УИХ-ын чуулганы хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Энэ үеэр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Хүрэлбаатар “Ерөнхийлөгчийн тавьсан гурван хоригийг бүгдийг нь хүлээж авч болохгүй. Яагаад АТГ-тай холбоотой хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлж болдоггүй юм бэ. Яагаад нэг хүн АТГ-ын томилгоог бүгдийг нь хариуцаж, харц, ааш авираараа хөдөлгөж байдаг тогтолцоотой байх ёстой юм бэ. Үнэнийг нууж, хийсэн хулгайг нь хэлж болдоггүй нийгэмд амьдарч байж, Монгол Улс хэзээ хөгжиж дэвших юм бэ. Монгол Улсад хэзээ шударга ёс тогтох юм бэ. УИХ-дээр томилгооны сонсгол хийх нь зөв. Ингэхэд хэн нь хэн бэ гэдэг нь гарч ирнэ. Томилгооны сонсголыг чуулган дээр нийт ард түмэнд нээлттэй хийе гэж байгаа энэ хууль зөв шүү. Хоригийг хүлээн авч болохгүй.
Оффшор дансны мөнгийг оруулаад ирснийг Сангийн сайд хэлээгүй юм шиг ойлголт өгч байна. Оффшор бүсээс Төрийн сангийн Монголбанк дахь дансанд нэг ч төгрөг, нэг ч доллар, 1 ч цент орж ирээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Орж ирсэн гээд байгаа бүх яриа худлаа.
Ерөнхийлөгчийн яриад байгаа зүйлүүд бүгд худлаа. 17 тэрбум ам.доллар оруулж ирж, ард түмнийхээ өрийг дарна гэдэг амлалтад хариуцлагатай байх хэрэгтэй. Энэ амлалтад хүрэхийн тулд худлаа ярьж болохгүй. Томилгоог нэг хүн биш 76 хүн ярилцаж байж шийдэх ёстой* гэлээ.