ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

tsenzuurmn 2 цагийн өмнө

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.12.16/ хуралдаан 11.04  цагт УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал, Ж.Баярмаа, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Ч.Номин, Э.Одбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Н.Учрал, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн, Ө.Шижир  нар хүрэлцэн ирснээр 53.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай байлаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад ирүүлсэн талаар хуралдаан даргалагч танилцуулаад, Монгол Улсын ИХ Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу асуудлыг хэлэлцэж буйг тодотгосон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй хэмээгээд, энэ чухал байгууллагыг удирдах үүрэг гүйцэтгэгчээр хэнийг томилох талаар тодруулав.

Хуралдаан даргалагч, сонгуулийн төв байгууллагын дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн тул хуульд заасны дагуу томилгооны сонсгол явуулах учиртайг дурдаад, тус байгууллагын даргад нэр дэвших хүн тодорхой болоогүй учраас Байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, даргын үүрэгт ажлаас чөлөөлөх, Сонгуулийн ерөнхий хорооны даргыг шинээр томилох хүртэл хугацаанд даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байхыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, нарийн бичгийн даргад даалгасан УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан талаар танилцуулсан.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Сонгуулийн ерөнхий хорооны даргын өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.