
УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, улс төр судлалын доктор Д.БУМДАРЬ-тай уулзаж ярилцлаа.
-УИХ-ын сонгуулийн тогтолцоо шинэчлэгдэж, парламент 126 гишүүнтэй ажиллаад хагас жил боллоо. Гишүүдийн тоо нэмэгдсээр парламентад ямар дэвшил гарав, юу өөрчлөгдөв гэсэн асуулт хөндөгдөж байна. Судлаачийн хувьд та ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ-ын сонгуулийн шинэ тогтолцоо, ҮХНӨ хийсэн зорилго үр дүнгээ өгч байна гэж хувьдаа дүгнэж байна. Жишээ нь, 2024 оны төгсгөлд УИХ-ын зүгээс Монгол Улсын төсвийн төсөлд хатуу байр суурьтай байж чадлаа. Ерөнхийлөгч улсын төсөвт бүхэлд нь хориг тавьж, УИХ хоригийг хүлээн авч, парламент түүхэндээ анх удаа төсвийн тухай хуулийг хүчингүй болгож, шинээр баталсан. Зөвхөн тойргоос сонгогдсон 76 гишүүнтэй парламент ийм шийдэмгий, ил тод мэтгэлцээн төдийлөн өрнүүлж байгаагүй. Өмнөх парламентын гишүүд өөрсдийн тойрогт хамаарах төсөл, хөтөлбөр, төсвийн асуудалд илүү анхаарч, бусдын тойргийн асуудлыг хөндөж ярьдаггүй байсан. Харин 126 гишүүнтэй шинэ УИХ-ын гишүүд тодруулбал жагсаалтын гишүүдийн хяналт, хариуцлага сайн байж, төсвийн хэлэлцүүлгийг нийтийн анхааралд оруулж чадсан.
Энэ нь жагсаалтаар сонгогдсон гишүүд, нэг тойргийн асуудалд анхаарал хандуулах бус үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрт илүүтэй ач холбогдол өгөн, үр ашиггүй, тэвчиж болох зардал, хуваарилалтыг нарийн нямбай хянан, үзэл бодлоо илэрхийлж чадаж байна. Товчхондоо, энэ удаа парламент төсөв дээр ард түмнийг төлөөлөх төлөөллийн байгууллагын үүргээ гүйцэтгэсэн. УИХ-ын гишүүд төсвийн хуваарилалтад маш сайн хяналт тавьж буй нь цаашид парламент илүү хяналттай байж, мэргэшин ажиллаж чадахаа харууллаа. Энэ бол сонгуулийн шинэ тогтолцоо, парламент 126 гишүүнтэй болсны хамгийн эхний үр дүн юм.
-УИХ-ын үүрэг, хариуцлага сайжирсан гэж харж байна уу?
УИХ ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд хууль санаачлах, батлахаас гадна ард түмний засаглах эрхийг хангаж, хууль тогтоомжийн биелэлтийг хянан, шалгах чиг үүрэг хүлээдэг. Нийгэмд шаардлагатай, төр засагт хэрэгтэй бодлогыг хууль тогтоомжид оруулж, УИХ-аас баталсан төсвийг гүйцэтгэх засаглал хэр зэрэг үр дүнтэй зарцуулж байна вэ, нийгмийн одоо ба ирээдүйн харилцааны нарийн асуудлууд хууль тогтоомжид бүрэн туссан эсэхийг хянах үүрэг хүлээсэн байгууллага. Парламент хяналт бодиттой ахиж байгааг бид улсын төсөв хэлэлцэх үйл явцаас нэлээн тод харлаа.
Нөгөө талаар УИХ-ын дарга захирамж гаргаж, 54 ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Эдгээр ажлын хэсэг Үндсэн хуульд заасан парламентын онцгой бүрэн эрх буюу, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрхийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ санал санаачилгын нөлөө байсан уу Засгийн газар хуулиас давсан журмуудаа цэгцэлж, зөрчилтэй журмуудаа хүчингүй болгож эхэллээ. УИХ 76 гишүүнтэй байхдаа энэ ажил руу далайцтай орж чаддаггүй байсан бол 126 гишүүнтэй парламент энэ чиг үүргээ идэвхтэй хэрэгжүүлж байна.
-Парламент 126 гишүүнтэй болсноос хойш жагсаалтын гишүүдийн талаар яригдах болсон. Жагсаалтаар орж ирсэн зарим гишүүн гологдож байна. Энэ нөхөр 126 гишүүн дунд байх ёстой юу, үгүй юу гэдэг асуудал ч хөнддөг болж?
