“… Эрхэм анд нөхөд өө!
Эрхэм хүндэт найз нар аа!
Орос улсын “Эх орноо хамгаалагчдын баяр”-ын хүлээн авалтад хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт нөхөд, Монголын ахмад дайчид та бүхэндээ Орос-Монголын дайчин нөхөрлөлийн түүхийн тухай дурсамжийг сэргээн сануулж, бас хойч үедээ хадгалан үлдээж байгаад талархал илэрхийлье”…хэмээн хэлэх хурлын эхний үгнээс…”Улс эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн Монгол-Зөвлөлтийн эгэлгүй дайчдын баатарлаг гавьяаг бахдах сэтгэл эрхгүй төрөх ажээ.
Энэ бол ОХУ-д жил бүрийн хоёрдугаар сарын 23-нд улс даяараа өргөн дэлгэр тэмдэглэдэг “Эх орноо хамгаалагчдын өдөр”-т зориулсан Монгол дахь Элчин сайдын яамны хүндэтгэлийн хүлээн авалтын баярын хурлын эхлэл юм. Эрэлхэг дайчид, цэрэг эрсийн алдар сууг магтан дуулдаг, бахдан урамшуулдаг, хүндэтгэн дурсдаг энэхүү өдрийг өнөө цагийн Орос улс 1922 оноос хойш тэмдэглэсээр иржээ.
“Эх орноо хамгаалагчдын өдөр” нь ОХУ-д орос цэргийн баяр гэхээс илүүтэй эх орноо гэсэн сэтгэлтэй хүн бүрийн баяр учраас айл гэр, анги хамт олон, албан байгууллагаараа энэ өдрийг хүндэтгэн тэмдэглэдэг хамгийн чухал баяруудын нэг юм. Тэр утгаараа “Эх орноо хамгаалагчдын өдөр”-ийг угтан энэ сарын 22-нд ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулж, Монгол Улсын ахмад дайчдад хүндэтгэл үзүүлсэн юм.
Он жилүүд урсан одоход хүний ой ухаанаас олон зүйлс бүдгэрч балардаг жамтай. Харин гагцхүү түүх үнэнээрээ үлдэж, түүхэн үйл явдлын үнэ цэн улам бодитойгоор үнэлэгддэг. Тэр утгаараа энэхүү хүлээн авалтын хүндэт зочноор 1939 оны Халхголын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1948 оны Баруун хилийн зэвсэгт мөргөлдөөн зэрэг Монгол Улсын байлдааны ажиллагаанд оролцож байсан ахмад дайчид хоймрын суудалд тухалсан байлаа.
Мөн Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй Зэвсэгт хүчний жанжин штаб, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гадаад харилцааны яам зэрэг Монгол Улсын төрийн байгууллагуудын төлөөлөгчид, Дипломат корпусын гишүүд, шинжлэх ухааны болон олон нийтийн байгууллагуудын төлөөлөл, Оросын эх орон нэгтнүүд хүрэлцэн ирсэн байна.
Энэ өдөр Оросын ихэнх хотуудад баярын парадыг зохион байгуулж, цэргийн болон агаарын нислэгийн үзүүлбэрийг үзүүлж, ахмад дайчид болон одоо армид алба хааж буй цэрэг эрсэд хүндэтгэл үзүүлдэг. Мөн эх орондоо эр зориг, авахаалж самбаа, халуун амь, бүлээн цусаа зориулсан эрхэм дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэлийн жагсаал зохион байгуулдаг билээ. Тийм учраас энэ өдрийг бүх Оросын ард түмэн ажлын бус бүх нийтийн амралтын өдөр болгон өндөр ач холбогдол үзүүлж, тэмдэглэдэг юм байна. Энэ өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон цэрэг армийн бусад удирдлагууд ОХУ-д цэргийн албыг нэр төртэй хааж, орчин үеийн батлан хамгаалах, аврах албаны үндэс суурийг тавьсан ахмад дайчдад онцгой талархал илэрхийлэхын сацуу Орос орны аюулгүй байдал, амар амгалан амьдралыг хамгаалж байгаа бүх хүмүүст халуун баяр хүргэж, шагнаж урамшуулдаг юм байна.
Тэр утгаараа энэхүү “Эх орноо хамгаалагчдын өдөр”-ийн хүлээн авалтад оролцож буй зарим албаны хүмүүст хүндэтгэл үзүүлж, шагнаж урамшуулсан юм. Мөн уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээсээ өргөн барьсан юм.
