Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Хууль зүйн сайд Энхбаяр “Өмнөговийнхон мөнгөнд зүрх сэтгэл байтугай эх орноо худалдсан улс. Тэдэнд баялагийн хараал туссан” гэж хэлсэн. Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?
–Тэр яриаг сонссон өмнөговьчууд “Арай ч дээ, хараал хүртээд байхдаа яах вэ дээ” гэж гомдож, гонсойсон байх. Биднийг тэгж доромжилж буй нь эмгэнэлтэй, харамсалтай явдал. Үүнд ард түмэн, айл өрх, хувь хүн, аймгийн ИТХ-ын даргын хувьд ч гомдолтой байна. Хамаг газар нутгаа ухуулж, малчин нь малаа маллах ч бэлчээргүй, тоосонд даруулж, худаг ус нь ширгэчихлээ. Монгол Улсынхаа төлөө гэж амьдрах орчноо эвдүүлэн зүтгэж байхад эцэст нь өмнөговьчуудыг ингэж харааж болохгүй. Дургүй хүрч байна.
–Магадгүй 21 аймгийн хөгжлийг түүчээлж яваа, мөн хамгийн анх удаа 1,4 их наядын төсөв батлуулж чадсан нь МАН–ын сайдад улс төрийн агуулгаараа таалагдсангүй юу?
-Ямар улс төрийн агуулгаар тийм юм ярьсныг мэдэхгүй. Ганц өмнөговьчууд уул уурхайн ордууд нээж ашиглаагүй. Монгол төрийн бодлого, Засгийн газрын стратегийн бодлогын хүрээнд ордууд нээж, хувийн хэвшил болоод улс ашиглаж байгаа. Өмнөговьчууд бид олон зүйл ярилгүй, газар нутагтаа нээлгээд Монгол Улсын татвар, хүн амын орлогод хэрэгтэй гээд нийтээрээ дэмжээд 10 гаруй жил боллоо.
-“Баялгийн хараал” гэдгийг та яг юу гэж ойлгосон вэ?
-“Баялгийн хараал” гээд ном бий. Магадгүй тэр номыг уншсан нөхөр л ийм зүйл ярьж байгаа байх. Уншсан нэг номынхоо агуулгаар дүгнэж, ярьж буй нь тухайн хүний боловсролыг илтгэж буй хэрэг.
-Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн газар нутгийн хэдэн хувьд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Хуучин өндөр тоо гарч байсныг аймгийн ИТХ-аас цөөлсөн. Аль эртнээс хуучнаар ЗХУ зэрэг улстай хамтран хайгуулын судалгаа хийсэн юм билээ. Лиценз болгоод ашиглуулах зөвшөөрлийг нь өмнөговьчууд бус, Монголын төрөөс өгсөн. Арван гаруй жилийн өмнө намайг мэргэжилтэн байхад нийт газар нутгийн 47 хувь нь лицензтэй талбай байсан. Гэхдээ тэр нь ашиглалтынх биш. Хайгуул хийж байсан талбайнууд. Өнгөрсөн гуравдугаар сард 10 гаруй хувь руу орсон санагдаж байна. Хайгуулын талбайд өрөмдөж үзээд, ТЭЗҮ нь ашиггүй гарвал больчихдог юм.
-Уул уурхайн олон асуудлаас болоод мал, малчин хоёрын амьдрал хэцүүдэж байна. Энэ талаар танай аймаг ямар бодлого чиглэл барьж ажиллаж байна вэ ?
