Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяны хүрээнд Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нөлөөллийн арга хэмжээнүүд авч байна.
Тодруулбал, Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, багш, нийгмийн ажилтнууд, төрийн болон ТББ-уудын төлөөллийг хамруулсан уулзалтыг хийлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд тулгардаг нэг асуудал бэрхшээл бол үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт байдаг.
Цагдаагийн байгууллагад энэ оны эхний гурван сарын байдлаар насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэг 256 бүртгэгдэж, үүнээс 63 нь хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг байгаа нь өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн 563 гэмт хэргийн улмаас 613 хүүхэд хохирч, 96 буюу 18.6 хувь өсөлттэй байна. Мөн сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил ч өсчээ.
Энэ бол сэтгэл эмзэглүүлсэн тоо баримт. Тиймээс Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Баяртулгын Сэмжидмаа хэлсэн үгэндээ “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аянд бүх сургууль, цэцэрлэг, багш, нийгмийн ажилтнууд, сурагчид, эцэг эх асран хамгаалагчид, төрийн байгууллага, хувийн хэвшлийнхнийг нэгдэхийг уриалсан юм.
Ер нь хүүхдийг дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх, гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалахад аав ээж, асран хамгаалагч, багш, нийгмийн ажилтнууд хүүхэдтэй нээлттэй ярилцдаг, дээрэлхэлтэд өртсөн эсэхийг анзаардаг, хүүхдүүд ч бие биедээ тусалдаг, хамгаалдаг байх нь чухал гэдгийг уулзалтад оролцогсод хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, нөлөөллийн аян үр дүнд хүрэхэд хүн бүрийн оролцоо ач холбогдолтой юм.
0 cэтгэгдэлтэй