-УИХ-д жагсаалтаар орж ирсэн гишүүдийн талаар яригдаж буй нь дагаад парламентын дархлааны асуудал хөндөгдөж байгаа гэсэн үг. Тиймээс судлаачийн хувьд парламентын засаглалын чадавх, дархлаа яагаад чухал вэ гэдэг дээр байр сууриа илэрхийлэх нь зөв гэж бодож байна. Жишээ нь, УИХ-ын гишүүд цалин, урамшууллын асуудал байна. Мөн гишүүдийн үйл ажиллагааны зардал, түүний хэмжээг ярилаа. Улмаар бүрэн эрхийн хугацаа нь дууссан УИХ-ын гишүүн тодорхой хэмжээний тэтгэмж авч болно, болохгүй гэдэг асуудал нийгмийн анхаарлыг ихээр татсан. Энэ нь үнэндээ парламентын дархлаа болон гишүүний бүрэн эрхийн асуудлыг цаагуураа хөндөж байгаа юм.
Ажил хийж байгаа бол зайлшгүй цалин авах ёстой. УИХ-ын гишүүн бусдын нөлөөнд автахгүй, дарамт, шахалтад өртөхгүйгээр ажлаа бүрэн дүүрэн хийх ёстой. Тэдний бүрэн эрх үүний төлөө баталгаажиж, халдашгүй дархан эрхтэй болсон. Тиймээс гишүүн хараат бусаар, бие даасан байдалтай үйл ажиллагаа явуулахын тулд цалин урамшуулал заавал авах ёстой. Бид мөнгөтэй хэсэг нь гишүүн, дарга болоод байна. Тэд амьдрал мэдэхгүй, буруу бодлого яриад байна. Мөн зөвхөн чинээлэг хэсэг төрийг удирддаг нийгэм боллоо гэж өнөөдрийг хүртэл шүүмжилж ирсэн. Шүүмжийнхээ эсрэг мөнгөтэй хүн гишүүн болоод цалин битгий ав гэвэл эрх зүйн өөрчлөлт хийх хэрэг байхгүй. Гишүүдийн чадамж, хариуцлага, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэхийг шаардаж байгаа бол цалинтай л байна.
Үйл ажиллагааны зардал ч байх ёстой. Ямар нэгэн уулзалт, хурал зөвлөгөөн зохион байгуулах, экспертүүд урьж уулзахын тулд бусдаас мөнгө гуйх уу. Хүн бүр өөрсдийн цагийн үнэлэмжээ авдаг нийгэмд сайн дураараа ирээд зөвлөх хүн хэд байна вэ. Тиймээс парламентын дархлаа талаас харвал цалин урамшуулал, үйл ажиллагааны зардал заавал байх ёстой зүй ёсны юм.
–Жагсаалтаар орсон зарим гишүүний нэр хүнд сайнгүй байгаа нь жагсаалтын ирээдүйг бүрхэг болгож байна. Салбар салбарын чадвартай нөхдийн орон зайг улстөрчдөд алдах нь гэсэн болгоомжлол төрж байна?
-Улс төрийн тогтолцоог сайжруулах зорилгоор эрх зүйн томоохон өөрчлөлт хийсэн. Үр дүнд нь 2024 оны УИХ-ын сонгуулийг холимог хэлбэрээр зохион байгуулж, хувь тэнцүүлэн сонгох хэсэг буюу намын нэр дэвшигчийн жагсаалтын хэсэгт салбартаа нэр хүндтэй, тодорхой нийгмийн бүлэг төлөөлөл боловч улс төрд төдийлөн танигдаагүй хүмүүсийг намууд жагсаасан гэж ойлгож байгаа. Тиймээс УИХ-д жагсаалтаар орж ирсэн 48 гишүүн “жагсаалтын утга учрыг” зөвөөр ойлгуулах, таниулах нь бас нэг үүрэг болчихоод байна. Энэ нь дараагийн сонгуулиар жагсаалтаар нэр дэвших улстөрчдийг бэлтгэх, сонгох, хэн байх вэ гэдэгт том нөлөө үзүүлнэ. Нөгөө талаас улс төрийн намын санал болгож буй жагсаалтын нэр дэвшигч нь нийгэм, эдийн засгийн амьдралыг дээшлүүлэхэд ашиг тусаа өгөх, салбар салбарын бодлогыг мэддэг мэргэшсэн хүмүүс оруулсан зөв стратеги буюу улс төрийн соёлыг тогтоох болно.
Харин яг өнөөдрийн парламентын тухайд хэнийг жагсаалтад багтааж, УИХ-н гишүүн болгосон бэ гэдэг асуудал нь цэвэр улс төрийн намуудын сонгуулийн стратеги, хүний нөөц, нэр дэвшүүлэх журам, дотоод ардчилал зэрэгтэй шууд хамааралтай. Товчхондоо, улс төрийн намуудад хаяглагдах асуудал юм. Сонгогчид жагсаалтын гишүүнд сэтгэл дундуур байгаа нь тухайн улс төрийн намд өгч буй үнэлгээ.
Тухайн улс төрийн нам хэнийг ард түмний төлөөлөл байж чадна гэж үнэлснийг илтгэж байгаа юм. Нэр дэвшигч нь нийгмийн хүсэл зорилгыг үнэн бодитой ойлгон, хөгжлийн бодлогыг тодорхойлж чадахуйц чадвартай эсэх. Тухайн улс төрийн намын бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож чадах эсэх. Мэргэжлийн ёс зүй болон улс төрийн өндөр мэдрэмжтэй эсэх гээд олон шалгуурыг улс төрийн намууд нэр дэвшигчдэдээ тавьдаг байх. Тиймээс гишүүдийн чанар чансаа сайн, муу байгаа асуудлыг УИХ-тай биш нэр дэвшүүлсэн улс төрийн намтай ярих хэрэгтэй юм.
