“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Нийслэлд чиглэсэн дэд хөтөлбөр нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлөөс гаргаж буй зөвлөмж, суурь судалгаанд тулгуурлан хэрэгжих шаардлагатай

tsenzuurmn 2024-03-1

Улсын Их Хурлаас баталсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолын биелэлтийг зохион байгуулах арга хэмжээний хүрээнд  Нийслэлд чиглэсэн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсгийн анхны хурал өнөөдөр боллоо. Уулзалтаар нийслэлийн хэмжээнд хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тус салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ. Мөн үйлдвэрийн зориулалттай газрын асуудлаар санал солилцлоо.

Уулзалтад

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр,
  • ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны дарга А.Амаржаргал

Нийслэлийн засаг даргын тамгын газраас:

  • Нийслэлийн засаг даргын орлогч П.Сайнзориг,
  • Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг
  • НХХААГ-ын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Р.Ундармаа нар оролцов. Мөн “Хүнсний хувьсгал” ТББ-ын төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн зүгээс эдийн засгийн тусгай бүсийг байгуулах, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, хүргэлтийн асуудлыг шийдэж, цаг хугацаа, мэдээлэл, эрчим хүчийг үр ашигтайгаар зохицуулах тал дээр анхаарч эхний ээлжид логистик төвүүдийг байгуулахаар төлөвлөж байгааг онцлов. Мөн хүнсний хангамжийг сайжруулах, нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтүүдийг тэргүүн ээлжид судлан, боломжит байдлаар шийдвэрлэх шаардлагатай гэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуй нэгжийг дэмжихэд чиглэсэн дэд хөтөлбөр нь “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний зорилго, зорилттой уялдан, хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөлөөс гаргаж буй зөвлөмж, суурь судалгаанд тулгуурлан хэрэгжих шаардлагатай гэдгийг онцлов.

Үйлдвэрийн бүсэд иргэнд газар олголт хийгдсэнээс үйлдвэрүүдийн техникийн горим алдагдах эрсдэлд ороод байгаа тул үйлдвэрийн зориулалттай барилгын зөвшөөрөл, газрын асуудлыг онцгойлон анхаарч, боломжит хувилбараар шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар “Хүнсний хувьсгал” төрийн бус байгууллагын зүгээс илэрхийллээ.