С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй

tsenzuurmn 2026-04-3

Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ,

Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Монгол Улсын Ерөнхий сайд,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын төлөөлөгчдийн дээд байгууллага-Улсын Их Хурлын даргын хариуцлагатай албанд итгэл хүлээлгэн сонгосон Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Улсын Их Хурлын даргын үүрэг нь ард түмнийг төлөөлөх эрхээр баталгаажсан парламентат ёсны эрхэм чанарыг хэрэгжүүлэхдээ төв, голч, тэнцвэртэй  байр суурийг  баримтлан, хууль дээдлэх ёсыг хүндэтгэн  сахиулахад  оршино.

Улсын Их Хурал бол улс орны хөгжлийн төлөөх  бодлогын мэтгэлцээний нэг чухал талбар мөн. Гэвч энэ нь Улсын Их Хурлын үйл ажиллагаа, цаашлаад төрийн үйл ажиллагаа, ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй ээ.

Монгол Улс олон намын тогтолцоотой, олон намын оролцоотой парламенттай. Тиймээс бодлого, шийдлийн ялгаа байх  нь зүйн хэрэг. Харин тэрхүү ялгаатай байр суурийг  хуулийн гадуур шийдэх тоглолт хийх ёсгүй. Энэ бол парламентат ёсны мөн чанарт нийцэхгүй.

Тиймээс хууль ёсыг чанд сахих, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, хариуцлагатай, ёс зүйтэй парламентыг төлөвшүүлэхийн төлөө тууштай ажиллах болно гэдгээ энэхүү индэрээс илэрхийлье.

Энэ ташрамд миний бие Улсын Их Хурлын даргын суудлыг дараагийн албан тушаалд хүрэх шат гишгүүр болгож ашиглахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.

Улсын Их Хурлын гишүүн гэдэг бол эрх мэдэл гэхээс илүүтэй үүрэг хариуцлага.

Та бидний хэлсэн үг, гаргасан авир өдөр бүр монгол айл өрхийн хойморт урилгагүй нэвтэрч, төрдөө итгэх итгэлийнх нь галыг бадрааж, эсхүл унтрааж, урмыг нь хугалж байдгийг байнга санаж байгууштай.

Өнөөдөр монголын ард түмэн Улсын Их Хурлын гишүүдээсээ өдөр бүр ёс зүй шаардаж, хууль дээдлэх зарчмыг нэхэж, шударга ёсыг хүсэмжилж байгаа нь зүй ёсны хэрэг.

Би түмнийхээ төлөө зүтгэнэ гэж төрдөө тангараг өргөсөн аавын хүүхдүүдийг үзэл бодол, итгэл үнэмшил, нам, эвслээр нь алагчилж үзэхгүй.

Ард түмнийхээ итгэлийг дааж, монгол төрийн нэр хүндийг өндөрт өргөж, хүлээсэн үүрэг, үүрсэн ачаандаа эзэн болж,  ажлаа хариуцлагатай сайн хийж байгаа төрийн түшээдээ түшиж, дэмжиж ажиллах болно.

Харин Улсын Их Хурлын гишүүний ажлаа хийдэггүй, хууль тогтоох ажилдаа хайхрамжгүй хандаж, хурлаа тасалдаг, ёс зүйгүй авирладаг гишүүдийн толгойг илэхгүй гэдгээ ч хэлье.

Парламентат ёс, парламентын ардчилал бол Монголын ард түмний Үндсэн хуулиараа хийсэн сонголт. Энэ сонголтыг бид  ямагт хүндэтгэх, бататгах, хамгаалах,  парламентын дархлааг бэхжүүлэх үүрэгтэй.

Эрхэм хүндэт гишүүд ээ,

Монгол Улсад тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн олон асуудлыг шийдвэрлэх оновчтой, зөв арга бол хувь улс төрчдийн хүсэл зоригийг хуулиар хязгаарлах, улс орныг хуулиар удирдах, гагцхүү хууль засаглах, хууль хэрэгждэг байх  нөхцөлийг бүрдүүлэх явдал юм.

Харамсалтай нь өнөөдөр хариуцлага нэхдэг дэг журам төрийн бүх шатанд суларсан байна.

Хууль батлаад, мартдаг явдал одоо бараг зуршил болжээ.

“Монголын хууль гурав хоног” гэсэн өөр цаг үед, өөр утгаар үүссэн муухай хэллэг өдгөө бидний бодит байдал болж байгаад Та бид дүгнэлт хийх цаг болсон байна.

