Р.ОТГОНЖАРГАЛ : Олон нийтэд худал мэдээлэл түгээж, гүтгэж байгааг өөртөө давуу байдал үүсгэх  үйлдэл гэж харж байна   

tsenzuurmn 2025-04-9

Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Иргэн Т.Нэргүй гэдэг хүн өөрийнхөө хувийн хаягаар удаа дараа “лайв” хийгээд таныг өөрийн төрсөн эгчдээ давуу байдал олгож, өөрийнх нь ачаа, барааг шалгаад явуулахгүй байна гэж нийтэд мэдээлсэн. Тухайн иргэний гомдлыг шалгаж үзэв үү?

Миний бие 2022 оны 12 дугаар сард Засгийн газрын шийдвэрээр Гаалийн Ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байна.

Намайг тухайн албан тушаалд томилогдох үеэс эхлэн иргэн Т.Нэргүй гэдэг хүн   Р.Отгонжаргалын төрсөн эгч нь Замын-Үүд дэх гаальд ажилладаг, гаалийн байцаагч нарыг дарамтладаг, бусдын ачаа барааг зогсоож шалгуулдаг, өөрийнх нь хамааралтай ачаа бараа гаалийн хяналт, шалгалтаар ордоггүй гэх утга агуулгатай мэдээллийг түгээж эхэлсэн.

Мөн Засгийн газрын гомдол мэдээлэл хүлээж авах 11-11 тусгай дугаар болон Гаалийн ерөнхий газрын  1800-1281 дугаарт удаа дараа гомдол гаргаr байгаа.

Гомдолыг нь тухай бүрт нь  ГЕГ-ын Хяналт, бүрдүүлэлтийн газар, Зөрчилтэй тэмцэх газруудад шалгаж,  албан хариуг тухай бүрт нь өгч байгаа.

Нөгөө талдаа тухайн иргэнийг асуудлыг нээлттэй ярьж, шүгэл үлээж байна хэмээн харж байсан. Энэ ч утгаараа миний бие гомдлыг тухайн шалгах бүтцийн нэгжүүдээр шалгуулж, хариу арга хэмжээ аваад иргэнтэй биечлэн уулзаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу асуудлыг нь шийдвэрлэж хариуг өгөх талаар чиглэл өгч байсан. Энэ дагуу харьяа газрууд асуудлыг тодруулж, мэдээллийг иргэнд цаг хугацаанд нь өгч байгаагаа  надад танилцуулсан.

Ер нь гаалийн байгууллагын нэгдсэн мэдээллийн санд иргэний гомдол, хариу арга хэмжээг тухай бүрт нь бүртгээд явдаг. Гэтэл иргэн Т.Нэргүй хэсэг хугацааны дараа надтай уулзах хүсэлтийг тавьсан.

Өнгөрсөн хугацаанд иргэн Т.Нэргүйтэй дээрх асуудлаар та өөрөө уулзаж, асуудлыг шийдвэрлэх тал дээр арга хэмжээ авсан уу?

Иргэний хүсэлтийн дагуу 2023 оны 11 дүгээр сард Т.Нэргүйг хүлээн авч уулзсан. ГЕГ-ын хуулийн хэлтэс, зөрчилтэй тэмцэх газрын дарга нар ч түүний хүсэлтээр болон гомдолынх нь талаар уулзаж байсан.  Т.Нэргүй надтай уулзаад асуудлыг  ойлголоо гээд явсан.

Т.Нэргүйн хувьд Замын-Үүдэд итгэмжлэгдсэн төлөөлөгч хийдэг Р.Бурмаа нь гаалийн байцаагчдыг дарамтлаж, иргэд зорчигчдоос мөнгө авдаг, бусад хүмүүсийн ачааг цагдаагаар зогсоолгодог саатуулдаг гэж үзэн надтай холбож хардаж байгаагаа гомдлоор мэдүүлсэн.

Уулзалтаар энэ асуудал дээр миний бие албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Мөн уг гомдол нь эрүүгийн хэргийн шинжтэй гомдол тул намайг албан тушаалаа ашиглан бусдад давуу байдал олгосон гэж үзэж байвал холбогдох хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах эрх нь танд нээлттэй гэдгээ илэрхийлсэн. Миний зүгээс товчхондоо 2-3 зүйл дээр байр сууриа илэрхийлж, ярилцсан.

Тухайлбал, би гаалийн байгууллагад томилогдон ирснээсээ хойш нэг ч гаалийн байцаагчид, газар хороодод хувийн гуйлт, хууль бус шахалтыг огт хэлж, шаардаж байгаагүй. ГЕГ-ын даргын хувьд иргэн, аж ахуйн нэгжийн гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх ажилд нь хөндлөнгөөс гууд нөлөөлөх боломжгүй тийм чиг үүрэг ч байхгүй. Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, удирдлага зохион байгуулалтаар л хангаж ажиллах үүрэгтэй. Гаалийн улсын байцаагч нар хуульд заасан чиг үүргийнхээ дагуу гаалийн хяналт, шалгалт, бүрдүүлэлтээ хийгээд татвар ногдуулах үүрэгтэй гэдгийг тайлбарласан. Нөгөөтэйгүүр Р.Бурмаа нь миний төрсөн эгч мөн. Манайх ах, дүү олуулаа, бүгд л дор бүртээ ажил төрөлтэй, бие биенийхээ ажил төрөлд оролцоод байдаггүй улсууд л даа.  Миний хувьд төрийн байгууллагад 30-аад жил ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагч.  Р.Бурмаа нь Замын-Үүдэд 20-иод жил хувиараа ажиллаж, амьдарч байгаа. Р.Бурмааг 20 гаруй жил хууль зөрчсөн гэж үзэж байгаа хэмээн мэдээлэл хийсэн байсан. Иймд баримт, нотолгоотой нь хууль, хяналтын байгууллагад өгч шалгуулах нь  ч нээлттэй гэдгийг  түүнд хэлсэн. Би ГЕГ-ын дарга  гээд Р.Бурмаагийн эрхэлж буй үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг нь яг ямар ажил хийдэг хүмүүс бэ? Гаальд нөлөөлөх хэмжээний албан тушаал юм уу?

