Малайзын Шадар сайд асан Нажиб Разак болон түүний зөвлөх Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан Шаарийбуугийн Алтантуяа нь одоогоос 16 жилийн өмнө буюу 2006 онд бусдын гарт амиа алдсан.
Энэ сарын 16-нд болсон цахим шүүх хурлаар түүний гэр бүлд 5 сая ринггит буюу 1.53 сая сингапур долларын /1.13 сая ам.доллар/ нөхөн төлбөр олгохыг тус улсын Дээд шүүхээс шийдвэрлэсэн юм.
Иргэн С.Шаарийбуу: Би хэвлэлийн хурлын өмнө охиндоо нэг минут хүндэтгэл үзүүлмээр байна. Энэхүү хэргийн араас миний бие маш олон жил тэмцсэн. Эцэст нь хэрэг үйлдэл дээрээ баригдаж, хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Гэвч 2006-2018 он хүртэл 12 жилийн хугацаанд эрүүгийн хэргийг шийдэх гэж явж ирсэн. Улмаар хэргийг үйлдсэн офицерууд баригдаж, хийсэн үйлдлээ зааж өгч, хуулийн байгууллага ажилласан боловч үр дүнд хүрээгүй. Хэргийг үйлдсэн офицерууд баригдаж, хийсэн үйлдлээ зааж өгч, хуулийн байгууллага ажилласан боловч үр дүнд хүрээгүй ирсэн.
Яах гэж энэ үйлдлийг хийсэн бэ гэхээр тэд нэг л зүйлийг хэлдэг байсан. “Багиндад туслах гэж, түүнээс мөнгө авсан” гэх зүйлийг л 12 жилийн турш ярьж ирсэн.
Гэтэл 2018 оноос байдал өөрөөр эргэсэн. Тэд Малайзын төрийн мэдэл бүхий, бүгдийг мэддэг тэр хүний тушаалаар үүрэг биелүүлсэн гэж хэлдэг болсон. Ингэж нөхцөл байдлыг өөрчлөх гэж ярьцгааж эхэлсэн.
Малайзын нэртэй хуульч, өмгөөлөгч Карпал Сингхтэй би хувь тохиолоор учирсан. Тэр хүн надад тусалъя гэсэн, гэхдээ энэ хэрэг 100 жилийн дараа шийдэгдэж магадгүй, чи тэвчээртэй байгаарай хэмээж байсан. Ингээд бид эхэлсэн.
Бидний нэг туршлага дутсан зүйл бол ардчиллын эхний жилүүдэд манай Монгол Улс маш олон оронтой найз болсон. Юу юуны духанд хүрэлгүй визгүй зорчихоор тохирсны нэг нь Малайз байсан. Тэр газар руу бусад эрх зүйн гэрээгүй орон руу манай монголчууд гахайгаа үүрээд, машинд даараад, хураалгаж, зодуулаад, амь насаа алдаад явсан. Эрхзүйн гэрээгүй учраас тэнд хуулийн үйл ажиллагаа явуулах бололцоогүй олон орон байна.
Асуудал ингэж эхэлсэн. Тэр хийсэн ажлынхаа хөлсийг авахаар хуулийн дагуу, өмгөөлөгчтэйгөө тохирсон. Үүний дагуу одоо асуудлаа шийдвэл яасан юм бэ гэсэн.
ЗХУ-д манай гэр бүл олон жил амьдарсан тул миний охин орос хэлийг цэцэрлэгээсээ сурсан, англи хэлийг багаасаа сурсан, хятад хэлтэй. Монголдоо англи, орос хэлний мэргэжлээрээ сурсан.
Бид өлсөж, ядарч үзсэн. Энд тэнгүй явж товчхон хэлбэл бүгд л амьдрахын төлөө зүтгэсэн. Тэдний нэг нь миний охин байсан.
Хоёр хүүтэй байсан. Бага хүү нь хөгжлийн бэрхшээлтэй, оюун санаа зүгээр, хөл, гарын хөдөлгөөнгүй байлаа. Гадаадад бололцоогоороо эмчлүүлсэн. Өдөр болгон эмнэлэгт очиж бариа хийлгэнэ, эм тан авч өгнө, уламжлалт эмчилгээгээр явдаг байсан. Тэр хүүгээ бусад шиг гүйдэг, харайдаг болгоно гэж охин минь Малайзыг зорьсон юм. Тэр хүнд цагт эдийн засгийн болон бусад талаар би тусалж чадаагүй. Би жирийн л нэг багш хүн. Социализмын үед юм хурааж чадсангүй, улсаас өгсөн хоёр өрөө байртай л байсан.
Охин минь хүүгийнхээ төлөө явж байгаад ийм зүйл боллоо.
Малайз улсын тогтолцоо нь хэдэн эрх мэдэлтэй хүмүүсийн нөлөөнд байдаг. Шашин, нутаг ус гээд бүх зүйл нь өөр байсан. Улмаар дээрх хүчин зүйлсээс болж хэрэг маш олон жил шийдэгдэлгүй явсан юм. Гэвч бид хэзээ нэгэн цагт энэхүү хэрэг шийдэгдэж үр дүнд хүрнэ гэдгийг мэдэж байсан. Та бүхэн минь хэргийн мөнгөн дүн буюу тоонд битгий ач холбогдол өгөөрэй. Би баярлахгүй байгаа. Учир нь үр хүүхдээ алдана гэдэг буцаад юугаар ч нөхөж орлуулж болохгүй гай зовлон байдаг. Өнөөдөр өнчирсөн хэдэн хүүхэд, навсайсан нэг амьдрал л үлдлээ.
Цаашид би шударга үнэний төлөө шүгэл үлээх болно. Шударга үнэн гэдэг заавал ялдаг гэдгийг ойлголоо.