Б.Баянхутаг: Бичлэг дээрх туузан хорхой нь гэрийн тэжээвэр амьтан болох нохой, муурнаас гардаг хялгасан хорхой байж болзошгүй

tsenzuurmn 2024-08-5

Олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байгаа туузан хорхойтой холбоотой асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган: Сүхбаатарын талбайн дэргэдэх Central Tower болон арын туслах зам орчмын зам талбайд туузан хорхой байна гэсэн мэдээллийн дагуу Нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох чиглэлийн улсын байцаагч өчигдөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар цахим орчинд гарсан бичлэг нь Монгол Улс, Улаанбаатар хотын нутаг дэвсгэр гэж тогтоох боломжгүй байсан бөгөөд мэдээлэлд тусгагдсан зам талбайд бороо болон бохир усны тогтоол байгаагүй. Мөн зам талбай цэвэрхэн, туузан хорхой илрээгүй.
Цахимаар цацагдсан мэдээлэлтэй ижил утгатай мэдээлэл төрийн байгууллагуудад ирээгүй бөгөөд гомдолд дурдсан Central Tower орчмын барилгын харуулын ээлжийн даргад холбогдох мэдээллийг танилцуулахад энэ төрлийн гомдол мэдээлэл ирээгүй гэдэг тайлбарыг өгсөн. Өөрөөр хэлбэл, гомдлын дагуу шалгалт хийхэд нотлогдоогүй.
Энэ мэдээлэлтэй ойролцоо мэдээлэл өнгөрсөн жилийн өдийд олон нийтийн цахим сүлжээгээр цацагдаж байсан. Үүнтэй холбоотой шалгалт хийхэд мөн л нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл, иргэд олон нийтийн цахим хэрэгслээр үндэслэлгүй мэдээлэл тарааж байна. Иймээс олон нийтийг айдаст автуулсан мэдээллийг түгээхгүй байхыг хүсэж байна.
Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газрын хэлтсийн дарга Б.БаянхутагЦахим орчинд тархсан бичлэг дээрх туузан хорхой нь гэрийн тэжээвэр амьтан болох нохой, муурнаас гардаг хялгасан хорхой байж болзошгүй. Тэгэхээр гэрийн тэжээвэр амьтандаа улирал тутамдаа мал эмнэлэгт  дархлаажуулалтын вакцин хийлгэж  байх ёстой.
Мөн гэрийн тэжээвэр амьтнаа гадаа салхилуулж байх үедээ бохир буюу ялгадсыг нь зориулалтын уутанд хийж, хог хаягдлын цэгт хаяж байх ёстой.