Бид олон жил  хүн засаглахгүй, хууль засаглах ёстой гэж хоосон ярилаа. Гэтэл  хууль засаглахын нэг чухал эх үндэс болсон хууль өөрөө хэрэгжихүйц байх ёсыг  тогтоож чадаагүй байна. Хуулийн хэрэгжилт муу байгаагийн нэг ноцтой шалтгаан  Та бидний  баталж байгаа хуульд  өөрт нь байна гэсэн үг.

Хүмүүсийн эрхийг хамгаалсан хуулийг хүмүүс хэрэгжүүлэх төдийгүй хамгаалалтандаа авдаг учраас  хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэн батлахдаа хүний эрх, эрх чөлөөнөөс эх үндсээ авсан эсэхийг нягтлан шалгах,  улс орны нийтлэг  эрх ашгийг чухалчлах, ард түмний  өмнө тулгарсан асуудлыг оновчтой, шуурхай шийдвэрлэхэд Улсын Их Хурлын үйл ажиллагаа чиглэх ёстой.

Эрхэм хүндэт гишүүд ээ,

Дэлхийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал нэн ээдрээтэй, түүнээс улбаалсан хүндрэл, сорилтууд манай улсын нийгэм, эдийн засагт нөлөөлж эхлээд байна.

Ийм эгзэгтэй үед үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхаа бэхжүүлж, урьтаж мэдэх, тосож бэлдэх, тэсэж давах стратегийг цаг алдалгүй хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага урган гарч байна.

Ийм цаг үед төрийн гадаад, дотоодын бодлогын үндсийг тодорхойлдог Монгол Улсын төлөөлөгчдийн дээд байгууллага болох Улсын Их Хурлын үүрэг, хариуцлага онцгой өндөр байгааг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Эрхэм гишүүд ээ,

Миний бие олон монголчуудынхаа адил эгэл боргил амьдралд өсөж, хагацал зовлонд хат сууж, хайр энэрэлд хүмүүжин бойжиж хүн болсон эгэл нэгэн.

Хар залуу наснаасаа хувийн хэвшилд хүчин зүтгэж, ар гэрээ засаж, ажил бизнесээ босгож, монгол хүн хичээвээс хийж бүтээж чаддаг гэдгийг эрчим хүч, авто замын салбарт бүтээн байгуулалт хийж явахдаа яс махандаа тултал ойлгож, ухаарсан мянга мянган монгол хүний нэг.

Тийм ч учраас эгэл амьдрал, хувийн хэвшлээс төрд орж ирсэн хүний хувьд амьдралын төлөө хичээн зүтгэж буй ард олныхоо, ажлын байр бий болгож, татвар төлж, баялаг бүтээж буй хувийн хэвшлийнхний өмнө тулгамдаж буй асуудал, тулгарч буй зовлон, жаргалыг хэнээс ч дутахгүй мэдэх учраас татвар төлөгчдөө, ажлын байр бий болгон, баялаг бүтээж байгаа бүтээлч иргэдээ байнга дэмжин ажиллах болно.

Энэ цаг үед малчид маань мал сүргээ мэнд хаваржуулж, төл бүрэн хүлээн авахаар идэх хоол, унтах нойроо умартан зүтгэж байна.

Тариаланчид “Хаврын нэг өдөр намрын арван өдөртэй тэнцдэг” хэмээх үгийг санаж, удахгүй эхлэх хаврын тариалалтын бэлтгэлээ базаан цаг завгүй хөдөлмөрлөж байна.

Улс орныхоо эдийн засгийг нуруундаа тээж яваа баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн маань гадаад орчин нөхцөл, геополитикийн байдалд санаа зовнин, ажил бизнест нь хүндрэл бэрхшээл тулгарах вий хэмээн сэтгэл түгшин суугаа.

Ийм үед иргэд, аж ахуйн нэгжүүдэдээ ээлтэй бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн эрх чөлөө олгож, хүнд суртлын хүлээс дарамтаас тэднийг чөлөөлж, төр улсаа цэгцлэж, засгийн бодлогоо зөв залж, иргэд сонгогчдоо төлөөлсөн шиг төлөөлж, түмэн олноо түшиж ажиллах нь Та бидний өргөсөн тангарагаараа хүлээсэн үүрэг, үүрэх ёстой ачаа гэдгийг цохон тэмдэглэж хэлье.