Энэ удаагийн “Эрүүл мэнд” буландаа хүүхдийн сэтгэл зүйн асуудлаар “Better Mind” нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлгийн сэтгэл засалч, сэтгэцийн эмгэг судлаач М.Мандахтай ярилцлаа.
-Хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээг хэрхэн хангах ёстой вэ?
-Хүн төрөлхтний амьдралын гол утга учир бол үр хүүхэд байдаг. Тиймээс материаллаг хэрэглээнээс илүү хүүхдийнхээ сэтгэлийн хэрэгцээг хангах хэрэгтэй. Хүүхдийн сэтгэлийн хэрэгцээ хангаагүйгээс насанд хүрэхэд нь нойргүйдэл, сэтгэл гутралд өртөмтгий, амархан санаа зовдог, хосын харилцаан дээр тогтворгүй, донтох эмгэгт өртөх нь илүү ажиглагддаг. Эмнэлэгт хандаж байгаа насанд хүрэгчидтэй ярилцахад ихэвчлэн хүүхэд насанд эцэг эх нь сэтгэл зүйн хэрэгцээг хангаагүй байсан. Хүүхэд ээж аавдаа 100 хувь хайрлагдаж, гэр бүлийнхээ хайран дунд байгаа гэдгээ мэдэрч өсөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүүхэд намайг хайрлаач, анхаараач гэж хайр нэхэх биш хайрлагдсан гэдэгтээ 100 хувь итгэлтэй байх. Хайраар дутаагүй өссөн хүүхэд том болоод өөртөө итгэлтэй болж өсдөг. Авахыг хүссэн, хэлье гэсэн зүйлээ хэлчихдэг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг зан чанар төлөвшинө. Ингээд хэлчихвэл намайг буруутгахгүй, загнахгүй, би хэцүү байдалд орохгүй гэдгээ мэдэрдэг хүн болгож өсгөх хэрэгтэй. Ингэж хүмүүжүүлэхийн тулд бага шүүмжлэх, зэмлэх, хүүхэдтэйгээ найз шиг нь харьцах хэрэгтэй. Хүүхдийг биеийн болон сэтгэл зүйн дарамтад оруулбал том болоод санаа зовомтгой, түгшимтгий, өөртөө итгэлтэй бус, бусдад удирдуулдаг болох сэтгэл зүйн үндсийг тавьж өгдөг.
-Эмнэлэгт хандаж байгаа хүүхдүүдийн сэтгэл зүй ихэвчлэн юунаас болж гэмтсэн байдаг вэ?
-Өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн гэр бүлийнхэн, үеийн найз нөхөдтэйгөө таарамжгүй байдлаас болж стрессийн шалтгаантай сэтгэл зүйн асуудалд өртсөн байдаг. Үүнээс болж сэтгэлээр унах, гутрах, айх, түгших, нойргүйдэл голчлон тохиолддог. Өсвөр насны хүүхэд сэтгэл нь хямарч, аливаа зүйлд санаа зовж түүнийгээ ээж аавдаа хэлэхэд ойлгодоггүй хандлага гарах нь бий. Тухайлбал, “Чиний насан дээр гутарна, нойргүйтнэ гэж байхгүй. Хүүхэд юу гэж ядардаг юм” гэсэн хандлагаар хүлээж авдаг. Хүүхэд өөрт үүссэн нөхцөл байдлаа ээж аавдаа хэлэхэд өөрийг нь буруутгаж, үгүйсгэсэн хандлага гаргахад дахин сэтгэлээ нээхээ болиод дотроо хадгалчихдаг. Мөн ангийн найз нөхөддөө ярихаар санаа зовж, ичдэг. Ингээд өсвөр насны хүүхэд сэтгэлээ нээж ярилцах хүн байхгүйгээс олон сар, жилээр сэтгэл зүйн асуудлаа хуримтлуулж явсаар эмчилгээ шаардлагатай гутрал, түгшилт, нойргүйдэхэд өртсөн байдаг.
-Насны онцлогоос шалтгаалж хүүхдийн сэтгэл зүй гэмтэх шалтгаан нь ялгаатай байдаг байх?
-Тийм ээ. Бага ангийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүд стресст хурдан өртөх магадлалтай. Яагаад гэвэл хэл ярианы хувьд бүрэн хөгжөөгүй байдагтай холбоотой. Гутарсан, гомдсон, айснаа чухам юунаас болсон бэ гэдгээ бүрэн илэрхийлж чадахгүйгээс бага насны хүүхдүүд мэдрэлийн ядаргаанд илүү өртдөг. Хөл гарынхаа хумсыг мэрэх, арьсаа цулгаах, хувцасныхаа энгэрийг шүдээрээ мэрэх, нүд нь ойр ойрхон анивчих, уур бухимдалтай болох. Уурлахаараа юм өшиглөх, шидэх, хүн цохих шинж тэмдэг нь хүүхэд стресстэй байна, анхаарах болсон гэдгийг илтгэдэг.
