Монгол Улсын хүн ам 1921 онд 649.9 мянга байсан бол эдүгээ 3.4 сая болж нэмэгдсэн билээ. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 1946 оноос Монгол ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай тогтоол гарч, 2003 оны “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэн ирсэн байна. Хүн амын тал хувийг эзэлж буй эрчүүдийн эрүүл мэндийн талаар Монгол цэргийн баярын үеэр хөндөн ярилцах нь чухал.
Өнөөдрийн байдлаар нийт нас баралтын 60.4 хувь нь эрэгтэйчүүд эзэлдэг, энэ хувь тасралтгүй өссөөр байна. Эрчүүдийн 52.2 хувь буюу (эмэгтэй 24 хувь) эмэгтэйчүүдээс 2 дахин ихээр хөдөлмөрийн насандаа нас барж байна. 30-70 насны 10000 эрэгтэйд ноогдох нас баралт эмэгтэйчүүдээс
- Зүрх судасны өвчнөөр 2.7 дахин
- Хорт хавдраар 2 дахин
- Зам тээврийн осол 2.3 дахин их
- Мотоциклтой зорчигч нас барсан тохиолдолд эрэгтэйчүүд 13 дахин илүү байна.
Амиа хорлолт 100 000 эрэгтэйд 25.4 байхад эмэгтэйд 4.3 буюу эрэгтэйд 5 дахин их байна. Жилдээ 142 442 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгддэг. Үүний 60.6 хувийг эрчүүд эзэлж байна. Зам тээврийн ослын улмаас жилд 15957 иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг. Тэдний 66.8% эрчүүд. Эдгээр тоо баримтууд эрчүүдийнхээ эрүүл мэндэд анхаарах цаг болсныг сануулж байна. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, доктор Т.Мөнхсайханаас тодрууллаа.
–Эрүүл Монгол үндэсний хөдөлгөөний хүрээнд ямар ажлууд хийгдэж байна вэ?
Энэ хөдөлгөөн бол Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа. Төрийн тэргүүн энэ ажилд онцгой анхаарч хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд зарлиг гарган баталгаажуулсан. Хүн ам дунд өвчлөл үүсгэж байгаа шалтгааныг арилгах нь үндэсний хөдөлгөөний гол зорилго юм. Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд эмнэлгийн тусламж давамгайлж, өвчилсний дараа л илүү анхаарал хандуулдаг байсан. Өвчнөөс сэргийлэхэд чиглэсэн нийтийн эрүүл мэндийн тусламжийг орхигдуулснаар хүн ам дундах өвчлөл жилээс жилд нэмэгдэж, ялангуяа эрэгтэйчүүдийн дундах өвчлөл бүр ихэссэн. Эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 10 жилээр бага болсон нь эрчүүдийн дундах өвчлөл улам бүр нэмэгдэж байгаагийн тод жишээ юм. Хамгийн харамсалтай нь хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс хоёр дахин ихэссэн. Өөрөөр хэлбэл эрчүүдээ бид анхаарах цаг нэгэнт болжээ. Эрүүл мэндээ хамгаалах, дэмжих нь хувь хүнээс өөрөөс нь, зан үйл, амьдралын хэв маяг, зуршлаас ихээхэн хамаардаг тул эрэгтэйчүүд маань ч гэсэн эрүүл мэнддээ цаг гаргахыг цаг үе шаардах болсон байна. Мөн төрөлжсөн тусламж, тухайлбал эрэгтэйчүүдийн эмнэлэг, эмчийн хүрэлцээг ч нэмэгдүүлэх асуудалд бодлогоо чиглүүлэх нь чухал. Энэ бодлого дотор эрүүл оюутан залуус, эрүүл эх нялхас, эрүүл эрэгтэйчүүд гэх мэт зорилтот бүлгүүдэд хуваагдаж байгаа.
Судалгаагаар 10 хүн тутмын зургаа нь 60 нас хүрэхгүй нас барж байна. Үүний шалтгааныг та юу гэж харж байна вэ?
Өвчлөлийн шалтгаануудыг авч үзвэл хамгийн тэргүүнд хорт зуршил зүй ёсоор орж байна. Тэр дундаа архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг байдал, дээр нь тамхины зохисгүй хэрэглээг нэрлэж болно. Нийт эрэгтэйчүүдийн 43 хувь буюу хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татаж байна. Тийм учраас хорт зуршлаас ангид шинэ залуу үеийг төлөвшүүлэх уриалгыг дэвшүүлж, мөн эрх зүйн хувьд хэд хэдэн өөрчлөлтийг хийлээ. Тухайлбал хатуулаг өндөртэй архины татварыг хоёр дахин нэмэгдүүлэх, согтууруулах ундаагаар бусдыг шахсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх гэх мэт өөрчлөлтүүдийг хуульд тусгаад байна. Нас баралтын бас нэг шалтгаан нь осол гэмтэл. Зөвхөн мотоциклоос унаж нас барсан иргэдийн 90 гаруй хувийг эрчүүд эзэлж байна. Мөн амиа хорлож байгаа эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдийнхээс 5 дахин өндөр байгаа нь эрчүүд рүү чиглэсэн сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үгүйлэгдэж байгааг харуулж байна.
