Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил, хязгаарыг тогтоох журмын төсөлд иргэдээс санал авч байна

tsenzuurmn 2023-12-21

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил, хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмын төсөлд иргэдээс санал авч байна.

Журмын төсөлд санал өгөх бол дараах линкээр орж бүртгүүлээрэй

https://hhaag.ub.gov.mn/project/65827a4f3510f6189cb419b5

ТӨСӨЛ

МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСИЙН ХИЛ, ХЯЗГААРЫГ ТОГТООХ, ХОРИГЛОСОН БҮСЭД НЭВТЭРСЭН МАЛЫГ ТҮР ХАДГАЛАХ, ТҮҮНТЭЙ ХОЛБОГДОН ГАРСАН ЗАРДЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ

 Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс (цаашид “хориглосон бүс” гэх)-д нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Хориглосон бүсэд мал нэвтэрсэн тохиолдолд энэ журмын дагуу түр хадгална.

1.3.Хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах хашаа руу тууж, тээвэрлэх явцад иргэн, хуулийн этгээдээс малаа авах хүсэлт гаргасан тохиолдолд малыг өмчлөгч, эзэмшигчид шилжүүлнэ.

1.4.Журмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг нийслэл, дүүргийн төсөвт тусгаж батлуулна.

1.5.Журмыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд сурталчлах бөгөөд малчин, мал бүхий иргэнд таниулах ажлыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

 Хоёр.Удирдлага, зохион байгуулалт

 2.1.Хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах хашаа байна.

2.1.1.Малыг түр хадгалах хашаа нь малын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангасан байна.

2.1.2.Хадгалагдсан малд халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд малаас тусгаарлах хашаатай байна.

2.1.3.Түр хадгалах хашаа нь харанхуй үед үзэгдэх боломжийг хангасан гэрэлтүүлэг, стандартын шаардлага хангасан дүрс бичлэгийн хяналтын камер, харуул хамгаалалтын ажилтан, түүний ажиллах нөхцөлийг хангасан ажлын байртай байна.

2.1.4.Түр хадгалах малыг өвс, тэжээл, усаар хангах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

2.2.Хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах үйл ажиллагааг эрхлэн явуулах хуулийн этгээдийг дүүргийн Засаг даргын Тамгын газар сонгон шалгаруулж, гэрээ байгуулна.

2.3.Малыг түр хадгалах ажлыг сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан хуулийн этгээд эсхүл дүүргийн Засаг даргын Тамгын газар удирдан зохион байгуулна.

Гурав.Мал аж ахуй эрхлэхийг хориглосон

бүсэд нэвтэрсэн малыг илрүүлэх

 3.1.Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хориглосон бүсэд хариулгагүй нэвтэрсэн малыг илрүүлэх, иргэдээс мэдээлэл авах, түүнийг зарлан мэдээлэх утас, цахим хаяг ажиллуулна.

3.2.Дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хөдөлгөөнт эргүүл болон гэрээт ажилтан ажиллуулна.

3.3.Хориглосон бүсэд хариулгагүй мал нэвтэрсэн нөхцөлд хөдөлгөөнт эргүүл болон гэрээт ажилтан Цагдаагийн байгууллагад шуурхай мэдээлнэ.

3.4.Гэрээт ажилтан нь малын тоо толгой, бэлчиж байсан байршил, зүс, им тамга, содон тэмдэг, зураг, дүрс бичлэг зэрэг нотлох баримтуудыг үйлдэнэ.

3.5.Энэ журмын 3.4-т заасан малыг түр хадгалах хашааны харуул хамгаалалтын ажилтанд тууж, шаардлагатай тохиолдолд тээвэрлэж хүлээлгэн өгнө.

3.6.Гэрээт ажилтаны мэдээллийн дагуу шаардлагатай тохиолдолд хээлтэй, төллөсөн, өвчтэй, гэмтсэн малыг тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.

Дөрөв.Түр хадгалах хашаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ

4.1.Малыг түр хадгалах хашааг хариуцан ажиллуулах хуулийн этгээд дараах чиг, үүргийг хэрэгжүүлнэ:

4.1.1.түр хадгалагдсан малыг өмчлөгч, эзэмшигч нь тогтоогдох хүртэл маллаж, шаардагдах өвс, тэжээл, усны нормын дагуу тэжээж, тухай бүр бүртгэл хөтлөх;

4.1.2.түр хадгалагдсан малыг өмчлөгч, эзэмшигчид нь хүлээлгэн өгөхдөө үйлчилгээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тухай санхүүгийн баримт, удирдлагын зөвшөөрлийг үндэслэн малын нас, зүс, тоо, хэмжээг нэг бүрчлэн бичиж, акт үйлдэх;

4.1.3.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд холбогдох мал эмнэлгийн байгууллагад мэдэгдэх бөгөөд тус хуулийн 15.2 дахь хэсэгт заасан арга хэмжээг авах;

4.1.4.Нийслэлийн Мал эмнэлгийн газар нь хашаалсан малд шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн үзлэг хийж, халдварт өвчний сэжигтэй малыг тусгаарлах, онош баталгаажуулах, өвчинтэй тэмцэх, эрүүл малыг шилжүүлэх арга хэмжээг авч ажиллана.

