Өмнөговь аймаг нутгаа хөгжүүлэх “Нутгийн хишиг” хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилладаг билээ. Тус хөтөлбөрийн хэрэгжилт ямар явцтай байгаа талаар тус аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой ярилцлаа.
– Өмнөговь аймагт 2021 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалтын ямар ажлууд хийгдэв?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахалтай амаргүй байсан хэдий ч аймагтаа бүтээн байгуулалтын ажлуудыг тасралтгүй хийлээ. Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон “Эрүүл Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд эмч нар болон эрүүл мэндийн байгууллагаа чадавхижуулах тал дээр ихээхэн анхаарч ажиллалаа. Энэ хүрээнд аймгийн онцгой байдлын зардлаас гурван тэрбум гаруй төгрөгийг иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зарцуулаад байна. Мөн “Өсөлтийг өрх бүрд” хөтөлбөрийг хэрэгжүүлж, аймгийнхаа бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллаж байна. Өнгөрсөн онд 140 орчим бизнес төслийг хүлээн авч судлаад, 40 гаруйг нь санхүүжүүлээд байна.
Говь нутагт гадаргын ус их ховор байдаг. Онгийн голоос өөр гол манай аймгийн нутагт орж ирдэггүй. Анх 1970-1980 оны үед өрмийн мотортой худгуудыг гаргаж “Усжуулалтын I аян”-ыг зохион байгуулж байсан түүхтэй. Харин орчин үед уул уурхайтай зэрэгцээд усжуулалт хэрэгтэй болсон. Тиймээс аймагт барилга байшин барихаас илүү малчдад бэлчээрийг усжуулж, усны хомсдолд орохоос сэргийлж олон худаг гаргах хэрэгтэй юм байна гэдэг дээр бид санал нэгдээд “Усжуулалтын II аян”-ыг хийхээр аймгийн ИТХ-аар батлуулаад ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд түүхэндээ хамгийн их буюу 100 гаруй худаг гаргаж, засварлалаа. Ингэснээр 100 гаруй айл өрх, малчид гүний цэвэр устай болж усны хомсдолоос гарлаа. Цаашдаа Өмнөговь аймгийн бэлчээрийг 100 хувь усжуулахаар төлөвлөөд ажиллаж байна.
2012 оноос “Нутгийн зам” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд аймгийн төсвийн хөрөнгөөр сумд руу автозам тавьж байна. 2021 онд 30 км замыг Баяндалай, Сэврэй, Гурвантэс сумын чиглэлд тавьлаа. Ингэснээр баруун чиглэлийн гурван сумын иргэд аюулгүй зорчих, хүнс, бараа бүтээгдэхүүнээ хурдан шуурхай татан авах боломж бүрдсэнд иргэд тун талархалтай хандаж байгаа. Ялангуяа ард иргэдийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээ авах, хүнд өвчтөн тээвэрлэх зэрэгт илүү хялбар боллоо. “Нутгийн зам” хөтөлбөр цаашид үргэлжилнэ. Ингэснээр уул уурхайгаас хараат бус аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.
– Аймаг бүр өөрийн хөгжлийн тулгуур салбараа тодорхойлж, бодлого зорилгоо түүндээ нийцүүлж ажилладаг. Та бүхэн аймгийнхаа хөгжлийн тэргүүлэх чиглэлийг хэрхэн тодорхойлж байгаа вэ?
-“Нутгийн хишиг” хөтөлбөр нь байгалийн баялгаасаа нутгийн иргэддээ давуу эрхтэй хүртээе гэсэн гол үзэл санаатай юм. Өмнөговь аймаг өргөн уудам газар нутагтай, газар нутгийн 10 хувь, нийт хүн амын хоёр хувийг эзэлж байна. Монгол Улсын төсвийг бүрдүүлж байгаа уул уурхай, гадаад дотоодын томоохон төслүүд манай аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Улсынхаа төсөвт томоохон орлого бүрдүүлж байгаа бүс нутаг. Тиймээс цаашдаа уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хүнсний ногоо тариалалт рүү анхаарч ажиллана. Энэ хүрээнд “Нутгийн хишиг” хөтөлбөрт олон үзэл санаа агуулж байгаа юм.