Архи тамхины нөлөөг багасгахын тулд суурь боловсролоос эхлэх хэрэгтэй гэж бодож байна л даа. Бүр бага ангиас эсвэл цэцэрлэгийн наснаас ч юмуу. Эрүүл монгол хүн бий болгох хөрс нь яг юу юм бэ?
Тэгэлгүй яахав. Бүх шатны боловсролын байгууллагуудаар дамжуулж эрүүл мэндийн боловсролыг олгохоор салбарын яамтай хамтран ажиллаж байгаа. Мэдээж хүүхдийн нас, бие физиологид тохирсон агуулгыг оновчтой аргаар, үр дүнтэй байдлаар хөтөлбөрийн цогц шинэчлэл хийхээр холбогдох талуудтай ярилцах, бодлогын судалгаанд тулгуурлан шийдэл, арга замыг боловсруулан ажиллаж байна. Энэ ажлыг хийхэд эхний ээлжинд эрүүл орчин бий болгох ёстой. Сургууль цэцэрлэгээс эхлээд бусад боловсролын байгууллагуудын орчин суралцагчид, тэнд ажиллаж буй багш, ажилтанд ээлтэй, эрүүл мэндийг дэмжсэн орчин бүрдүүлэхэд бодлогоо чиглүүлж бодит өөрчлөлт гаргах нь чухал. Мөн эрүүл шим тэжээлтэй хоол хүнсийг чухалчлан авч үзэж байгаа. Гуравт байнгын дасгал хөдөлгөөн, амьдралын зөв хэв маяг хэвшлийг бага наснаас нь дадал болгоход бодлого чиглэгдэх юм. Мэдээж энэ бүхнийг хэрэгжүүлэхэд маш олон ажил хийгдэнэ. Жишээ нь цэцэрлэгийн наснаас шүдээ хэрхэн зөв угаах, гарын ариун цэвэр гээд цогц байдлаар, уялдаатай зааж сургана. Зүгээр нэг заагаад өнгөрөх биш амьдралын хэвшил болгож, өдөр тутмын салшгүй нэг хэрэгцээ болгоход анхаарах юм. Эрүүл монгол хүн хөдөлгөөнд багтаж байгаа энэ дөрвөн бүлэг ажлыг хэрэгжүүлснээр ирээдүйд өсөн торних бүхэл бүтэн үеүд гарч улмаар хүн амын дундах эрүүл бүлэг нэмэгдэнэ гэж үзэж байна. Энэ бол эрүүл үндэстэн болох асар том зорилгын эхлэх байх юм.
Нийслэлд болон орон нутагт амьдарч эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдал ялгаатай байна уу?
Зөвхөн архины хэрэглээг тодруулсан судалгаагаар орон нутагт амьдарч байгаа эрчүүдийн согтууруулах ундааны хэрэглээ хэт өндөр байгаа дүн гарсан. Мөн мотоциклоос унах гэмтэх, амиа хорлолт зэрэг ч орон нутагт их байна. Тийм учраас согтууруулах ундааны зохистой хэрэглээг бий болгохын тулд эрүүл монгол хүн хөтөлбөрийн хүрээнд нөлөөллийн ажлуудыг орон нутгийн бүх шатны байгууллагатай хамтран тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн. Архинаас үүдэлтэй гэмт хэрэг, осол гэмтэл, өвчлөл гээд маш олон муу үр дагавар байгаа учраас энэ ажлыг маш том бүлэг болгон авч үзэж байгаа.
Ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөхийн хувиар эрчүүддээ ямар зөвлөгөө өгөх вэ?
Хайртай бүхнийхээ төлөө эрчүүд маань эрүүл мэнддээ анхаарал сайн хандуулж, хариуцлагатай байх хэрэгтэй байна. Мөн энэ асуудалд айл гэрийн эхнэрүүд, ээжүүдийн үүрэг, оролцоо чухал гэдгийг онцолмоор байна. Улс орон, өрх гэр, үр хүүхдийн түшиг, тулгуур болж буй эрчүүд та бүхэн эрүүл мэндээ эрхэмлэн дээдлээрэй.
Баярлалаа.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Here you can find 9712 more Information on that Topic: tsenzuur.mn/24590 […]