-Өмнөговь аймгийн газар нутгийн зургийг хар даа. /Газрын зураг заав/ Гашуун сухайт чиглэл рүү шороон замтай байсан бол засмал замтай болсон. Дахиад 270 км гаруй зам тавьж байгаа. Нэг замаар нь ачаа тээвэрлэж, нөгөө замаар нь буцах зорилготой. Энэ бол улсаас заасан концесс. Давхар төмөр зам явж байгааг та бүхэн мэдэх байх. Ханги-Мандалын төмөр зам, Зүүнбаян чиглэсэн төмөр зам бий. Тэгэхээр энэ бүс нутагт мал, малчин хоёр дураараа нүүдэллэж, бэлчээрлэх боломжгүй болж байгаа юм. Түүнчлэн худгийн ус ширгэх, шороон шуурга ихсэх гэх мэт ашигт малтмалын тээвэрлэлтийн хөдөлгөөнийг дагасан хүндрэл бэрхшээлүүд гарч байна.
-Таны бодлоор ямар шийдэл байна. Бэлчээр хумигдсан, усны нөөц нь багассан талаар Цогтцэций сумын иргэд бухимдлаа илэрхийлж байна?
-Цогтцэций суманд малчин байх маш хэцүү болсон. Эндээс нүүгээд хаашаа очих вэ. Малчид нутаг уснаасаа нүүж чадахгүй. Тиймээс эрчимжүүлсэн мал аж ахуй эрхлэхийг дэмжих, малын ашиг шимийг дээшлүүлэхийн тулд үүлдэр угсааг нь сайжруулах ажлыг зохион байгуулж байна. Аймгаас дэмжлэг үзүүлэх зорилгоор “Усжуулалтын аян” зарлаж, малчдад худгийг нь гаргаж өгч байгаа. Мөн өвс тэжээлийн дэмжлэг үзүүлдэг. Өмнөговийнхон Дундговь руу отор хийж нүүдэллэдэг. Отрын бэлчээр ашиглах гэрээг нь тухайн аймагтай хийж ажиллаж байгаа.
-Одоо хэдэн газар худаг гаргасан бэ. Бэлчээрийн даац хэтэрсэн хэчнээн сумд байна вэ?
-Бид сүүлийн гурван жилд 260 гаруй худаг гаргасан. Усжуулалтын хоёрдугаар аяны хүрээнд таван малчин айлын дунд нэг худаг гаргаж, дунд нь эзэмшүүлж байна. Гүний ус 160 метрээс доош ухаж байж гарч байгаа. Түүнээс биш, малчдыг тийшээ нүү гэхээр явдаггүй юм билээ. Очих газар байсан ч явдаггүй. Бас авто замд нүхэн гарц хийх зэргээр бэлчээр ашиглалтыг сайжруулж байна.
-Энэ онд хэчнээн худаг нэмж гаргах бол?
-Нэмж 100 худаг гаргаад, хуучин 30 худаг засахаар төлөвлөсөн. Жилд 100 худаг гаргасан аймаг манайхаас өөр байхгүй. Жилд улсын хэмжээнд 30 гаруй худаг төсвийн мөнгөөр гаргадаг гэсэн мэдээлэл байдаг. Манайх харин жилд 100 гаруй худаг гаргаж байгаа. Малчдыг худгаа булаацалдахгүй хэмжээнд хүргэхийг зорьж байна.
–Танай аймагт худаг булаацалдаж нэгнээ хөөсөн хэрэг гарч байсан түүхтэй?
-Мал нь цангаад үхэхэд бухимдсан малчид маань худгаа булаацалдаж, нэгийнхээ аминд халдаж байсан нь үнэн. Хэзээнээс монголчууд хар усаа булаалддаг байлаа даа. Нөхцөл байдал хүнд учраас л ийм хэрэг гарсан. Дахин ийм эмгэнэлт хэрэг гаргахгүйн төлөө бид уух усыг нь хангалттай хэмжээнд гаргаж өгөхөөр ажиллаж байна.
-Өмнөговь аймаг сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байна. Тийм ч учраас дөрөвдөгч хот болгох талаар яригдаж байсан?
