21-р зуун гарсаар бидний дэлгэц ширтэх цаг өдрөөс өдөрт ихэссээр л… Дэлхий дахинд идэвхтэй ашиглагддаг гар утасны тоо 8 тэрбумд хүрдэг бол жил бүр 20 тэрбум орчим аппликейшн зах зээлд нэвтэрдэг байна. Үүнийг дагаад дэлгэцийн хамаарал нэмэгдсээр буй.
Дэлгэцийн хэрэглээ аль хэдийн бидний өдөр тутмын энгийн дадлуудын нэг болсон ч хүүхдүүдэд дараах сөрөг үр дагаврыг үзүүлдэг:
· Нойргүйдэл
· Амьд харилцааны чадвар муудах
· Таргалалт болон хөдөлгөөний дутагдал
· Өөрийгөө бусадтай харьцуулах
· Мэдээллийн аюулгүй байдал алдагдах
· Сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг
· Төрөлх зан авирт өөрчлөлт ордог
· Ядаргаа зэрэг маш олон төрлийн сөрөг үр дагаварт хүргэдэг
Тиймээс, та доорх зарчмуудыг хэрэгжүүлэн хүүхдийнхээ болон гэр бүлийнхээ амьдралын хэв маягт дэлгэцтэй зөв харьцах дадлыг хэвшүүлээрэй.
Дүрэм бол дүрэм
Хүүхдийнхээ хэрэгцээ шаардлага дээр үндэслэн дэлгэц ашиглалтын дүрэм гаргаарай. Анхнаас нь хүүхдэдээ дүрмийг танилцуулж, түүнийгээ хамтдаа хэрэгжүүлэх нь цаашид дадал зуршил болгон хэвшүүлэхэд тустай. Хүүхдэд тань туйлын хүндэтгэх шалтгаангүй л бол уйлах, уурлах, “дахиад тавхан минут” гэх гуйлтад битгий буулт хийгээрэй. Хэрэв та хүүхдийнхээ ятгалгад автаж тогтоосон дүрмийг зөрчвөл, энэ нь дүрэм биш таны шийдвэр болж хувирна. Харин хүүхдийн тань сэтгэл зүйд дүрэмд биш эцэг эхдээ гомдох нөхцөлийг бүрдүүлдэг.
Хэрхэн дүрмийг зөв тогтоох вэ?
Таны болон хүүхдийн тань сонирхлоос хамаараад дүрэм өөр өөр байж болох ч та дараах зөвлөмжүүдийн дагуу хэрэгжүүлж болно.
1. Уян хатан байх – Ажлын өдөр, амралтын өдөр, хичээлийн амралт гэх зэргээс хамаараад хүүхдийн тань дэлгэцийн хэрэглээ өдөрт хэдэн цаг, хэзээ хэрэглэх талаар хүүхэдтэй тохиролцох
2. Өсөж томрохын хэрээр тэдний сонирхол өөрчлөгдөх тул тогтоосон дүрмээ улирал болгон эргэж харж солих нь зүйтэй, мөн хэрэглэх цагийг бага багаар нэмж хэрэгтэй мэдээлэл авах боломжийг нэмэгдүүлэх
3. Унтахаас 30-60 минутын өмнө дэлгэцийн хэрэглээг зогсоох
Ихэнх эцэг эхчүүдийн дунд нийтлэг ажиглагддаг алдаа бол хүүхдээ саатуулах үедээ утас эсвэл зурагт үзүүлэх юм. Дэлгэц үзээд хүүхэд тухайн хоромд саатаж болох ч давтамж нэмэгдсээр байх ба энэ нь даамжирч дэлгэцийн донтолтод хүргэх эрсдэлтэй. Тиймээс, та хүүхдээ энэхүү буруу дадалд аль болох битгий хөтлөөрэй.
Үзэж буй контент-д хяналт тавих
Та хүүхдийнхээ үзэж буй контент, тоглож буй тоглоомын агуулгыг судалж, өөрийн биеэр туршиж үзсэнээр сэтгэцэд хэрхэн нөлөөлж байгааг мэдэх боломжтой. Учир нь цахим сүлжээнд байрлах олон тооны контент, тоглоом нь хүүхдийн сэтгэцийн хөгжилд сөргөөр нөлөөлөх агуулгатай байдаг.
Нөгөөтээгүүр контент, тоглоомын агуулга чанартай байх нь хүүхдийн тань тархины үйл ажиллагаа, сэтгэхүйг хөгжүүлэх давуу талтай. Үүнээс гадна 14 хүртэлх насны хүүхдийн цахим хаягуудын нууц үгнүүдийг мэддэг байх нь зохистой. Учир нь хүүхэд рүү чиглэсэн кибер дарамт ирэх, зохисгүй мэдээллийг хүлээж авах, хувийн мэдээллээ алдах зэрэг эрсдэлүүд байдаг. Тухайн сувгаар ямар мэдээлэл авч байна, хэнтэй харьцаж байна гэдгийг хүүхдэдээ эвгүй сэтгэгдэл үлдээлгүйгээр нээлттэй хэлэлцэж аюулгүй байдлыг нь хангаарай.
Гэр бүлд зориулах цаг бол гэр бүлийнх
Хоолны ширээ болон гэр бүлээрээ өнгөрөх цагтаа та өөрийн болон хүүхдүүдийн утасны хэрэглээг хязгаарлаарай. Монгол эцэг эхчүүдийн дунд хүүхдэдээ хэр зэрэг чанартай цаг гаргадаг талаарх судалгаа хийгдсэн байдаг. Үр дүнд нь нэг гэр бүл дунджаар 20-25 минутыг л өдөртөө гаргаж байгаа гэдгийг тодорхойлсон бөгөөд энэ нь маш чамлалттай гэж ойлгож болно. Гэр бүлээрээ өнгөрөөх цагаа дэлгэц ширтэж өнгөрөөнө гэдэг харамсалтай биш гэж үү?
Гэр бүлээрээ чанартай цагийг өнгөрөөх нь хүүхдийн хүнтэй харилцах, ярих чадварыг сайжруулах, гэр бүлийн дундах үл ойлголцлыг багасгаж, нийгмийн амьдралд нь эерэг хувь нэмрийг оруулах юм.
Хүүхэд гэр бүлийн толь
Хүүхэд бол таны тусгал. Тэд үг гэхээсээ илүүтэйгээр үйлдлийг дуурайдаг. Тиймээс, та хүүхдийнхээ хажууд байхдаа өөрийн дэлгэцийн хэрэглээг цэгнэхээ мартуузай. Дээр дурдсанчлан дэлгэц ашиглалтын хуваарь гаргахдаа хүүхдэд та өөрийн хэрэгцээ, шаардлагыг тайлбарлаж, харилцан зөвшилцөх хэрэгтэй. Ингэснээр зөвхөн хүүхдэд хязгаарлалт байгаа бус гэр бүлд энэ дүрэм ижил үйлчилж байгааг ойлгохын зэрэгцээ, түүнийг сөрөг талаас нь хүлээж авахгүй юм.
Түүнчлэн аливаа асуудлын учир шалтгааныг ойлгож чадваас шийдвэр гаргахад илүү хялбар байдаг шүү дээ. Иймд, яагаад дэлгэцийг аль болох бага ашиглах ёстойг та хүүхдүүддээ тайлбарлаарай.
0 cэтгэгдэлтэй