн дунд тасралтгүй шуугиан тарьж буй. Жүжгийн гол дүрүүдэд МУГЖ Д.Баттөмөр, Д.Ганцэцэг нар тоглосон бөгөөд олон уран бүтээлчид багтсан нүсэр багийн нягт хамтын ажиллагааг бид тайзнаас харсан. Мөн тус жүжгийн найруулагчаар М.Батболд, ерөнхий продюсераар Т.Ариунчимэг нар ажиллаж байна.
Харин үзэгчдэд амьдрах эр зориг, хайрлах хүлцэхийн дэнсийг ухааруулж, драмын онцлог, театрын соёлыг мэдрүүлсэн тус жүжиг нь нийт 1.2 тэрбум төгрөгөөр бүтжээ.
“Амьдрахуй” драмын жүжиг Соёлын Төв Өргөөний тайзнаа өдөр бүр 19:00 цагаас тоглогдож байна.
Театрын тайзнаа цоо шинэ уур амьсгалыг урлаж, сонгодог зохиолуудыг амилуулдаг “Орфей” театрын хамт олон энэ удаад Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн ижил нэрт драмын жүжгийг үзэгчдэд хүргээд байгаа билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Орфей театрын хамт олон “Амьдрахуй” жүжгийн эргэн тойрон дахь асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Орфей театрын ерөнхий продюсероор Т.Ариунчимэг “Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” зохиолыг бид Хятад Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн баярыг тохиолдуулан драмын жүжиг болгон хувирган үзэгчдийн хүртээл болгосон байгаа. Энэхүү жүжгийн найруулагчаар М.Батболд, жүжгийн зохиолчоор “Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч, яруу найрагч М.Батбаяр нар ажилласан. Жүжгийн гол дүрд гавьяат жүжигчин Д.Баттөмөр, Д.Ганцэцэг, залуу жүжигчин Г.Отгонбат, Б.Должинсүрэн, ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Б.Нармандах нар тоглосон. Манай театрын урийн сангийн бодлогын хувьд дэлхийн шилдэг, шинэ, сонгодог зохиолуудыг шилж өнөөгийн нийгэмд тулгамдаж байгаа асуудалтай нь холбон нийгэмд ямар агуулга, үзэл санаа хэрэгтэй байгааг судалж жүжиг болгон тавьдаг. Энэ удаа бид анх удаа дорнын тэр дундаа хятадын зохиолуудыг судалж Уй Хуагийн “Амьдрахуй” зохиолыг сонгон жүжиг болгон үзэгчдийн хүртээл болгосон. Продюсерын зүгээс хэлэхэд уг жүжиг нь амьдрал, оршихуйн мөн чанарын талаар болон нийгмийн эмзэг асуудлыг тусгаж чадсанаараа онцлогтой юм” гэв.
“Орфей” театрын найруулагч М.Батболд” Амьдрахуй жүжиг энэ сарын 1-нээс эхлэн тайзнаа тоглогдож эхэлсэн. Энэ хугацаанд маш олон шүүмж, магтаалыг үзэгчид бидэнд өгсөн. Үүнд бид хэд хэдэн тайлбар өгье гэж бодлоо. Зарим хүмүүсийн манай жүжгийг “Хятадаас мөнгө авсан, урд хөршийн зөөлөн хүчний бодлого явуулж байна” гэх зэргээр ярьж, шүүмжилсэн. Бид залуу уран бүтээлчид жүжгээ тавих гэж өр, зээл тавиад бор зүрхээрээ уран бүтээлээ хийдэг. Өнөөдөр манай театрын урлагт том компаниуд хөрөнгө оруулалт хийдэг ийм түвшинд хөгжих болоогүй байна. Монголын театрын урлаг дөнгөж мэргэжлийн түвшиндээ нээгдэж, үзэгчдэдээ танигдаж байгаа. Хятадын зохиолыг яагаад сонгож байна вэ гэдэг асуудал яригдаад байна. Үүнд тайлбар өгвөл хаанахын зохиол байх нь хамаагүй. Учир нь театрын урлаг сэтгэлгээ, оюун санааны хувьслыг үзэгчийн зүрх сэтгэлд ургуулж өгдөг байх ёстой. Ийм утгаараа бид Уй Хуагийн “Амьдрахуй” зохиолыг сонгож жүжиг болгон хувиргасан. Театрын урлаг өөрөө эрх чөлөө байх учиртай. Үүнд улс төр, бизнесийн үзэл санаа орох ямар ч боломжгүй” гэлээ.
0 cэтгэгдэлтэй