
Эх орноо хайрлах, эх түүх, соёл уламжлал, ололт амжилтаар бахархах, Монгол түмний үндэсний ёс заншил, дуу хуур, тоглоом наадгай, түүх шаштир, утга зохиол, бичиг соёлын өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилгын хүрээнд ЦДБЭЧ-аас санаачлан, БХЯ, ЗХЖШ-тай хамтран зохион байгуулж ирсэн “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээн 21 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна.
“Урлагийн марш тактик” хэмээн нэрлэгддэг энэхүү тэмцээний цар хүрээ жилээс жилд өргөжиж, анх 6 анги оролцож байсан бол өдгөө дунджаар 28-30 анги болон ҮБХИС, Цэргийн төв эмнэлэг зэрэг байгууллагууд оролцдог болсон бөгөөд Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагуудыг хамардаг байсан нь улсын хэмжээний тэмцээн болон өргөжиж, энэ жил Улаанбаатар цэргийн хүрээ төдийгүй Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Архангай, Орхон аймгууд хамрагдаж, энэ удаад Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын нийт 26 анги байгууллагын 156 оролцогчийг хамарсан өргөн цар хүрээтэй наадам болон өргөжөөд байна.
Оролцогчдын тухайд жил бүр нэг ангиас 6 оролцогч анги байгууллагаа төлөөлөн оролцож ирсэн уламжлалтай, өнгөрсөн жилүүдэд давхардсан тоогоор 2000 гаруй алба хаагчид хамрагдаж, ардын уламжлалт ёс заншлаараа өрсөлдөөд байгаа билээ.
Жил бүр тэмцээний удирдамжийн дагуу сонгож дуулах 10 дууны жагсаалт гаргаж, ардын богино дуу, харилцаа дуу, хошин дуу, домогт дуу, баруун, зүүн Монгол ардын дуу гэх мэтээр өөрчлөн зохион байгуулсаар байна. Уг тэмцээн зохион байгуулагдсан цагаас хойш тасралтгүй оролцсон оролцогч энэ хугацаанд 200 гаруй ардын дууг сурч дуулсан тоон үзүүлэлттэй байна.
Энэ хугацаанд Шилдэг дэмбээчин, Шилдэг дуучин, Шилдэг удирдагч, Шилдэг үйлчин зэргийг тодруулж, Ардын богино дуу дуулаачдын холбоо, Монгол цэргийн музей, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо, “Говь хангай мебель”, “Талх чихэр” хувьцаат компани зэрэг үндэсний шилдэг үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллаж ирсэн.
Мөн анги байгууллагын удирдлагын бүрэлдэхүүнийг соёл урлагийн арга хэмжээнд өргөнөөр хамруулах зорилгоор Ангийн захирагч нар, Штабын дарга нар, Тэргүүн ахлагч нар, Ар тал, Санхүүгийн дарга нарын дунд “Заавал дуулах дууны тэмцээн” зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил Сургалтын албаны дарга нар Монгол ардын “Цагаан сар” дуугаар өрсөлдөж байна.
Тэмцээнд оролцогчид Мэндчилгээ, Заавал дуулах дууны тэмцээн, Оньсон тоглоом, Монгол ардын дуу, Монголын уран зохиолоос сэдэвлэсэн асуулт хариулт, цэргийн дууны аяыг таах зэргээр авьяас чадвар, авхаалж самбаагаа сорих болно.
“Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээн 5 өдрийн турш Офицеруудын ордонд үргэлжлэх бөгөөд энэ жил эхний 4 байраас гадна “Шилдэг удирдлага”, “Шилдэг эрэгтэй, эмэгтэй дуучин”, “Цэргийн дууг хэн сайн мэдэх вэ?” аяыг таах тэмцээний шилдэг оролцогч, “Шилдэг хөгжөөн дэмжигч баг”-ийг шалгаруулна.
Батлан хамгаалах салбар 2025 оныг “Эх оронч Монгол-их сэргэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан анх удаа “Шилдгийн шилдэг оролцогч”-ийг тодруулж, Монгол туургатны бичмэл түүхэн сурвалжийн ууган дээж бичиг, эртний монгол уран зохиолын гайхамшигт дурсгал, мөнхөд эрхэмлэн дээдлэх “Монголын нууц товчоо” болон үндэсний бахархал, үнэт өв соёлын дээж морин хуур хөгжмийг гардуулах юм.
0 cэтгэгдэлтэй