Хүүхдийг ойлгох гэдэг тэдний байр сууринаас харж, хүсэл сэтгэлийг нь хүндэлж, тоглоом зугааг нь томоохон ажил үйлс хэмээн тооцох явдал юм. Захиран тушаалгүй биш, сэтгэлийн хөдлөл, хүсэл тэмүүллийг нь ойлгож, тэдний амьдралд өөриймсөг хандахыг хэлнэ. Хүүхэд сургуульд орсноор тэдний амьдрал, үйл ажиллагаанд эрс өөрчлөлт гардаг.
Зургаан настай хүүхдийн сэтгэхүйн онцлог: Анхаарлын багтаамж нь бага, анхаарал төвлөрөх хугацаа 7-10 минут, анхаарлын шилжилт хуваарилах чадвар сул. Харин сонирхол татсан тоглоом тоглохдоо 90 минут хүртэл анхаарлаа төвлөрүүлж чаддаг байна. Мөн анхаарлаа гурав болон дөрвөөс илүү зүйлд төвлөрүүлнэ.
Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаггүй. Харин сэтгэлийн хөдөлгөөн нь түүнийг удирддаг. Үгийн нөөц 140 000 орчим. Дуу авианы 3-5 өнгийг ялгах чадвартай, сонорын хөгжил нь том хүнийх шиг болно. Энэ насандаа “Яагаад” гэсэн олон асуулт тавина. Байгаль орчин, эргэн тойрны хүмүүс, ертөнцийн тухай мэдэхийг оролдоно. Энэ ер бусын сонирхол, сониуч байдал нь сургалтад бэлэн буйг илтгэнэ.
Зургаан настай хүүхдийн нийгэмшихүйн чадвар
Зургаан настай хүүхэд хүмүүсийн харилцааны зөв буруу, сайн мууг ялган дүгнэж чаддаг болсон байна. Хүний өгөөгүйг авахгүй байх, бусдад саад хийхгүй байх, зөвшөөрөл авах, баярлаж талархсанаа илэрхийлэх зэргийг сайн мэддэг болно. Аливаа зөрчлийг эцэг эх нь хүчирхийлэлгүйгээр хэрхэн шийдвэрлэж байгааг харсан хүүхэд зөрчлийн шийдлийг олохын тулд бусдыг сонсож хамтран ажиллахын чухлыг мэддэг.
Энэ насны хүүхдэд янз бүрийн хэрэгцээ тасралтгүй бий болж, тэр нь байнга солигддог. Энэ хэрэгцээ нь тэдний өмнө хойшлуулшгүй тулгамдсан хүсэл болон тавигддагаараа онцлог юм. Анхны хүсэл санаа нь шууд үйлдэлд шилжинэ. Хүүхдийн амьдарч буй орчин, эцэг эхийн хандлага харилцаа зэрэг олон хүчин зүйл хүүхдийн хэл ярианы хөгжилд нөлөөлнө. Зургаан насны үед хэл яриаг хүртэж мэдрэх чадавх сайжирна.
Зургаан настай хүүхдийн тоглоом
Тоглох үйл ажиллагаа нь дотоод хүчний илрэл гэвэл энэ хүч нь хангагдаж хөгжих хэрээр тоглох хэрэгцээ нь өөр төрлийн хэрэгцээгээр буюу сургалтаар солигдоно.
Гэхдээ тоглохыг хориглох, нэг тоглоомоос нөгөөд хүчээр шилжүүлэх нь дотоод хөгжил хөдөлгөөнтэй нь харшилдаж, авьяас билэг нь бүх талаар эрчимтэй хөгжих бололцоог нь саатуулан зогсоодог. Тиймээс зургаан настай хүүхдийг сургуульд суралцаж эхэлсэн, ялангуяа эхний үед эцэг эх тоглохыг нь хорьж болохгүй. Тэгвэл хүүхэд сургууль, багшдаа дургүй болж мэднэ.
Зургаан настай хүүхдийн цүнх, ширээ, сандал
Олон улсын жишиг, судлаачдын үзэж байгаагаар нэгдүгээр ангийн хүүхдийн цүнхний хүндийн жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой. Хэрэв түүнээс илүү жинтэй бол хүүхдэд хүчилтөрөгчийн нэмэлт хэрэгцээг бий болгодог байна. Үүнээс үзвэл 6 настай сурагчийн цүнх 2 кг-аас хэтрэхгүй жинтэй байх нь зохимжтой. Зургаан настай хүүхдийн ширээ, сандал дор дурдсан хэмжээтэй байна.
• Ширээний өндөр 560мм
• Сандлын өндөр 585мм, суудлын өргөн 300мм, суудлын урт 330мм, түшлэгийн өндөр 285мм
• Сандлын суудал шалнаас 300мм, сандлын түшлэг нь суудалтайгаа 950-1080мм байна.
Зургаан настай хүүхдийн нийтлэг онцлогууд:
• Цовоо сэргэлэн, хөдөлгөөнтэй
• Сурч танин мэдэх сонирхол нь өндөр, сониуч зантай
• Аливаад уриалагхан, итгэмтгий цайлган, амархан баярлаж гомддог
• Асуултад өөрийнхөөрөө төсөөлөн бодож хариулна
• Зурах, дуулах, бүжиглэх дуртай
• Хөдөлгөөн ихтэй тул амархан ядарна
• Ихэнх нөхцөлд бусдад тусалдаг
• Өөрийнхөө худлаа хэлж байгааг мэдэж байдаг
• Мэргэжлийн спортын үндсийг тавих хамгийн тохиромжтой нас
• Тоглоом наадамд дуртай
• Идэх зүйл, өмсөх хувцсаа сонгох мэдрэмжтэй болдог
• Цаг агаарын байдалд тохируулан хувцаслана
• Шингэн зүйлийг асгалгүй аягална, юүлнэ
• Айх, эмээх зүйлгүй, яриасаг, ховч
• Үнэнч шударга, магтуулах дуртай
• Өөрийн болон бусдын дүр байдал, зан үйлийн талаар төсөөлөл мэдлэгтэй болдог
• “Би түүн шиг болно” гэсэн сэдлээр бусдыг даган дуурайх, орчноос суралцах хандлага хүчтэй илэрнэ
• Нөхцөл байдлаас хамааран гэр бүл, ойр дотнын хүмүүсээ өрөвдөх, дургүйцэх, сайшаах, шүүмжлэх нь их болно.
• Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чаддаггүй.
Эх сурвалж: Л.Сосорбарам “Та хүүхдээ сургуульд элсүүлэхэд бэлэн үү?” гарын авлага УБ. 2016
Gogo.mn
0 cэтгэгдэлтэй