Энгэртээ одон медалиа гялалзуулан суух ахмад дайчдыг танилцуулбал, чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Б.Шагдар , У.Доржпалам, Ш.Цэрэндамба, Г.Шагдар нар хүрэлцэн ирсэн байлаа. Мөн Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчин, цорын ганц амьд гэрч гэгдэх 100 настай буурай Ц.Чимэдцэрэн гуай, мөн 1948 оны хилийн тулгаралтад оролцсон ахмад дайчин Г. Манья, Т.Батсуурь, Н.Батмөнх нар хүрэлцэн ирсэн байна. Мөн энэ өдрийн хүрээнд ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол Улсын баатар, Маршал Г.К.Жуковын хөшөө болон Зайсан толгой дахь Зөвлөлийн цэрэг дайчдын дурсгалын хөшөөнд холбогдох албаны хүмүүс цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм. Дээрх хүлээн авалтын арга хэмжээг нээж, албаны хүмүүсийн хэлсэн үгийг хүргэе.
Эх орноо хамгаалсан үе үеийн дайчдад талархал илэрхийлье
ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков:
-Оросын ард түмний бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баяр нь манай улсын арми, далайн цэргийн баатарлаг түүх, эх орноо хамгаалсан үе үеийн тасалшгүй холбоо зэргийг билэгддэг. Эх нутаг, ард түмнийхээ төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй дайсантай дайтаж, аливаа сорилтыг нэр хүндтэй даван туулж, гаднын дарангуйллыг бут цохисон манай эх орны үнэнч иргэдэд та бидний зүгээс гүн талархал илэрхийлэх баяр юм.
Өнөө үед Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өвөг дээдсийнхээ цэргийн алдрын уламжлалыг залгамжлан Украин дахь цэргийн тусгай ажиллагааны явцад Орос Улсын тусгаар тогтнол, үндэсний эрх ашгийг хангах амаргүй даалгаврыг амжилттай биелүүлж байна. Манай цэрэг Украины газар нутагт эхээ авсан шинэ нацизмтай баатарлагаар тэмцэж, манайх гэж түүхэнд бичигдэн үлдсэн газар нутагт манай ард иргэдийг хамгаалахын тулд эр зориг гаргаж, хамаг хүчээ зориулан дайтаж байгаа билээ.
Орос Улс одоо дан ганц Киевийн дэглэмийн зэвсэгт бүлгүүдтэй биш Украиныг зэр зэвсэг, галт хэрэгсэл, техник тоног төхөөрөмж, тагнуулын мэдээлэл, цэргийн зөвлөгч, зааварлагчдаар ханган сөргөлдөөнд гар биеэр оролцох болсон нийт барууны орнуудтай дайтаж байгаа юм. Энэхүү хүлээн авалтад хүрэлцэн ирсэн Монголын ахмад дайчид байлдааны ажиллагаанд оролцож, ар талдаа ажилласан дурсамжаа хуваалцаж, ОХУ-ын зүгээс өөрсөд нь анхаарал хандуулж, Орос-Монголын дайчин нөхөрлөлийн түүхийн тухай ой санамжийг хадгалан үлдээж байгаад талархал илэрхийлье.
Оросын ард түмэнд “Эх орноо хамгаалагчдын баяр”-ын мэндийг уламжилья
Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай:
– ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон эрхэм нөхөд өө. Монгол Улсын Батлах хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, бие бүрэлдэхүүний өмнөөс Орос Улсын “Эх орноо хамгаалагчдын баяр”-ын мэндийг уламжилъя. Монгол Орос хоёр улсын дипломат найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. Тэр тундаа хоёр улсын Батлах хамгаалах салбар, зэвсэгт хүчний салбар улам өргөжин хөгжиж байгааг энэхүү баярын өдөр онцлон хэлэхэд таатай байна.
Өнгөрсөн зуугаад жилийн хугацаанд олон амаргүй давааг хамтдаа даван туулсан. Үүний нэг том жишээ бол Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ой тохиож буй явдал юм. Монгол Улсын Засгийн газраас Халх голын 85 жилийн ойг угтан Зохион байгуулах хороог байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлыг Батлан хамгаалахын сайд ахалж байна. Энэ ажлын хүрээнд олон ажлыг хийхээр төлөвлөж байна. ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хамт олон болон Монгол Улсад ажиллаж амьдардаг Оросын ард түмэнд “Эх орноо хамгаалагчдын баяр”-ын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэв.
0 cэтгэгдэлтэй