2.3 их наядын төсөвт өртөгтэй Туулын хурдны зам төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл, төсөвт өртөгт хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах шаардлагатай гэж Төсвийн байнгын хорооны зарим гишүүд санал гаргасан. Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2026.04.15/ -ийн хуралдаанаар ажлын хэсэг байгуулахтай холбоотой гишүүд үг хэлсний дараа уг асуудлаар санал хураалт явуулахад 47,4 хувиар дэмжигдсэнгүй.
Байнгын хорооны хэлэлцэх асуудлын дарааллын дагуу “Орон нутгийн хөгжлийн сангийн 2024 оны бүрдүүлэлт, зарцуулалт, үр дүн, үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан”-г сонсов. Орон нутгийн хөгжлийн сангийн 523,5 тэрбум төгрөгийн 8998 төсөл арга хэмжээний 2 хувь буюу 180 төсөл арга хэмжээг 84,6 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн нь журамд заасан чиг үүрэгт хамааралгүй урсгал зардлын шинжтэй байсан гэв. Аудитын шалгалтаар нийт 158,5 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
Үргэлжлүүлэн “Хүү, торгуулийн орлогын бүрдүүлэлт, зарцуулалтад хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлан”-г хэлэлцлээ. Хүү торгуулийн эх үүсвэрээр 2023, 2024 онд 361,2 тэрбум төгрөг төвлөрүүлж, орлогын 97,2 хувийг орон нутгийн төсөвт, 2,8 хувийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Хүү торгуулиас бүрдсэн орлогоос 55,9 тэрбум төгрөгийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, 48,3 тэрбум төгрөгийг авто замын засвар шинэчлэлийн ажилд зарцуулжээ.
Хуралдааны төгсгөлд Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


0 cэтгэгдэлтэй