“Алтан намар”-ын жимс, ногоо хямд байна

tsenzuurmn 2024-09-8

С.Ундармаа
Налгар намрын өдрүүдтэй зэргэцээд дотооддоо ам бардам эрхэлдэг худалдааны ганц гол цикл эхэлдэг. Тэр бол тариаланчдын намрын ногоон өдрүүд буюу “Алтан намар” үзэсгэлэн. Тодорхой заасан цэгүүдэд тариаланчид байршиж, өөрсдийн тариалсан жимс, хүнсний ногоогоо гараас гарт хэлбэрээр зарж буй. Үнийн хувьд бусад зах худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдээс хямд бөгөөд сонголт арвинтай.  Тиймдээ ч шинэ ногооны үзэсгэлэн худалдаа хүлээлт өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, ургацаа хураасан тариаланчид ирэх хаврын бэлтгэлээ базаахаар зэхдэг бол нийслэлийнхэн шинэ ургацын ногооноос шим тэжээл авахаар эх орны хөрсөндөө тариалсан хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сонгодог үе нь 8-10 дугаар сар. Хүйт орохоос урьтаж, тариалсан бүтээгдэхүүнээ худалдахыг тариаланчид зорьдог ч төдийлөн их ашиг хардаггүй бөгөөд хоттой ойр аймгуудынхан “Алтан намар”-т амжиж оролцохыг хичээдэг гэдгийг хэлж байлаа.

ТӨМС 1500, БАЙЦАА 1000 ТӨГРӨГ ШУУДАЙГААР НЬ АВБАЛ БӨӨНИЙ ҮНЭТЭЙ

Хүмүүсийн өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг хүнсний ногооны үнэ “Алтан намар” үзэсгэлэнд хамгийн хямд байгааг худалдагчид төдийгүй иргэд хэлж байв. Тухайлбал, өргөн хэрэглээний ногоо, жимсний үнийг килограммаар нь авч үзвэл:

  • Төмс- 1300-1500 төгрөг,
  • Лууван, манжин- 1800-2500 төгрөг,
  • Байцаа- 1000 төгрөг,
  • Брокли- 5500-6000 төгрөг,
  • Чинжүү- 8500 төгрөг,
  • Зэрлэг сонгино нэг боодол нь 2000 төгрөг,
  • Тарвас- 2000-2500 төгрөг,
  • Чацаргана- 10 мянган төгрөг,
  • Аньс- 15 мянган төгрөг,
  • Нэрс, үхрийн нүд- 20 мянган төгрөг зэрэг үнэтэй байна.

Хэрэв шуудайгаар нь ногоо авах бол энэ үнээс хямдарч бөөний үнээр тооцох юм. Мөн олон шуудай ногоо авсан тохиолдолд тариаланчид худалдан авагчийн заасан байршилд хүргэх өгөх үйлчилгээ ч байгаа аж.

Хүнсний ногооноос гадна даршилсан ногоо, салат, нарийн ногоо байгаа бөгөөд мөн л зах, худалдааны төв, дэлгүүрийн үнээс хямд байна.

ЦАГ ХУГАЦАА, ЗАРДАЛ ИХ ШААРДАХ Ч ХОТОД ЖИМС, НОГООГОО ЗАРАХ НЬ АШИГТАЙ

Тариаланчдад ургацаа тариалахаас эхлээд амрах цаг байдаггүйг хэлж байлаа. Тэр ч бүү хэл ургацаа хурааж аваад хэрхэн худалдан борлуулах талаар бодож, ажиллаж нэг л мэдэхэд ирэх жилийн ургацаа тариалах цаг болсон байдаг гэсэн юм. Нийслэлд ирж үзэсгэлэн худалдаанд оролцох нь зардал ихтэй, цаг хугацаа их шаардах ч зах зээлээ бодвол ашигтай байдаг байна. Хүмүүсийн худалдан авалт сайн төдийгүй дэлгүүр, худалдааны төвүүд нь бөөнөөр нь авдаг учир орлого орон нутгаас хамаагүй сайн байдаг гэсэн юм. Гэхдээ тариаланчид өргөтгөсөн худалдаанд оролцох хүсэлтээ өгч, ногоогоо тээвэрлэж авч ирэх, түүнийгээ худалдан борлуулахдаа их ашиг олдоггүй, өөрсдийн хөдөлмөрийн үр шимийг хүртэхэд л сайхан байдаг байна.

Ногоочдын хэлж байгаагаар, химийн бордоогүй, органик бүтээгдэхүүнийг 3-5 жилийн өмнөхтэй харьцуулахад хүмүүс зорьж ирж өртгөсөн худалдаанаас авч байгаа.

Тиймээс ургац арвин байхын сацуу ашиг орлого ч сайн байна гэсэн юм. Үзэсгэлэн худалдаанд хоттой ойр бүхий л аймгаас худалдаачид иржээ. Хамгийн гол нь бүх жимс ногоо нь шинэ, өнгө үзэмж, амт сайтай байгаа нь онцлог аж.

ЗААСАН 21 БАЙРШИЛД ИРЭХ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 15 ХҮРТЭЛ НОГООНЫ ХУДАЛДАА ГАРНА

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх заасан байршлуудад “Алтан намар” үзэсгэлэн худалдаа 19 даэх жилдээ зохион байгуулагдаж буй. Тиймдээ ч иргэд ойр хавийн шинэ ургацын ногоо худалдаалдаг талбайгаа андахгүй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо Сансарын үйлчилгээний гадна талбай, дөрөвдүгээр хороо Жуковын талбай, 39 дүгээр хороо Тэнгэр худалдааны төвийн гадна талбайд худалдаа гарч байна.

Шинэ ногооны үзэсгэлэнд Сэлэнгэ, Ховд, Дархан-Уул, Өмнөговь аймгийн ногоочид 30 орчим төрлийн жимс, хүнсний ногоог шат дамжлагагүйгээр, хямд үнээр хэрэглэгчдэд худалдаалж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангах зорилтыг  хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 21 байршилд “Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг  зохион байгуулж байгааг албаныхан хэлсэн.

Хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулах юм.

Тиймээс та бүхэн өөрт ойр байрлах цэгүүдээс шинэ ургацын жимс, хүнсний ногоог авах боломжтой.