– Уул уурхайн салбар хамгийн эрчтэй хөгжиж байгаа газар бол Өмнөговь аймаг. Энэ хэрээр иргэдийн амьжиргааны түвшин сайн байгаа юу? Ажлын байрны хүрэлцээ хэр байдаг вэ?
-Иргэдийн амьжиргааны түвшин янз бүр байна. Иргэдээ ажилтай орлоготой болгохын тулд “Нутгийн үйлдвэрлэгч” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл “Өмнөговьд үйлдвэрлэв” гэсэн бараа бүтээгдэхүүн сум бүрд үйлдвэрлэгдэж, улмаар уул уурхайн компаниудад борлуулагдаж байхаар төлөвлөн ажиллаж байна. Уул уурхайн компанид нутгийн олон хүн ажиллаж байна. Үүний хажуугаар “Нутгийн үйлдвэрлэгч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр тухайн иргэнийг сумаас нь нүүлгэхгүйгээр, сумандаа үйлдвэрлэл эрхэлж, ажлын байраар хангагдах боломжийг бүрдүүлж байна. Хэрвээ суманд үйлдвэрлэл эрхэлье гэвэл үйлдвэрийн газар, ус,цахилгааныг үнэгүй өгөх зэргээр бүх талаар дэмжиж ажиллана. “Хашаандаа сайхан амьдаръя”, “Эко жорлон” зэрэг иргэд рүүгээ чиглэсэн хөтөлбөр хэрэгжүүлж, цэвэр бохир усны системд холбогдсон 21 дүгээр зуунд соёлтой тухтай амьдрах бүх боломжоор хангахын төлөө ажиллаж байна. Иргэд нутагтаа тав тухтай, сэтгэл хангалуун амьдрах нь чухал. Үүнийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
–Өмнөговь аймаг Монгол Улсын хамгийн олон тэмээтэй нутаг. Тэмээн сүргээ өсгөх, тэмээчин өрхөө дэмжихийн тулд “Ботгоны мөнгө” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ талаар танилцуулаач?
-Өмнөговь аймаг бол дэлхийн хоёр бөхтэй тэмээний төв нутаг. Монгол Улсдаа хамгийн олон тэмээтэй аймаг. Тиймээс тэмээн сүргээ өсгөх, тэмээчдээ урамшуулах зорилгоор 2005 онд УИХ-ын гишүүн Бат-Эрдэнэ “ботгоны мөнгө”ийг санаачилсан. Хүүхдийн мөнгө гэдэг шиг ботго бүрд мөнгө өгдөг. Энэ бол тэмээгээ өсгөе гэсэн малчин түмэнд өгч байгаа сэтгэлийн дэм юм. “Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд ботгоны мөнгөн урамшуулал олгож байгаа нь тэмээн сүргийн тоо толгой өсөх, ашиг шим үр өгөөж нь нэмэгдэх, малчдын орлого дээшлэх зэрэг олон талын ач холбогдолтой. “Ботгоны мөнгө” бол тэмээчдийн дунд нэр хүндтэй, сайн хэрэгжиж байгаа хөтөлбөр юм.
Өмнөговь аймгийн Баянзаг сум дэлхийн палентологийн салбарт алдартай газар
–Танай аймаг аялал жуулчлалаараа улсдаа тэргүүлэгч аймгуудын нэг. Тэмээний уралдааныг сонирхохоор жуулчид их ирдэг. Ховор ан амьтан, байгалийн үзэсгэлэнтэй, өвөрмөц тогтоцтой, олон зуун жилийн түүхтэй газрууд гээд үзэж харах юм ихтэй. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?
