“Газар доор уусган олборлох технологи” сэдвээр цуврал сургалт зохион байгуулав

tsenzuurmn 2025-04-15

Монгол Улсын Засгийн газрын 14 мега төслийн нэг болох ураны төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс, Франц улстай энэ онд “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан бөгөөд уг төсөл эхэлж, бүрэн хүчин чадлаараа ажиллахад 1600 орчим ажлын байр бий болох төдийгүй нийт ажилтнуудын 90 гаран хувь Монгол иргэд ажиллана.

Иймд энэ чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчнүүдийг бэлтгэх хүрээнд “Бадрах энержи” компани, Орано Уул уурхайн коллеж, МУИС, ШУТИС хамтран ашигт малтмал баяжуулалт технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад “Газар доор уусган олборлох технологи” сэдвээр цуврал сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

МУИС, ШУТИС нь үндэсний хэмжээнд геологи уул уурхайн чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг, тэр дундаа цөмийн инженер технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг манай ууган сургуулиуд юм. Тус сургуулиуд “Бадрах энерги” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад гурван жил болж байгаа бөгөөд энэ хүрээнд олон ажил хамтран гүйцэтгэж байгаагийн нэг нь энэхүү Газар доор уусган олборлох технологийн модуль сургалт юм.

Францын “Орона майнинг” коллежийн багш нар ирж ашигт малтмалын баяжуулах технологийн талаар нарийн модуль сургалтыг хийсэн нь уул уурхайн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг ахисан түвшний сургалт, судалгаа хийх, мэргэшүүлэх, мэдлэг мэдээллээ тэлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо гэдгийг оролцогчид онцолж байна.

“Орано Майнинг болон “Бадрах Энержи” компаниуд энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчнийг сургах, бэлтгэх талаар үүрэг хүлээх ёстой. Хамтарсан Зөөвч-Овоо төслийн ирээдүйн боловсон хүчнүүд, элч төлөөллүүд маань яг одоо суралцаж байгаа оюутнууд болон арван жилээс их сургуульд суралцахаар орж ирэх хүүхдүүд юм. Оюутнуудад зориулсан сургалтыг бид их сургуулиудын өөрсдийнх нь идэвхтэй хүчин чармайлт, оролцоотой зохион байгуулж ирсэн. Газар доор уусган олборлох технологи нь олборлолтын өвөрмөц технологи юм. Технологио олон нийтэд ойлгуулахдаа ил тод байдлыг эрхэмлэж, технологийнхоо талаар олон нийтэд үнэн зөв мэдлэг түгээхийг бид зорьж байгаа. Хүмүүс мэддэг болсноороо айхаа больж, айхаа больсноороо технологид итгэж, итгэснээрээ манай үйл ажиллагааг эергээр хүлээн авахад дөхөм болох юм. Иймд манай компаниас сургалт мэдээлэлд ихээхэн анхаарч ажиллаж байна” гэж “Орано Майнинг” компанийн Нийгмийн хариуцлага, олон нийттэй харилцах албаны захирал Жиил Рэкошэ онцоллоо.