Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай

tsenzuurmn 5 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ёслолд оролцож, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид болон зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлж, Олон улсын сувилагчдын баярын мэнд хүргэлээ.

Ерөнхийлөгч, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эдгээн илаарьшуулах, сэргээн засахад сувилагчдын  хувь нэмэр, үүрэг, хариуцлага нэн чухал гэдгийг тэмдэглэлээ.

Төр, засгаас сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сувилагчдыг бэлтгэх чиглэлээр багагүй анхаарч, сувилагчийн цалинг 2019 онтой харьцуулахад 1.7-2 дахин нэмж, 2024 оноос орон нутаг, онцгой нөхцөлийн нэмэгдлийг олгож эхэлснийг онцоллоо.

Мөн сувилагч мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгож, Архангай аймагт энэ намраас Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв ажиллаж эхлэхийг дурдлаа.

Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн санаачилгаар сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилготой АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт өнөөдөр эхэлж байгааг дуулгалаа.