-Би 2012 онд аймгийнхаа ИТХ-д нэр дэвшихдээ дөрөвдөгч хот болгох уриа лоозонтой сонгуульд орж байлаа. Түүнээс хойш тасралтгүй гурван удаа сонгогдсон. Ер нь бол дөрөвдэгч хот болно. Одоохондоо Улаанбаатараас том хот болно гэж хэлж чадахгүй ч аажимдаа хот болно. Та ч гэсэн өөрөөсөө “Монголын дөрөв дэх том хот хаана босох вэ” гэж асуугаад үзээрэй. 10 жилийн дараа хоёулаа харъя.
-2012 оноос хойш 11 жил өнгөрчээ. Ямар ахиц дэвшил гарсан бэ?
-Ахиц гарсан. Та зав чөлөөтэй ирсэн бол яваад үзээрэй. Хот ямар байдаг билээ. Дэд бүтэцтэй, зогсоол, талбай, цахилгаанаар дутдаггүй, ундны эх үүсвэрээ шийдсэн, олон улсын нисэх буудалтай, дулааны цахилгаан станцтай байдаг. Бид тэрийг төлөвлөж яваа. Улсыг хараад бол бүтэхгүй. Жилд 7-10 тэрбум төгрөг төсөвлөдөг. Манайх ирэх жил улсын нэгдсэн төсөвт 719.9 тэрбум төгрөг өгнө. Энэ онд 450 тэрбумыг өгсөн. Түүний өмнө 200 гаруй тэрбум байсан. Манай аймаг 1.4 их наяд төгрөгийн төсөв анх удаа баталлаа.
-Арав гаруй жилийн өмнө Монгол Улсын нийт төсөв 2 их наяд байсан санагдана. Улсад 719 тэрбум төгрөгийн татаас өгч байгаа болохоор танай аймгийнхан “амбиц” жаахан өндөр байна уу гэж харж байна?
-Өмнөговьчууд чадлынхаа хэрээр л хичээж ажиллаж байна. Энэ онд манайхаас очсон мөнгөнөөс бусад аймгууд татаас авч, төрийн албан хаагчдынхаа цалин, тэтгэврийг тавьж, хүүхдийн мөнгөө өгнө.
-Өмнөговь аймагт 2016-2020 онд МАН, 2020 оноос хойш АН засаглаж байгаа. Гэтэл 2016 оноос хойш МАН төрийн эрхийг барьж, засаглаж байгаа. Эрх баригчидтай үл ойлголцол үүсдэг үү. Ардчилсан нам ялсан аймаг гээд ачааны хүндийг үүрүүлэх бодлого баримталж байгаа юм биш биз дээ?
-МАН Өмнөговь аймагт ялсан бол татах татаас нь бага байж магадгүй л юм. Энэ хувь хүний бодол шүү. Өмнөговьд АН-ын залуус ялсан учраас мөнгийг нь улсын төсөв рүү хуу хамаад байгаа, эсэхийг үгүйсгэхгүй. Аваад буцаагаад өгдөг бол хамаагүй. 700 тэрбум төгрөг татчихаад буцаагаад ядаж 70 тэрбумыг нь өгдөг бол “баярлалаа” гэмээр байна. Тэгэхэд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор 14 тэрбум төгрөг өгнө гэсэн тоо яригдаж байна билээ. Татаад аваад явдаг, эргэж ирэх, эсэх нь хэцүү.
–Дээд шатанд МАН засаглаж байгаа болохоор та бүхэнд их хэцүү байх шиг байна, тийм үү?
-Яг үнэнийг хэлэхэд хэцүү байна. Бүгдийг нь хулгайч л гэнэ, өмнөговьчуудад хараал хүрчихсэн л гэнэ. Хэзээ байхдаа бидэнд хараал хүрсэн юм. Энэ их баялгийг бидний өвөг дээдэс Монгол Улсын өмнөд хэсгийн хамгийн урт хилээр манаж ирсэн шүү. Байгаль, цаг уур, уул усны сайхныг бодоод бүгдээрээ төв рүү ороод суурьшчихсан байсан бол Монголын хилийг наагуур нь татаад уул уурхай чинь бүгд урд үлдэх байсан. Үүнд ясаа цайтал нутгаа манаж суусан өвөг дээдэс минь хараалгах учиргүй. Үүнийг бодож өмнөговьчуудад хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Үгүй юм аа гэхэд, харааж ерөөгөөд байх нь утгагүй.
