ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ оны гуравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд болж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд 2008 оноос хойш анх удаа дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж буй. Тодруулбал, ЛДПР намын дарга Леонид Слуцкий, Төрийн Думын дэд дарга, “Шинэ ард түмэн” намын гишүүн Владислав Даванков, Төрийн Думын депутат (Коммунист намын фракц) Николай Харитонов, тус улсын одоогийн ерөнхийлөгч, бие даан нэр дэвшиж буй Владимир Путин нар юм.
Энэ удаагийн сонгуульд 18 насанд хүрсэн, бичиг баримтын бүрдэл хангасан, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа болон дамжин өнгөрч буй ОХУ-ын иргэд саналаа өгч байна.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков өнөөдөр ОХУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх 14 дүгээр сургуульд байрлах хэсгийн хороонд очиж саналаа өгөв. Улаанбаатар болон Дархан хотод нийт санал авах 2 хэсэг ажиллаж байгаа бөгөөд Элчин сайд А.Н.Евсиковыг саналаа өгснийх нь дараа сонгуулийн явцын талаар тодруулсан юм.
– ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах хэсэг гадаадын хэдэн оронд ажиллаж байна вэ?
-ОХУ-тай дипломат харилцаатай бараг бүх оронд санал хураах хэсэг ажиллаж байна. Жишээ нь, Балтийн тэнгисийн зарим оронд санал хураалтыг хилийн ойролцоох газар нутагт зохион байгуулж байна. Латви, Эстонид ОХУ-ын иргэд тусгай автобусаар хилээр нэвтэрч, саналаа өгч буй. Харин найрсаг харилцаатай Монгол зэрэг улс оронд хилийн чанадад санал хураалт явуулдаг журмын дагуу зохион байгуулалтыг ханган ажиллаж байна.
-Монгол Улсад ажиллаж амьдардаг ОХУ-ын иргэд өнөөдөр Ерөнхийлөгчөө сонгохоор саналаа өгч байна. Нийт хэдэн иргэн санал хураалтад оролцох вэ?
-Энэ удаагийн сонгуульд манай улсын нийт 2000 гаруй иргэн саналаа өгнө. Сонгогчдын ирц нэлээд өндөр дүнтэй гарах болов уу гэж бодож байна. Учир нь манай иргэд өглөөнөөс эхлээд санал хураалтад идэвхтэй оролцож байна. 11:00 цагийн байдлаар, санал өгвөл зохих иргэдийн бараг дөрөвний нэг нь саналаа өгчихөөд байна.
-Сонгуулийн эцсийн дүнг хэзээ зарлах вэ?
-Сонгуулийн урьдчилсан дүн даваа гарагт буюу маргааш гарна. Даваа гаргийн орой гэхэд сонгогчдын 90 хувь нь хэнийг дэмжсэн нь тодорхой болно. Сонгуулийн өмнө явуулсан олон нийтийн санал асуулгын дүн, мөн саналаа өгчихөөд гарч ирж байгаа сонгогчдын дунд явуулсан ОХУ-ын Социологийн судалгааны хүрээлэнгийнхний санал асуулгын дүнгээс харахад, одоогийн Ерөнхийлөгч В.В.Путин саналынхаа тоогоор тэргүүлж байгааг харж болно.
0 cэтгэгдэлтэй