Үүргээ биелүүлдэггүй “Үүрэг трейд” компаниас болж ИНЕГ-ын харъяа “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийн барилга ашиглалтад оролгүй 12 жил болж байна.
Тодруулбал, хуучнаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийн барилгын ажил гүйцэтгэх гэрээг гүйцэтгэгч “Үүрэг трейд” ХХК-тай байгуулжээ.
Гэвч гүйцэтгэгч компани гэрээний үүргээ биелүүлэлгүй, барилгыг санхүүжүүлэх хөрөнгөгүй, гэрээнд тусгагдаагүй нэмэгдэл ажлын санхүүжилт шаардлагатай зэрэг шалтаг тоочсоор барилгын ажлаа зогсоожээ. Иргэний нисэхийн ерөнхий газар ажил гүйцэтгэх гэрээнд дахин нэмэлт өөрчлөлтүүд оруулж, нийтдээ 7 гэрээний 18 тэрбум төгрөгөөс 2019 он хүртэл 17 тэрбумыг нь олгосон байгаа юм.
“Үүрэг трейд” ХХК мөн л 2019 оны 12 дугаар сард санхүүжилт хүрээгүй гэх шалтгаанаар барилгын ажлаа дахин зогсоожээ. Үүгээр зогсохгүй ИНЕГ-аас 2021 онд томилогдсон инженерийн баг барилгын үлдэгдэл ажлын тоо хэмжээ, төсвийн тооцооны биелэлтийг гаргаж, баталгаажуулах үед тус компанийн зүгээс татгалзаж, ажлын акт, холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгөөгүй байна.
Уг барилгын асуудлаар АТГ-т удаа дараа хандсан ч хохирол учраагүй гэж үзээд хэрэг үүсгэн шалгалгүй өдийг хүрчээ. ИНЕГ алдагдсан цаг хугацаагаа эргүүлэн авч чадахгүй ч алдсан боломжоо олж авахаар дахин шүүхдэж эхэлсэн байна.
Энд бас нэг анхаарал татах зүйл нь анх гэрээ байгуулсан цагаас эхлээд гүйцэтгэгч байгууллагын хийсэн ажлын тоо хэмжээ, гүйцэтгэлээс илүү хэмжээний санхүүжилтийг ИНЕГ удаа дараа холбогдох хууль, тогтоомжийг зөрчин олгож ирсэн нь тогтоогдсон байдаг. Үүнээс харахад тухайн үеийн ИНЕГ-ын удирдлагууд ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэж хардах үндэслэл байна.
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, хариуцлагагүй “Үүрэг трейд” ХХК болон гүйцэтгэлээс илүү санхүүжилт удаа дараа олгож, байгууллагаа санхүүгийн алдагдалд оруулсан хариуцлагагүй албан тушаалтнуудад хууль хяналтын байгууллагууд хэзээ арга хэмжээ авч, 12 дахь жилтэйгээ золгож байгаа ИНЕГ-ын “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв”-ийг хэзээ ашиглалтад оруулах вэ?
0 cэтгэгдэлтэй