-Нүүрсний сонсголд танай аймгаас олон хүнийг дуудсан. Гэмт хэрэг хийсэн үгүйг нь шүүн тунгаахад арай эрт байна. Нэг сонин түүх ярихад гучин долоон оны их хэлмэгдүүлэлтэд танай аймгаас хамгийн олон хүн өртсөн гэдэг?
-Зуд 10 жилийн давтамжтай болдог шиг хэлмэгдүүлэлт 100 жилийн давтамжтай юмуу даа гэж бодогдох. Бид эрвийх дэрвийхээрээ хичээж байна. Цаашид маш хүнд үеийг туулах юм шиг байна. Хоорондоо ярьж болохгүй, гадагшаа явж болохгүй л гэнэ.
-Үүнд Өмнөговь аймгийн МАН, Ардчилсан нам хоорондын зөрчил нөлөөлж байгаа юу?
-Улс төр өрсөлдөөний талбар учир зөрчил бий, бий. Уг нь бидний ганц зорилго нь орон нутгаа хөгжүүлэх явдал. Гэтэл яаж ийж байгаад нэгнийгээ хулгайч болгох гэж буруу, зөрүү мэдээлэл тарааж байна. Төрийн эрхийг хууль бусаар авч болохгүй шүү дээ. Ард түмний сонгосон хүмүүс нь олонх болж, төр барих хууль үйлчилдэг. Гэтэл ялагдчихаад ялсан намдаа өширхөж, эрх баригч буй дээд шатны бүтцээрээ элдэвлүүлж болдог юм уу. Байнга ийм байвал бидний хүүхдүүдийн ирээдүй хаашаа явах вэ. Энэ бол эмзэг сэдэв.
-Орон нутаг 51 хувийг эзэмшдэг “Тавантолгой” компанийн талаар сонсгол явагдлаа шүү дээ?
-“Тавантолгой” компани Тавантолгойн ордын лицензтэй талбайн 0.4-хөн хувийг эзэмшдэг. “Эрдэнэс Тавантолгой”-г улсын өмчид 100 хувь авсныг зөв гэж боддог. Гэхдээ “Энержи Ресурс” гээд хувийн компанид ордын нэг хэсгийг хэнэг ч үгүй өгчихсөн. Тэгээд түүнийгээ огт шалгадаггүй. Монголоос хулгай хийж буй жинхэнэ хулгайчид чинь тэнд эзэн суучихсан байгаа. Жижиг “Тавантолгой” бол орон нутгийн өмчит компани. Монголын хөрөнгийн зах зээлд хувьцаа нь нээлттэй арилжигддаг компани. Чи, бид хоёр бүү хэл гадаадын иргэн ч энэ компанийн хувьцааг худалдаж авах боломжтой. Гэтэл ад үзээд, аймар ашигтай ажиллаад мөнгө олоод байна гэж хардаж сэрдээд байгааг ойлгохгүй байна. Цаанаа улс төрийн зорилготой л байх.
-Сүүлийн жилд орон нутгийн “Тавантолгой” хэр ашиг өгч байгаа вэ?
-Өнгөрсөн жил ашиг гайгүй, 126 тэрбум төгрөг байсан. 2024 оны орлого харагдахгүй байна. Борлуулалтын орлого тэг болсон. Өмнө нь Өмнөговийн төсөвт их хэмжээний мөнгө өгч байсан уурхай Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч ирснээс хойш ашиггүй болсон.
-Өмнөговьд хэдэн уурхай ажиллаж байна вэ?
-15 уурхайд 1800 орчим туслан гүйцэтгэгч компани байна.
–Тэднийг дагасан хүн амын төвлөрөл бий болсон аймаг орон нутагт ямар нөлөө үзүүлж байна?
