С.УЯНГА
Манай улс голын эргээс 50 метр зайг онцгой хамгаалалтад авдаг. Өөрөөр хэлбэл, тэр бүсээс дотогш нэг давхар, 10, 100 давхар байшин байсан ч хамаагүй нураах хуультай. Модон жорлон ч адилхан гэсэн үг. Ийм л хууль үйлчлэх учиртай. Гэтэл голын голдирол дотор баригдсан “Аqua garden” хотхоныг хүчирдэг хүн алга. Хэрэв хууль журмаа хэрэгжүүлдэг бол өдийд энэ барилга нурчих байв. Анхнаасаа баригдахгүй ч байж болох байсан. Гэвч нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай үзэлцсээр л байна. Хамгийн сүүлд гэхэд барилгын ажлыг зогсоож, хоёр блокыг албадан нураах нийслэлийн Засаг даргын захирамж гарч өнгөрсөн сарын сүүлчээр компанийнханд хүлээлгэж өгчээ. Гэвч ажил гүйцэтгэгч “Эм Энд Жи” констракшн хотын даргын өмнөөс “үгүй” гэсэн байгаа юм. Ингээд л бүхэл бүтэн 1.5 сая хүнийг хариуцаж ажилладаг хамгийн том эрх мэдэлтэй байгууллага хотын захиргаа бүхий л арга чаргаа бараад “Авлига” хорооллыг үнэндээ хүчирсэнгүй. Эцэстээ Д.Сумъяабазар дарга “Барилгын тухай хуульд барилга байгууламжийг төвөгшлөөр нь ангилдаг. 16 давхраас дээш барилгыг онцгой, өндөр төвөгшилтэй барилга гэж ангилсан байдаг учраас барилгын ажлыг эхлүүлэх, түдгэлзүүлэх, зогсоох эрх нь зөвхөн Барилга, хот байгуулалтын яамны мэдэлд байдаг. Зөрчлийн тухай хуулиараа яамны хяналтын газарт байгаа барилгын байцаагч нар нь хяналт тавьж, уг хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу зогсоох, албан даалгавар өгөөд, биелүүлээгүй бол шүүхэд хандах эрх нь бий. Тухайн газрыг хүчингүй болгох шийдвэр гарсан. Газрын эрхийг цуцалсан учраас одоо Барилга, хот байгуулалтын яаманд зогсоох эрх нь бүрэн үүссэн. Бидний эрх зүйн чадамж л ийм байна” гэж учирласан. Ингэж хэлсний дараа төд удалгүй ногоон автобусны дуулиантай холбоотойгоор хотын дарга ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчихлөө. Харин “авлига” хороолол үлдэж хоцорлоо. Ямартаа ч дараагийн хотын даргыг угтах бас чансааг нь шалгах нэг ажил нь “авлига” хороолол болж байна.
Энд бас нэг зүйлийг онцлоход шударга бусыг илчлэх, түүнтэй тэмцэх үүрэгтэй АТГ ч мөн адил голын голдрилд өндөр байшин барьчихаад бүр байгууллагынх нь нэрийг хүртэл зээлдчихээд байгаа “авлига” хорооллыг шалгах хэрэгтэй. АТГ-ын нэрийг сайнаар биш муугаар алдаршуулж байна шүү дээ. Тиймээс Авлигатай тэмцэх газар “авлига” хорооллыг шалгаж нэрийнх нь учрыг олох хэрэгтэй биш үү.
Хотын дарга “авлига” хорооллыг хүчирсэнгүй. Чадамжгүй гэдгээ ч зарлачихаад буугаад явчихлаа. Харин одоо Ц.Даваасүрэн сайдын зангарах мэдэх нь. Хэрэв хурдан шуурхай арга хэмжээ авахгүй бол БХБЯ барилгын ажлыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан ч хугацаа хожих боломжтойг хуульчид хэлж сануулсаар байгаа. Эцсийн дүндээ байрны захиалагчид орон сууцандаа орж шүүхийн маргаанаас эхлээд үер усны аюул ч эрсдэл дагуулж мэдэх учраас хурдхан нэг талдаа гарах хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
0 cэтгэгдэлтэй