Ү Шюй: Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх цонх, сэтгэлийг холбох гүүр билээ

tsenzuurmn 2025-09-17

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Бүх Хятадын сэтгүүлчдийн эвлэл, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулж буй Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XV форум боллоо.

“Хиймэл оюуны эрин үе дэх Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа” сэдвийн дор зохиож буй уг форумд хоёр орны 100 гаруй төлөөлөгч оролцож байна. Форумын хүрээнд хоёр талаас илтгэл тавьж буй илтгэгчдийн хувьд, “Хиймэл оюун хэвлэл мэдээллийн салбарт урьд өмнө нь байгаагүй боломжийг, мөн сорилтыг авчирч байна” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байлаа.

Бүх Хятадын сэтгүүлчдийн эвлэлийн Нарийн бичгийн даргын газрын дарга Ү Шюй илтгэлдээ, “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх цонх, сэтгэлийг холбох гүүр билээ. Хиймэл оюуны давлагаа дэлхийг хамарч буй энэ эринд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл илүү чухал үүрэг хариуцлагыг үүрч байна. Иймд Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэхүү боломжийг ашиглан мэдээ цуглуулах, үйлдвэрлэх, түгээх, хянан шалгах зэрэг бүх шатанд хиймэл оюуны шинэ хэрэглээг хамтдаа судалж, технологийн хөгжил, өгөгдөл хуваалцах, алгоритмын ёс зүй зэрэг чиглэлээр харилцан суралцаж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ худал мэдээлэл, алгоритмын ялгаварлал зэрэг сорилтыг хамтдаа даван туулж, технологийг хоёр улсын ард түмний мэдээ мэдээлэл, танин мэдэхүй, соёлын хэрэгцээнд илүүтэй чиглүүлэх хэрэгтэй” хэмээв.