Ерөнхийлөгч Владимир Путин амралтын өдрүүдэд болсон Оросын ерөнхийлөгчийн сонгуульд илт давуу дүнгээр ялалт байгуулсан нь урьдчилсан дүнгээс тодорхой болжээ.
Олон нийтийн санал асуулгын сан (FOM)-ийн дүнгээс үзвэл Путин 87.8 хувийн санал авсан нь Зөвлөлтийн дараах орчин үеийн Орос орны түүхэн дэх хамгийн өндөр дүн аж. Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төв (VCIOM) мөн Путинг 87%-ийн саналаар ялсан гэж дүгнэжээ.
Гэсэн ч АНУ, Герман, Их Британи болон бусад улс орнууд улс төрийн өрсөлдөгчдийг шоронд хорьсон, мөн их хэмжээний хяналт шалгалтаас шалтгаалж санал хураалтыг чөлөөт, шударга бус явагдсан гэж үзэж байна.
Коммунист намаас нэр дэвшсэн Николай Харитонов дөрөв хүрэхгүй хувийн саналаар хоёрт, шинээр сонгогдсон Владислав Даванков гуравт, хэт үндсэрхэг үзэлтэй Леонид Слуцкий дөрөвт оржээ.
Путин ялалт байгуулсныхаа дараа Москва хотноо дэмжигчдэдээ хандаж Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-тай холбоотой сорилтуудыг нэн тэргүүнд тавьж, Оросын армийг хүчирхэгжүүлэх болно гэж мэдэгджээ.
“Бидний өмнө олон ажил байна. Гэхдээ бид нэгдмэл байх үед – хэн ч биднийг айлгах, дарахыг хүссэн хамаагүй – хэн ч түүхэнд амжилтад хүрч байгаагүй, одоо ч амжилтад хүрэхгүй, ирээдүйд ч амжилтад хүрэхгүй” гэж хэлэв.
Өнгөрсөн сард Арктикийн шоронд нас барсан сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн санаачилснаар олон мянган сонгогч ням гарагийн 12:00 цагт Орос болон гадаад дахь сонгуулийн хэсгийн хороодод Путинийг эсэргүүцэн жагсжээ.
Харин Путин ардчилсан сонгууль болсон гэж үзэж байгаагаа хэлээд Навальныйн санаачилсан эсэргүүцэл нь сонгуулийн үр дүнд нөлөөлөөгүй гэж мэдэгдэв.
Тэрээр Навальныйн үхэлтэй холбоотой анх удаа олон нийтийн өмнө мэдэгдэл хийж буй нь энэ бөгөөд тэрээр түүний үхлийг “гунигтай үйл явдал” байсан гэж хэлээд, хоригдол солилцоход бэлэн байсан гэдгээ хэлжээ.
Санал хураалт хаагдах үед улсын хэмжээнд ирц 74.22 хувьтай байсан нь 2018 оны 67.5 хувийн ирцээс давсан үзүүлэлт аж.
Одоогоор сөрөг хүчний эсэргүүцэлд хэдэн оролцсон талаар хараат бус тоо гараагүй байна. “Reuters”-ын мэдээлснээр Москва, Санкт-Петербург, Екатеринбург зэрэг хотын сонгуулийн хэсгийн хороодод үд дундаас хойш мянга мянган хүн дараалал үүсгэжээ.
Эх сурвалж: Reuters
0 cэтгэгдэлтэй