Б.ТУУЛ
Эх оронд минь хаврын урь орж, байгаль дэлхий өнгө засаад, цаг наашилж байна. Энэ өдрүүдэд алс холыг зорьсон аялагчид бас замдаа гарсаар байна. Хэд хоногийн өмнө бид Монголын мотоциклтой охид болох Н.Оргилмаа, Э.Эрдэнэчимэг нар 10 улсын нутаг дэвсгэрийг хоёр сарын хугацаатай мотоциклиор туулах холын замд гарч байгаа тухай мэдээлж байсан. Тэгвэл энэ удаа Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулан ОХУ-ын казакууд Монгол Улс руу морин аялал хийж байгаа тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Морьтой аялагчид энэ сарын 27-нд замдаа гарлаа
Морьтой аялагчид Оросын Курган хотоос энэ сарын 27-ны өдөр буюу өнгөрсөн бямба гаригт замдаа гарлаа. Тэд нийт 4100 км замыг 135 хоногт туулж, Улаанбаатар хотод ирэх төлөвлөгөөтэй аялаж байна. Тодруулбал, ОХУ-ын морьтой аялагчид ирэх есдүгээр сард Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборт хүндэтгэлийн цэцэг өргөснөөр Халх голын ялалтын ойд зориулсан морьтой аялал өндөрлөх ажээ.
Энэхүү олон улсын морин аялагчдын санаачлан зохион байгуулж буй аялал болон ажил үйлсийг хүндэтгэж, Монголд “Мамбадацан” хийдийн тэргүүн хамба лам, Монгол Улсын хүний гавьяат эмч, профессор, гэвш, Д.Нацагдорж номын ерөөл айлдаж, Халх голын ялалтын баярын 85 жилийн ойд зориулсан энэхүү арга хэмжээг хүндэтгэн дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Энэхүү үйл явдлыг Монгол, Орос хоёр улсад цахимаар шууд дамжуулж, зохион байгуулагчид нь мэдээлэл солилцож, Мамбадацан хийдээс ном уншиж аян замыг нь ерөөсөн юм. Олон улсын морин аялагчдын багт Курган хотын казак иргэд болох Сергей Попов, Рустем Жига нар монгол, орос хоёр морьтой аялалын замдаа гарсан юм. Тэднийг “Курган казак” нийгэмлэгийн гишүүн Юрий Лысенко машинтай дагалдаж, морины ус тэжээл, аялалын замд хэрэг болох ачаа тээшийг тээвэрлэж яваа аж. Энэхүү арга хэмжээний төгсгөлд “Мамбадацан” хийдийн тэргүүн хамба лам Д.Нацагдоржийн сэтгэгдлийг сонссон юм.
Д.Нацагдорж: Халхын голын дайны түүхийг бид мартаж болохгүй
-Юуны өмнө Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулан ОХУ-ын казакууд Монгол Улс руу морин аялал хийж байгаа тухай сонсоод, бахархаж хүндэтгэж хүлээж авлаа. Манай хоёр улс олон жилийн турш найрсаг харилцаатай, ах дүүгийн дотно сайхан нөхөрлөлтэй явж ирсэн. Мөн нөгөөтэйгүүр Монгол Орос хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 103 жилийн ой, Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн түүхт ой тохиож байна. Энэхүү ойг угтаад ийм эрэлхэг залуус морьтой холын зам туулж, Монгол эх оронд минь аялах гэж байгаад баяртай байна. Би багадаа хөдөө морь унаж өссөн хүүхэд. Морин дэл дээр эр хүний хийморь сэргэж, монгол хүн бүр морио дээдэлж, хүндэтгэн дээдэлж ирсэн. Тиймээс морьтой аялагчдын энэ санаачлагыг дэмжиж, талархан хүлээн авч байна.
Мөн хүндэтгэн дурсах ёстой бас нэг зүйл нь, одоогоос 85 жилийн өмнө дэлхий нийтийн анхаарлыг татсан нэгэн үйл явдал Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон халхын голын дайн юм. Энэ хүнд хэцүү цаг үед бид Монгол-Оросын баатарлаг эрчүүд, хэдэн мянган эх оронч хөвгүүдийнхээ эх оронч сэтгэл, эр зоригоор Монгол эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө тэмцэж, энэ том дайнд ялалт байгуулсан юм. Мөн түүхэндээ мартаж боломгүй их гарз хохиролыг амсаж, хэдэн мянган залуус халуун амиа өргөсөн билээ. Энэ түүхт үнэн, эх орны үнэ цэн, тусгаар тогтнол ямар их үнээр бидэнд олдсныг монголчууд бид үеийн үедээ санаж явах ёстой.
Мөн ирээдүй хойч үе, хүүхэд залуус маань энэ түүхэн ялалтыг мартаж болохгүй, хүндэтгэн дурсаж явах учиртай. Тиймээс өнөөдрийн энэ морьтой аялагчдын санаачлан зохион байгуулж буй аялалд чин сэтгэлээсээ бид залбирч эрүүл энх, сайн сайхныг хүсэж, саад тотгор бүхнийг арилгахын төлөө хичээнгүйлэн залбирч номын ерөөл өргөх болно. Сайн сайхныг хүсэн залбирч байх болно” гэв.
0 cэтгэгдэлтэй