Улаанбаатарын “Их дуулга”-д барилдах ОХУ-ын жүдочид Монголд иржээ

tsenzuurmn 4 цагийн өмнө

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг 2026 оны “Их дуулга”-ын тав дахь цуврал тэмцээн манай улсад ес хоногийн дараа эхэлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох энэхүү тэмцээнд таван тивийн 60 орны шилдгүүд зодоглоно. Тэгвэл Улаанбаатарын “Их дуулга”-д зодоглох ОХУ-ын баг тамирчид Монголд иржээ.

Багийн бүрэлдэхүүнд 2023, 2025 оны дэлхийн аварга, 2018 оны багийн ДАШТ-ий хүрэл медаль Инал Тасоев, 2023 оны дэлхийн аварга Арман Адамян, 2025 оны дэлхийн аварга Тимур Арбузов, 2020 оны Токиогийн олимпын хүрэл, 2024 оны ДАШТ-ий хүрэл медальт Мадина Таймозава тэргүүтэн багтсан байна. Түүнчлэн Чиндаогийн гранприд барилдах Токиогийн олимпын хүрэл, 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт Тамерлан Башаев, 2025 оны ДАШТ-ий хүрэл медальт Аюб Блиев нар Монголын багтай хамтарсан бэлтгэл хийхээр иржээ.

“Степп Арена”-д энэ сарын 19-нд эхлэх Улаанбаатарын “Их дуулга”-д ОХУ-аас эрэгтэй 13, эмэгтэй 12 жүдоч барилдана.