Парламентын засаглалтай улсын хувьд намуудын нэр дэвшүүлэх журам хамгийн чухал зүйл болохыг бид анхааран судлаж байх ёстой. Улс төрийн намын нэр дэвшүүлэх журмыг олон улсад судлаачид “нууц цэцэрлэг” хэмээн нэрийдсэн нь ихийг өгүүлэх байх.
–Гэнэт танихгүй маш олон залуу гишүүн ороод ирсэн. Энэ нь бас төөрөгдөл үүсгэсэн байх?
-УИХ-ын 126 гишүүн бол ард иргэдийн төлөөлөл. Тэд хуулийн дагуу ардчилсан сонгуулийн зарчмаар парламентын гишүүн болон сонгогдож, хууль ёсны байдал нь баталгаажсан. Танихгүй залуу гишүүн олон байгаа шалтгаан нь УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль холимог хэлбэрээр явагдсантай холбоотой. Ялангуяа, сонгуулийн тойргийг бүсчилсэн нь цоо шинэ байсан. Сонгогчдын хувьд бүсчилсэн тойрогт нэр дэвшсэн 20-60 нэр дэвшигчийг таниж мэдэхээс гадна жагсаалтыг дугуйлах гэдэг хоёр сонголтыг хийхэд ярвигтай, сонгуулийн сурталчилгааны хугацаа давчуу байсан болов уу. Тиймээс сонгогчдын хувьд сонголт хийхэд нэр дэвшигч олон тул, уулзалт хийсэн тойргийн нэр дэвшигчийг анхаараад жагсаалтын нэр дэвшигчдийг төдийлөн сонирхоогүй байх.
Нөгөө талаас аливаа шинэчлэлийг хийхдээ маш сайн ойлгуулах нь чухал юм. Түүнээс биш идэр насныхан сонгогдсон нь тэдний буруу биш, харин ч чамбай парламент бүрэлдсэн. Аливаа зүйлийг шүүмжлэх амархан, хийх хэцүү гэдэг. Цаашдаа алдаа, оноогоо оновчтой тодорхойлон судалж, дүгнэлт хийж тасралтгүй сайжруулах нь хөгжлийн суурь шүү дээ.
–Та сонирхолтой, хариуцлагатай цаг үед Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнг ахалж байна. Хүрээлэнгийн чиг үүрэг саяхан өөрчлөгдсөн. Танай байгууллага ямар зохион байгуулалттай ажиллаж байна?
-Би улс төр судлаач хүн, мэргэжлийн хүрээнд судлагдахуун болдог байгууллагад ажиллахаар томилогдсон. Олон улсын жишгээс харахад парламентын судалгааны хүрээлэн 80 орчим улсад бие даасан хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Манай судалгааны хүрээлэнгийн үндсэн чиг үүргийг Улсын Их Хурлын бие даасан үйл ажиллагаа, ил тод, хариуцлагатай байдал, парламентат ёсны хөгжлийг дэмжин судалгааны шинэ арга зүйг нутагшуулах, өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ хийх, иргэдэд нээлттэй парламент, оролцоотой ардчиллыг бэхжүүлэхийн тулд хууль тогтоогчдод шаардлагатай сүүлийн үеийн шинэ мэдлэг, ойлголт, судалгааны үр дүн, мэдээллээр хангах, чадавхжуулахад оршино гэж ойлгож болно.
Манай хамт олон судалгааны найдвартай байдалдаа маш их анхаарал тавин ажиллаж байгаа. Мөн судалгаанаас гадна, парламентын боловсрол, хууль сурталчлах чиглэлээр сургалт зохион байгуулах, олон улсын парламентын хөгжлийн чиг хандлагыг нэвтрүүлэх, ижил чиг үүрэгтэй байгууллагуудтай туршлага солилцох гээд өргөн цар хүрээтэй ажиллаж байна. Иргэд төдийлөн үйлчлүүлээд байдаггүй парламентын номын сан мөн харьяалалд байдаг юм. Олон нийтэд ховор номын уншлагын үйлчилгээ үзүүлэхээр зорин ажиллаж байна.
-УИХ-ын гишүүд хэр их хандаж байна?
-Хүрээлэн шинэ зохион байгуулалтад ороод таван сар орчим болж байна. УИХ-ын гишүүд, ажлын албадаас тасралтгүй захиалга ирдэг. Тухайлбал шинэ он гараад нэг сарын хугацаанд 20 орчим гишүүнээс судалгаа хийлгэх, мэдээлэл лавлагаа авах захиалга ирсэн байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин 2025.02.21 № 007 (24634)
Д.ОТГОНЖАРГАЛ
0 cэтгэгдэлтэй