Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл хийж байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг: Манай Улс Хүүхдийн эрхийн хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр хууль тогтоомж эрх зүйн орчин бүрдсэн. Өнөөдөр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль зэрэг гол хуулиуд, 50 гаруй дүрэм журам, 10-аад стандарт байна.
Энэ бүхний хэрэгжилтийг хангах чиглэлээр төрийн байгууллагын зүгээс зохих үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаж байна. Гэсэн хэдий ч сүүлийн өдрүүдэд хүүхдүүд хариуцлагагүй байдлаас болж гэмтсэн амиа алдсан харамсалтай хэргүүд гарч байгаад Хүүхдийн байгууллагын зүгээс гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлж байна.
Зөвхөн Хүүхдийн байгууллага хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд иргэд, олон нийтэд чиглэсэн нөлөөллийн олон арга хэмжээнүүдийг зохион байгуулаад, бүхий л хүчээрээ ажиллаж байгаа хэдий ч эцэг эхчүүдийн хариуцлагагүй байдлаас хүүхдээ үл хайхрах байдлаас болж хүүхдүүд гэрийнхээ орчинд аюултай нөхцөл байдалд орж, амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь үнэхээр харамсалтай.
Тиймээс манай байгууллагын зүгээс эцэг эхчүүдээ бид хуулиар хүлээсэн үүргээс гадна, хүнийхээ хувьд эцэг эхийнхээ үүрэг хариуцлагыг биелүүлэх нь тулгамдаад байгаа маш чухал том асуудал юм аа гэдгийг олон нийтэд хүргэх үүднээс энэхүү мэдэгдлийг хийж байна. Бид үйлчилгээг иргэндээ, гэр бүлдээ, хүүхдэдээ хүргэхийн тулд хичээж ажиллаж байна. Хүүхдийн тусламжийн 108 утас 24 цагаар ажиллаж, хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага мэдээллийг хүлээж авч яаралтай тусламжийг үзүүлж байна. Мөн 108 утасны дэргэд Хүүхэд хамгааллын хариу үйлдлийг ажиллуулж байна. 108 утсанд өдөрт 400-500 дуудлага ирдэг.
Бид 108 утасныхаа дуудлагыг ангилаад үзэхээр эцэг эхчүүдийн зүгээс үл хайхрах байдал 70 орчим хувийг эзлээд байгаа нь анхаарахаас өөр аргагүй байдалд хүргэж байна. Улсын хэмжээнд ажиллаж буй түр хамгаалах 34 төв гэр бүлийн хүчирхийллийн хохирогчоор дүүрсэн байна. Уг төвд ирсэн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод хамгаалал, сэтгэлзүй болон хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг. Байгууллагын зүгээс хүүхэд хамгааллын хуульд заасан долоон төрлийн үйлчилгээгээ үзүүлээд явж байгаа.
Бид урьдчилан сэргийлэх олон нийтэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээнүүдийг Цагдаагийн Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг холбогдох байгууллагуудтай хамтарч олон хэлбэрээр зохион байгуулдаг. Гэсэн хэдий ч үр дүн нь бага байгаа нь харагддаг. Түүнчлэн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг холбогдох салбарын байгууллагуудтай олон хэлбэрээр хамтран зохион байгуулдаг хэдий ч үр дүн нь олон нийтэд хүрэхэд бага байна.” гэв.
0 cэтгэгдэлтэй