Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран сурагчдын эрүүл мэнд, эрүүл мэндийн боловсрлыг нэмэгдүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.
Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Төрийн өмчийн Ерөнхий боловсролын 23 сургуулийн 4777 зургаан настай хүүхдүүдийг зүрхний эмгэгийн илрүүлэгт хамруулна. Өнөөдөр тус дүүргийн 52 болон 75 дугаар сургуулиудаас тус үйл ажиллагааг эхлүүлж, зургаан настнуудын бие, бялдрын үнэлгээ болон зүрхний эмгэгийн илрүүлгийг өртөөчилсөн байдлаар зохион байгуулж байна.
Зүрхний эмгэгийн илрүүлэх “Эрүүл зүрх” төслийг 2022 онд Увс, Архангай аймгуудад хэрэгжиж, 2800 орчим зургаан настай хүүхдүүдийг үзлэгт хамруулсан.
Үзлэгт хамрагдсан хүүхдүүдээс 170 хүүхдэд зүрхний цахилгаан бичлэгээр өөрчлөлт илэрч, үүнээс 12 хүүхэд зүрхний мэс засал хийх шаардлагатай нь оношлогдсон байна. Эдгээр хүүхдүүд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт тусламж үйлчилгээгээ авч, бүрэн эдгэрсэн.
Зүрхний эмгэгийн илрүүлгийг Япон улсад мөрдөж буй зааврыг удирдамжийн дагуу хийж байгаа бөгөөд тус улсад 2012 онд хийгдсэн зүрхний илрүүлгийн судалгаагаар нийт хүүхдийн 3.3%-д зүрхний эмгэг илэрч, 0.99%-д эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай байв.
Харин манай улсын хувьд хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг зүрх судасны өвчлөл, нас баралтыг бууруулахад сургуульд суурилсан эрүүл мэндийн илрүүлгийг бага ангиас эхлэн зохион байгуулж, хүн амыг эрүүлжүүлэх үйл ажиллагааг эхлүүлэх нь зайлшгүй шаардлагатай байгаа талаар “Эрүүл Зүрх” үйл ажиллагааг зохион байгуулж буй хүүхдийн эмч, судлаач С.Энхцолмон хэллээ.
Өнөөдрийн үйл ажиллагааг нээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын “Эрүүл Монгол хүн” төсөл, хөтөлбөрийн албаны дарга О.Чимэдсүрэн доктор хэлсэн үгэндээ:
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтын дийлэх нь оношлогоо, эмчилгээ зэрэг эмнэлэгийн тусламжид зарцуулагдаж байна. Эрүүл мэндийг дэмжих, сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, судалгаанд сууриласан нийтийн эрүүл мэндийн тусламжийг оновчтой, үр дүнтэй хэрэгжүүлэхэд “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн гол анхаарч ажиллана.
Өнөөдөр манай улсын хүн амын 3,9 хувь л ХБӨ-ний анхдагч эрсдэлгүй, эрүүл зан үйлтэй байна. Монгол улсад 839 ЕБС-д 680,8 мянган сурагчид суралцаж байна. Үүнд 34 073 үндсэн багш ажиллаж байна. Эрүүл мэнд, боловсрол, хүнс, хөдөө аж ахуйн салбар манлайлан ирээдүйн эрүүл иргэн, үеийг бий болгохын тулд цэцэрлэг, сургуулиас нь хүүхдэд зөв, зохистой хооллох дадлыг үдийн хоол хөтөлбөрөөр дамжуулан олгох.
Бүх шатны боловсрлын хөтөлбөрт эрүүл зан үйл, идэвхтэй дасгал хөдөлгөөн, эрүүл мэндийн боловсрол олгох агуулгыг тусган, хэрэгжүүлэх багийг бэлтгэх, үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд холбогдо талуудтай хамтран ажиллаж буйг онцоллоо. Зан үйлийг өөрчилнө гэдэг хугацаа шаардах ч, хамтдаа хичээж эрүүл ирээдүйг, эрүүл иргэнийг бий болгоцгооё.
