Монголын хамгийн том загварын шоу “Floraison High fashion show 2023” энэ сарын 26-нд “The Corprate convention center”-т болно. Тус шоугаар 12 загвар зохион бүтээгчийн 200 гаруй бүтээлийг танилцуулах юм байна. Уг шоугаар энгийн тансаг, чамин дэгжин гээд бүх төрлийн загварыг харуулахаас гадна удахгүй болох шинэ жилийн даашинзны загвар, чиг хандлагыг тодорхойлох юм.
Хоёр дахь жилдээ болох гэж буй энэхүү шоунд Монголын топ моделиуд, үе үеийн тэргүүн миссүүд оролцоно. Мөн Монголын Үсчин, гоо сайханчдын холбоо, Загварын холбоо зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулж байгаа аж.
Шоуны гол зорилго нь загвар зохион бүтээгчдийнхээ ирээдүйг гэрэлтүүлэх, үндэснийхээ загварын салбарыг хөгжүүлэх юм. Энэ жилийн загварын чиг хандлагын тухайд ихэмсэг шинжийг илтгэх цэргийн хэв маягийг гоёлын даашинзтай хослуулж байгаа талаар зохион байгуулагчид хэлж байна.