– Өмнөговь аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр олон ажил хэрэгжүүлж ажиллаж байна. Үлэг гүрвэлийн эртний олдвор олдсон Баянзагийг аялал жуулчлалын бүс болгосон. Мөн Хэрмэн цав, Дэмчигийн хийд, Шар цав зэрэг газрыг аялал жуулчлалын гол цэг болгон тохижуулж байна. Өмнөговийн бас нэгэн жуулчид татдаг зүйл бол яах аргагүй тэмээн сүрэг. Манай аймаг 160 гаруй мянган тэмээтэй. Тэмээний уралдааныг бүх суманд зохион байгуулдаг. Жил бүрийн 12 дугаар сарын 05-наас 3 дугаар сарын 06-ны хооронд тэмээний уралдааныг зохион байгуулдаг. Аялал жуулчлал гэдэг бол уул уурхайгаас хараат бус, нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих “ногоон үйлдвэрлэл” юм. Бид аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд баруун бүсийн чиглэл рүү автозам тавьж байна. Автозамууд ашиглалтад орсноор Хэрмэн цав, Нэмэхтийн хөндий, Хонгорын голын элс рүү аялахад маш дөхөм болно. Дотоод гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд олон улсын онгоцны буудал барихаар төлөвлөж байна.

-Танай нутгаас эртний амьтдын олдвор их олддог гэдэг?
-“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн санхүүжилтээр найм орчим тэрбум төгрөгөөр Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтад орсон бөгөөд Оюутолгой компани, Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээний хүрээнд хийгдсэн ажил юм. Энэхүү Байгалийн түүхийн музей ашиглалтад орсноор Өмнөговь аймгийн аялал жуулчлалын төв цэг эхэлж байгаа юм. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс үлэг гүрвэл зэрэг эртний амьтдын яс, өндөг зэрэг ховор олдворууд олддог. Америкийн эрдэмтэн Рой Чапмэн Эндрюсээр ахлуулсан баг ирж, 60-80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн чулуужсан өндөг олсон. Ингэснээр Өмнөговь аймгийн Баянзаг сум дэлхийн палентологийн салбарт алдартай газар болсон гэж болно. Баянзаг нь хойд хэсгээрээ заг модон ойтой. Тэрхүү ой дотор одоогоос 40 мянган жилийн өмнө, түүнээс ч өмнө амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр олдсоор байгаа билээ. Энэ жил эртний өндөг олдсоны 100 жил болж байгаа учраас Өмнөговь аймагтаа тэмдэглэхээр ярилцаж байгаа.
Хүүхэд эрүүл байвал гэр бүлийн аз жаргал тэнд байдаг
–Сумдтайгаа хэрхэн харилцаа холбоотой ажилладаг вэ?
-Өмнөговь аймаг 15 сумтай. Өнгөрсөн хоёрдугаар сард 15 сум, төсөвт байгууллагуудтайгаа энэ оны хамтын ажиллагааны үр дүнгийн гэрээг байгууллаа. 2022 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн шинэ хуулийн дагуу төсөв санхүүгийн шинэ орчинд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл сумдаас татаас авдаг болж байгаа юм. Өнөөдрийн байдлаар таван сумаас аймагтаа төсөв бүрдүүлдэг болж байна. Шинэ нэгжийн тухай хуулиар аймаг сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа компани, ААН-үүд хүн амын орлогын албан татварыг тухайн сум руу 100 хувь, ААНОАТ-ын 40 хувь нь аймаг руугаа орохоор болж байгаа юм. Энэ дагуу уул уурхайн үйлдвэрлэл хөгжсөн сумдаас татаас авдаг болж байна. Ингэснээр сумдын орлого ашиг нэмэгдэнэ гэдэг бол тухайн сумын амьжиргаа, орлого нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм.
– Өмнөговь аймаг “Цахим Өмнөговь” болох хөтөлбөр дэвшүүлээд нэлээн үр дүнтэй ажиллаж байгаа юм байна. Хамгийн алслагдмал сумын иргэдтэйгээ цахимаар харилцаж байгаа нь үнэхээр талархууштай санагдлаа.