-Өмнөговийн хүн амыг 75 мянга гэж тооцож байгаа. Гэвч манай аймгийн газар нутагт 150 гаруй мянган хүн амьдарч байна. Үндсэн оршин суугч 75 мянга. Ээлжээр ирж очиж ажилладаг хүмүүсийг нэмэхээр 150 гаруй мянга болдог. Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатараас манай аймагт шилжин суурьших хүмүүс нэлээд нэмэгдсэн. Цагаан хаданд л гэхэд 8000 гаруй хүн ажиллаж, амьдардаг. Тэнд цэрэг, цагдаа байдаггүй. Бид төсвөөрөө хийе гэхэд орон тооны бүтэц байхгүй. Ядаж баг, сум ч болоогүй учраас тэр.
-Статусын асуудал хөндөгдөж байна. Бидний дээр яриад өнгөрсөн хот болгох асуудал ямар түвшинд яваа вэ?
-УИХ-аар батлах ёстой. Хойшлуулаад л байгаа, удахгүй байх гэж найдаж байна. Налайх, Багахангай дүүргийг хот гэж ярьдаг. Гэтэл тэндхээс ч олон хүн ажиллаж, амьдарч байна. Гэтэл Цагаан хад багийн ч статусгүй. Яаралтай шийдэхгүй бол болохгүй байна.
-Танайх баялгийнхаа ашгаар хурдацтай хөгжиж байгаа. Магадгүй 20, 30 жилийн дараа энэхүү баялаг дуусахгүй гэх баталгаагүй. Шавхагдах нөөц. Дараагийн эдийн засгийнхаа тулгуур гэж ямар салбарыг түлхүү хөгжүүлж байна вэ?
-Манайх аялал жуулчлал, хөдөө аж ахуйг хөгжүүлэхээс аргагүй. Малчид байх хэрэгтэй. Аль болох бүх талаар дэмжихийг хичээж байна. Мал аж ахуйг нь эрчимжүүлэх, борлуулалтын орлогыг нь тогтмол байлгах, худаг усаар дутаахгүй байх ёстой. Монгол Улсад ирж буй жуулчдын 82 хувь нь заавал Өмнөговьд ирдэг. Манай аялал жуулчлал хөгжүүлэх өгөгдөл сайтай. Говийн бүсээс динозаврын олон олдвор олдсоныг та нар мэднэ. Тиймээс төвлөрүүлсэн төсвөө аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулж байна. Дэд бүтэц, цэвэр бохир усны шугам, авто болон төмөр зам, олон улсын нисэх буудал, Дулааны цахилгаан станц, цахилгаан станц, хийн баллоноор ажилладаг митаныг нэрж цахилгаан гаргадаг генаротарыг ажиллуулж байгаа. Дэд бүтцийнхээ суурийг тавьчихсан байхад аялал жуулчлал хөгжөөд явна.
-Энэ онд төсөвлөсөн 1.4 их наяд төгрөгөөс аялал жуулчлалын салбарт хэдийг зарцуулах вэ?
-Аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг дэд бүтэц рүү л түлхүү зарцуулж байна. Сумдаа бүгдийг нь хатуу хучилттай авто замаар холбоно. Долоо, найман сум руу авто зам тавих ажлыг эхлүүлэх, заримыг нь үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Дэмчогийн хийд, Ёлын ам гэх мэт жуулчдын очих дуртай газруудаа авто замаар холбоно. 3D нисэх буудлаа барьчихвал Өмнөговийн аль ч сум руу нисээд очих боломжтой болно. Бүх сумдад жижиг оврын онгоц буух зурвас тогтоосон. Гурвантэс, Цогтцэций, Ханбогд, Даланзадгад олон улсын түвшний нисэх буудалтай болчихно. Ингээд явахад бидний дараагийн эдийн засгийн тулгуур маань аялал жуулчлал болно.
Ярилцсан: Л.Цэрэнжаргал
0 cэтгэгдэлтэй