-Хүүхдийн сэтгэл зүй гэмтсэн тохиолдолд ямар эмчилгээ илүү үр дүнтэй вэ?
-Өсвөр насны хүүхдэд бүлгийн сэтгэл засах эмчилгээ илүү үр дүнтэй. Адилхан сэтгэл зүйн асуудал тулгарсан, ойролцоо насны хүүхдүүд мэргэжлийн эмч хамт суугаад ярилцахад сэтгэл доторхоо илүү нээж ярьдаг. Энэ нь өсвөр насны хүүхдүүд бүлгэрхэг сэтгэлгээтэй байдагтай холбоотой. Харин бага анги, цэцэрлэгийн насны хүүхдүүд сэтгэл нь ямар байгаа, ядарч байгаа эсэхээ ярилцаад илэрхийлэх боломжгүй учраас тоглоомын сэтгэл зүйн аргууд ашиглах боломжтой. Хүүхэд тоглонгоо гэр бүлд ямар асуудал байгааг дүрсэлж гаргадаг.
-Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ ямар алдаа гаргадаг вэ?
-Онц сурах, сайн байх, хамгийн мундаг нь байх хэрэгтэй. Тэнд хүрч болохгүй, энийг ингэж л өрж тавих хэрэгтэй гэх хандлага их байдаг. Хичээл дээрээ хангалтгүй дүн авбал сэтгэлийн болон биеийн шийтгэл ирдэг. Сэтгэлийн гэдэгт загнах, шийтгэх, ямар нэг эрхийг нь хаах. Биеийн шийтгэлд зодох орно. Үүнээс болж хүүхэд насанд хүрээд ажил, амьдрал дээр гараад биеэ дааж юм хийхээр энэ зөв үү, буруу юу, ингэвэл яах бол гэсэн өөртөө итгэлгүй, эргэлзэмтгий, түгшимтгий болдог.
-Тэгэхээр хүүхэд насандаа авсан сэтгэл зүйн гэмтэл насан туршид дагадаг бололтой?
-Нэг ажил хийдэг хоёр хүн байлаа гэхэд сэтгэл зүй эрүүл өссөн хүн адилхан ажиллаад байгаа мөртлөө стресстдэггүй. Мэдрэлийн ядаргаа, сэтгэл зүйн асуудалд амархан өртөж байгаад хүүхэд насны өссөн орчин нөлөөлдөг. Эцэстээ амьдралын аз жаргал, ажлын бүтээмж, гээд бүх зүйлд сэтгэл санаа их холбоотой. Мөнгө төгрөг олох, гоё машин унах, гоё байранд амьдрах гээд хичээж байгаа нь эцсийн гол зорилго биш. Сэтгэл хангалуун аз жаргалтай амьдрал чухал. Сэтгэл хангалуун аз жаргалтай амьдралыг хүн сэтгэлээрээ мэдэрнэ. Тэгэхээр сэтгэл бол хүний хамгийн чухал эрхтэн юм. Хүн байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байх ёстой. Цай уухдаа, бороотой өдөр байсан ч түүнээс сайхан мэдрэмжийг авч чадаж байвал хэвийн. Хэрэв сэтгэлд таагүй мэдрэмж мэдрэгдээд байвал сэтгэлийн эмгэг байна гэсэн үг.
-Хүүхэдтэйгээ хэрхэн зөв харьцах ёстой вэ?
-Эцэг эхийн байр суурь удирдагч гэдгээс биш, хүүхэд, найз нөхөд нь гэсэн байдлаар хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй. Үүнд дууны өнгө, үгийн сонголт ч бас нөлөөлнө. Хэрэв цэцэрлэгийн насны хүүхэд бол гоё уу, баба зэргээр өөрт ойлгогдохоор ярилцахыг хичээх хэрэгтэй. Харин сургуулийн насны хүүхэдтэйгээ “Хичээл дээрээ ямар байсан, чамд таалагдахгүй зүйл юу байна. Санааг нь зовоож байгаа зүйл юу байна, яавал зүгээр санагдаж байна” гэсэн энгийн байдлаар ярилцах нь илүү үр дүнтэй. Тэгэхгүйгээр онц сурна шүү, мундаг байна шүү гэсэн хандлага хүүхдийн сэтгэлийг өвтгөдөг. Яг найзтайгаа ярилцаж байгаа юм шиг байр сууринаас ярилцах хэрэгтэй. Ингэхдээ гэнэт алив хоёулаа ярилцъя гэвэл хүүхэд загнах гэж байгаа байх эсвэл би буруу зүйл хийсэн юм болов уу гэж боддог. Эхний удаа хүүхэдтэйгээ ярилцахад бүтэлтэй болохгүй байх магадлалтай. Гэхдээ бага багаар хүүхэдтэйгээ ойртож ярилцаад сэтгэл зүйн асуудлыг нь мэдээд ирвэл том болоод ч гэсэн аав ээжтэйгээ илүү нээлтэй болдог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
П.Амгалан
0 cэтгэгдэлтэй