-“Цахим Өмнөговь” хөтөлбөр нь иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй төрийн үйлчилгээг үзүүлэх зорилготой. Тухайлбал 15 сумаас аймгийн төв рүү шатахуун зарцуулан ирэх шаардлагагүй цахимаар хуралдах болсон. Иргэд байгууллагын үүд сахиад, янз бүрийн бичиг баримт цуглуулахгүйгээр цахимаар шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл интернэт сүлжээ байгаа бүх газраас бид албан ажлаа хийх боломжтой болсон. Ингэснээр төрийн албаны хүнд суртал, чирэгдэл арилна. Эрүүл мэндийн үзлэгийг ч цахимаар хийлгэж, эмчтэйгээ цахимаар дүрсээ харж зөвлөгөө авах боломжтой болж байгаа юм. Төрийн байгууллага, иргэд, хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоо энэ хэрээр сайжирч байна. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн найман сумын есөн байршилд интернэт утасны сүлжээ орсон байгаа. Энэ тоог 2022 онд нэмэгдүүлж, цаашид аймгийнхаа нийт нутаг дэвсгэрийг өндөр хурдны 4G сүлжээнд холбох зорилготой байгаа. Одоогоор манай аймгийн 60 орчим хувь 4G сүлжээнд холбогдсон.
-Зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Та бүхэн өнгөрсөн жил автозамын бүтээн байгуулалтад түлхүү анхаарч ажилласан гэсэн. Энэ талаар?
-2021 онд “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд “Нутгийн зам” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж сумд руу явж байгаа замаа нэмэгдүүлсэн. Өнгөрсөн жил 20 км замыг ашиглалтад оруулж, 10 км замыг 70 хувийн гүйцэтгэлтэйгээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ нь Өмнөговьчууд, баруун чиглэлийн сумдын иргэдийн 90 жил хүлээсэн зам байгаа юм. Тийм учраас хурдан шуурхай ашиглалтад оруулахын тулд шаргуу ажиллана. Даланзадгад суманд чулуун зам, Гурван тэс, Ханбогд, Цогтцэций, Ноён суманд хатуу хучилттай замуудыг ашиглалтад орууллаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Өвөрхангай, Өмнөговь чиглэлийн хатуу хучилттай замын зургийг хийж гүйцэтгэж байна. Өнгөрсөн хугацаанд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 50-60 км замыг ашиглалтад оруулснаар иргэд болон аялал жуулчлалын хөдөлгөөн ихсэж байна.
-Өмнөговь аймгийн хувьд 2022 онд ямар томоохон ажлууд хийгдэх бол? Орон нутгийн удирдлагын багийн зүгээс энэ жил ямар асуудлуудад илүү төвлөрч, анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-2022 онд Өмнөговь аймагт эдийн засаг, нийгэм, төрийн захиргааны 189 төсөл, үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 310 тэрбум төгрөгний ажил хийнэ. “Хүүхдэд ээлтэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, өсөж хөгжих аюулгүй байдлыг хангахын тулд ажиллаж байна. Хүүхдийн эрүүл мэндэд илүүтэй анхаарч, хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй хийнэ. Хүүхэд эрүүл байвал гэр бүлийн аз жаргал тэнд байдаг. Гэмт хэрэг зөрчилд хүүхэд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд камержуулалт, гэрэлтүүлгийг сайжруулахаар зорьж ажиллаж байна. “Нутгийн үйлдвэрлэгч” хөтөлбөрийг бүх сумандаа хэрэгжүүлж, сум бүрд “Өмнөговь аймагт үйлдвэрлэв” гэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, уул уурхайн томоохон төслүүдэд нийлүүлнэ. Нэг үгээр хэлбэл Өмнөговь аймгийн үйлдвэрлэгчийг дэмжинэ гэсэн үг. Мөн “Ногоон говь” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Манай аймаг таримал ойн сангаараа улсдаа тэргүүлдэг. Тийм учраас туршлага сайтай иргэдийнхээ хүчээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” аянд нэгдэж, тэрбум модны 40 гаруй хувийг манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, ААН, иргэд болоод уул уурхайн компаниуд тарьж ургуулахаар төлөвлөж байна.