Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.30/-ийн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, нэр дэвшигчийн сонсголын тайланг танилцуулав. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг УИХ нээлттэйгээр нэр дэвшүүлж, сонгон шалгаруулалтад үндэслэн томилгооны сонсгол хийж томилохоор заасан. Энэ дагуу Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаж томилгооны сонсгол хийсэн байна. Заасан хугацаанд нэр дэвших хүсэлт, материалаа ирүүлсэн нийт 25 иргэн бүртгүүлснээс шаардлага хангаж, Ажлын хэсгийн олонхын санал авсан Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал, Ц.Жавхлантөгс, Ч.Өнөржаргал гэсэн 4 нэр дэвшигч шалгарч, байнгын хорооны хуралдаанд оролцон УИХ-ын гишүүдийн асуултад хариуллаа. Хуульд заасны дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр нэр дэвшүүлэхийг санал болгосон нэр дэвшигч нэг бүрээр ил санал хураалт явуулж, Х.Эрдэм-Ундрах, Ч.Баянжаргал нарыг гишүүдийн олонх дэмжснээр УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахаар болов.


0 cэтгэгдэлтэй