ОХУ-д ХАВДРЫН ЭСРЭГ АНХНЫ ВАКЦИН-ыг хэрэглэжээ

tsenzuurmn 4 цагийн өмнө

ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, хувь хүний онцлогт тохируулан дотооддоо гаргаж авсан хавдрын эсрэг анхны мРНХ вакциныг хэрэглэж эхэлжээ.

“Неоонковак” хэмээх энэхүү бэлдмэлийг Радиологийн анагаах ухааны судалгааны үндэсний төвд арьсны меланомтой 60 настай өвчтөнд хэрэглэсэн байна. Уг вакциныг өвчтөн бүрт тусгайлан зориулан боловсруулдаг бөгөөд хавдрын эсүүдтэй тэмцэх дархлааны тогтолцоог идэвхжүүлэхэд тустай юм байна.

Гамалайн нэрэмжит эрдэм шинжилгээ-судалгааны төвийн эрдэм шинжилгээний удирдагч А.Гинцбургийн хэлснээр, уг вакцин нь үсэрхийлэл (метастаз)-ийг зогсооход тустай. Энэхүү бэлдмэл нь хавдрын бүх эсийг таньж, устгах чадвартай бөгөөд дархлааны системийг “тохируулах” чадвартай юм.

ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко хавдрын эсрэг вакциныг эмнэлгийн үнэ төлбөргүй тусламжийн хөтөлбөрт хамруулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв.

Оросын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Г.Красников дээрх бэлдмэлүүдийг боловсруулах ажлын талаар ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа ОХУ-д хавдар болон аутоиммун өвчний эсрэг шинэ үеийн хэд хэдэн вакциныг гаргаж авахаар ажиллаж байгаа талаар мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн Оросын эмийн салбарын ололт амжилт цаг хугацааны шалгуурыг давж ирснийг сануулав. Тухайлбал, “Спутник” вакцин нь гадаадын ихээхэн сурталчлагдсан вакцинуудтай харьцуулахад дэлхийд хамгийн өндөр үр дүнтэйд тооцогдсон бөгөөд гадаадын вакцинуудад сөрөг нөлөө илэрч байсныг тэмдэглэжээ.