Итгэмжлэгдсэн төлөөлөгч гэдэг нь зарим иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд импортоор оруулж ирж байгаа бараа, бүтээгдэхүүнээ улсын хилээр нэвтрүүлэхдээ хувь хүмүүст итгэмжлэл олгож, өөрсдийг нь төлөөлж гаалийн бүрдүүлэлт хийдэг хүмүүсийг хэлдэг. Иргэн, аж ахуйн нэгжийг төлөөлдөг хувь хүмүүс гэсэн үг. Т.Нэргүй  Р.Бурмаа нар ч  эдгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэг.

2024 онд 2000 гаруй итгэмжлэгдсэн төлөөлөгч Гаалийн байгууллагад бүртгэлтэй байгаагаас 500 орчим  итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 10-аас дээш  удаа гаалийн бүрдүүлэлт хийсэн гэсэн бүртгэл байна.

Т.Нэргүй тантай уулзсан хэрнээ сая өнгөрөгч хоёрдугаар сард хэвлэлийн хурал хийж, таныг хуулийн байгууллагад шалгуулна гэж мэдэгдсэн. Ер нь таниас энэ талаар тайлбар мэдээлэл авсан уу?

Өнөөдрийн байдлаар надтай  холбоотой гомдол, мэдээлэл ирсэн, тайлбар  авья гэж дуудсан юм алга. Хэвлэлийн хурлаас харахад хувь хүн Р.Отгонжаргал руу чиглэсэн, тодорхой нотлох баримтгүй, гүтгэх мэдээллийг нийгмийн сүлжээгээр тарааж байна лээ. Аливаа асуудал өөрөө хоёр талтай үндэслэлгүйгээр худал мэдээлэл тараах нь хуулийн хариуцлагатай. Хувь хүн Р.Отгонжаргалын талаар ярьж байгаа хэдий ч цаана нь Монгол Улсын Гаалийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг, үйл ажиллагаа, системийн хэмжээний нийт гаальчдийн ажлын үр дүн, нэр хүндэд халдсан мэдээлэл хийсэн гэж үзэж байгаа. Би ажлын ачааллаас шалтгаалж олон нийтийн сүлжээнээс тэр болгоныг үзээд байх цаг зав ч байдаггүй.

Т.Нэргүй нь өөрийн хувийн хаягаараа үндэслэлгүй нотолгоогүй худал мэдээллийг удаа дараа олон нийтийн сүлжээнд түгээж, гүтгэж байгааг төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, өөртөө давуу байдал бий болгох гэсэн үйлдэл гэж үзэж байгаа.

Монгол Улсын Гаалийн байгууллага нь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага. Холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилийг хангаж, улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгсэл, хориглосон болон хязгаарласан бараа, бүтээгдэхүүнд гаалийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх,  улсын төсвийн орлогыг шударга, үр ашигтай  бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага. Тиймээс аливаа гүтгэлэгээс үл хамааран гаалийн албан хаагчид хууль дүрмийнхээ дагуу ажиллах ёстой.

Ингэхэд таны нэрийг барьж гаалийн байцаагч нараас давуу байдал шаардах, хяналт шалгалтаас тойрч гарах оролдлого гарч байв уу?

Тийм тохиолдол нэг биш удаа гарч байсан шүү. Төрийн байгууллагын албан хаагчдад, тэр тусмаа гаалийн байцаагч нарт хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн үйлдэл байдгийг үгүйсгэхгүй. Гаалийн хяналт, шалгалтыг бусдаас хараат бусаар хэрэгжүүлэх ёстой. Миний хувьд гаалийн байгууллагын бүх түвшиний уулзалт  хурал дээр тийм асуудал байх юм бол надад тэр даруйд нь мэдэгдээрэй гэж  хэлдэг. Байгууллагын удирдах албан тушаалтан болон гаалийн байцаагч нарын ажил үүргээ гүйцэтгэхэд хөндлөнгөөс нөлөөлөх, хууль бус шахалт үзүүлэх нь өөрөө албан тушаалын гэмт хэрэг, үүнийгээ ч хамт олондоо  албан ёсоор хэлдэг. Оны өмнө олны танил нэг инфлюсер миний нэрийг хэлээд гадаадаас ирсэн ачаа, бараагаа авах гэсэн тохиолдол гарч байсан тухайн гаалийн газраас надаас тодруулахад нь мэдсэн. Би тэр хүнийг огт танихгүй хүн байсан. Таньдаг хүн байлаа ч “даргын хүн” гэж хуульд  байхгүй гэдгийг системийн хэмжээнд байнга хэлж, сануулдаг.