4.1.5.Хашаанд зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг устгах ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.

4.1.6.Мал түр хадгалах байр, тоног хэрэгсэлд халдваргүйтгэл хийж ажлыг зохион байгуулж ажиллана.

4.1.7.Түр хадгалах хашаанд байгаа малд халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд өвчтэй малыг тусгаарлах, эрүүл малыг шилжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллана.

4.2.Түр хадгалсан  малын өмчлөгч, эзэмшигчийг тогтоох зорилгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх бөгөөд мэдээлснээс хойш З хоногийн дотор өмчлөгч, эзэмшигч нь тогтоогдоогүй тохиолдолд малыг цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.

Тав.Хашаалсан малд үзүүлсэн үйлчилгээний зардлын нөхөн төлбөр

5.1.Малыг өмчлөгч, эзэмшигчид нь хүлээлгэн өгөхдөө тухайн малыг түр хадгалахтай холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлнэ.

5.2.Энэ журмын гуравдугаар хавсралтаар батлагдсан жишиг төлбөр хураамжийн хэмжээг баримтална.

5.3.Малыг түр хадгалсантай холбогдон гарах зардалд дараах зардал хамаарна.

5.2.1.туусан, тээвэрлэсэн зардал;

5.2.2.өвс, тэжээл, ус, арчилгаа, маллагааны зардал;

5.2.3.мал эмнэлгийн ажил үйлчилгээний зардал;

5.2.4.бусад зардал.

5.4.Энэ журмын 5.3-т заасан зардлыг хуулийн этгээдийн дансанд төвлөрүүлнэ.

5.5.Энэ журмын 5.4-т заасан төлбөрийн баримтыг үндэслэн санхүүгийн тэмдэг,

тусгай дугаараар баталгаажсан бэлэн мөнгөний орлогын баримт 2 хувь үйлдэж, нэг хувийг малын өмчлөгч, эзэмшигчид олгоно.

5.6.Малын түр хадгалах хашаанаас авч гарснаас хойш гэмтэл, осол учирсан тухай гомдлыг тухайн түр хадгалах хашааны үйл ажиллагааг хариуцаж байгаа байгууллага хариуцахгүй.

5.7.Хориглосон бүсэд нэвтэрсэн малын эзэмшигч, өмчлөгч нь тогтоогдоогүй нөхцөлд Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

Зургаа.Малыг түр хадгалах хашааг хариуцан ажиллах

хуулийн этгээдэд тавигдах шаардлага чиг, үүрэг

 6.1.Малыг түр хадгалах хашааг хариуцан ажиллах хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан байна:

6.1.1.холбогдох хуульд заасан шаардлагыг хангасан байх;

6.1.2.ажиллах хүний нөөцийн чадавхтай байх;

6.1.3.мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй гэрээ байгуулсан байх;

6.1.4.ажил гүйцэтгэхэд шаардагдах тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх.

6.1.5.малын өвс, тэжээл, усны зардал, ажилчдын цалин, холбогдох урсгал зардлыг үйл ажиллагаанаас олсон орлогоор санхүүжүүлэх;

6.1.6.түр хадгалагдсан малын төл хорогдсон, хээл хаясан тохиолдолд 24 цагийн дотор харьяа дүүргийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид мэдэгдэж, шалтгаан нөхцөлийг тогтоолгох, хашааг халдваргүйжүүлэх арга хэмжээ авах;

6.1.7.үйл ажиллагааны тайлан болон зөрчлийн талаарх мэдээллийг Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газарт сар бүр тайлагнах.

6.2.Түр хадгалсан малыг туусан болон тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн тухай тэмдэглэл, хашаанд оруулсан цаг, минутыг дэвтэрт бүртгэж, мэдээллийн нэгдсэн санг хөтлөнө.

 Долоо.Хариуцлага

 7.1.Төрийн байгууллагын албан хаагч энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

7.2.Малчин төрийн албан хаагчийн биед халдсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх Хориглосон бүсэд хариулгагүй нэвтэрсэн малыг түр хадгалах ажил, үүргээ гүйцэтгэх буй албан хаагчдын аюулгүй, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэн, хамтран ажиллана.

–оOо—

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн хил, хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх тухай Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулах журмын төсөл дээр иргэдээс санал авч байна.

Иргэн та nhhaag.ub@gmail.com цахим хаягт журмын төсөлд тусгах саналаа ирүүлнэ үү.

Тодруулга мэдээлэл авах холбогдох дугаар: 70140423, 70140424