Сурагчдаа зөв,тэнцвэртэй үдийн хоолоор хангаж, дасгал хөдөлгөөн биеийн тамираар нь дамжуулж эрүүлжүүлж, зөв дадал зуршилтай болгоё, оновчтой хөтөлбөр, шинжлэх ухаанч боловсролоор нь дамжуулж эрүүл мэндийн мэдлэгийг олгоё. Бид үр хүүхдээ өвдөхөөс нь урьтаж үзлэг шинжилгээнд хамруулдаг байя. Үүнд эцэг, эх асран хамгаалагч та бүхний хичээл зүтгэл, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй юм. Та бид үр хүүхдүүдээ эрүүл өсгөж байж, эрүүл ирээдүйг хамтдаа бүтээх юм.
Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн эмч Ц.Жавзандулам:
Хүүхдүүдийг гаднаас хараад зүрхний өвчтэй эсэхийг эцэг эх байтугай эмч бид нар ч мэдэх боломжгүй. Ковидоос хойш хүүхдүүдийн дунд элдэв эмгэн, зовиурууд ихээр илрэх болсон нь ажиглагдаж байгаа. Энэ зохион байгуулж илрүүлгээр хүүхдийнхээ эрүүл мэндийг мэдээд авчих боломжтой болж байгаад баяртай байна.
“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөр сурагчдын эрүүл мэндийг тогтмол хянадаг болох нь үнэхээр ач холбогдол ажил гэж харж байна. Сургуулийн эмч 2000-3000 хүүхдэд хүрч үйлчилнэ гэдэг хэцүү. Энэ ажлын хүрээнд бидний ажил мөн ихээхэн хөнгөрөх нь гэж бодож байна.
Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэн Ч.Нямлхагва:
Сая уулзалтад суугаад маш хэрэгтэй мэдээллүүд авлаа. Би өөрөө эрүүл мэндийн байгууллагад ажилладаг ч гэсэн энэ уулзалтаар нийтийн эрүүл мэндийн чииглэлээр ямар ажлууд хийгдэж байгаа болон тэрэнд иргэд бид яаж оролцох талаар мэдээлэл авлаа. Эцэг,эхчүүд бид чинь өглөө гараад л орой ирдэг.
Завгүй байдлаасаа болоод үр хүүхдүүдээ дагуулж яваад урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж тэр бол амждаггүй. Өвдлөө хавдлаа гэхээр нь л эмнэлэг авч явдаг. Сургууль дээр нь ирээд хүүхдүүдийг нэгдсэн журмаар үзлэгт хамруулж буцаагаад эцэг, эхэд нь хүүхдийнх нь эрүүл мэндийн байдлын талаар мэдээлж, зөвлөмж хүргүүлнэ гэдэг нь их таалагдлаа. Баярлалаа гэж ажлын хэсгийнхэнд хэлмээр байна.
Ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн захирал Л.Цэрэнханд:
Манай сургуулийн алсын хараа бол Эрүүл Монгол иргэн төлөвшүүлэх юм. энэ хүрээнд зургаан настай хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах гэж байгаад баяртай байна. Энэ үзлэг нь зөвхөн нэг удаа хийгдээд өнгөрөх бус цаашид давтамжтайгаар явагдаж сурагчдын маань эрүүл мэндийг тогтмол хянаж байх нь үнэхээр зөв зүйтэй ажил хэмээн сургуулийн удирдлагын хувьд талархан хүлээн авч байна.
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг нь “Эрүүл Монгол хүн” юм. Тус хөдөлгөөний чухал зорилтын нэг нь бүх шатны боловсролоор дамжуулан эрүүл, зохистой хооллолт, эрүүл зан үйл, идэвхтэй дасгал хөдөлгөөн бүхий эрүүл чийрэг, саруул сэтгэхүйтэй монгол иргэдийг бий болгох юм.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] There you can find 9349 additional Info on that Topic: tsenzuur.mn/24593 […]