Өнөөдөр Оюутолгойд ажиллаж байгаа залуус Австрали, Америк, Канад, Англи тэргүүтэй уул уурхай өндөр түвшинд хөгжсөн орнуудад уригдан ажиллах, ажлын санал хүлээн авах нь нэмэгдэж байна.
“Оюу толгой” төсөл эдийн засгийг үр ашгаараа тэтгээд зогсохгүй эрдэм мэдлэгийг ч хамт бүтээлцэж, монгол уурхайчдын ур чадвар, авхаалж самбаа, үнэ цэнийг бүтээлцэж байна. Өрсөлдөх чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гүний уурхайн боловсон хүчнийг бэлтгэж, мэдлэгийн экспорт хийх тэрхүү боломжийг бүрдүүлж эхэлсэн гэж хэлж болно. Энэ нь хоёр дахь удаагийн “Mining Week”-ийн чухал сэдэв байлаа.
“Оюу толгой” төсөл газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд нүсэр бүтээн байгуулалтыг цогцлоосон. Манай улс төдийгүй дэлхийд ховорт тооцогдох томоохон гүний уурхайнуудын нэг нь “Оюу толгой” болж, тогтвортой үйлдвэрлэлд шилжсэн. Блокчлон олборлох технологи, аргачлалыг нэвтрүүлсэн, манай улсад урьд өмнө байгаагүй олон улсын гүний уурхайн стандартуудыг шинээр нутагшуулсан гээд тодотгох, тодруулах зүйл ихтэй. Үүний цаана хүний хөгжил яригдана.
Оюу толгой нь гүний уурхайн чиглэлээр олон улсын түвшинд ажиллах, мэргэших, мэргэжлийн уул уурхайг хөгжүүлэх, өндөр түвшний гүний уурхай хөгжих боломжийг бий болгох эхлэл цэг юм. Өнөөдөр Оюу толгойд ажиллаж байгаа залуус Австрали, Америк, Канад, Англи тэргүүтэй орнуудад уригдан ажиллах, ажлын санал хүлээн авах нь нэмэгдэж байна. Шинээр элсэн суралцах оюутнуудад ч гүний уурхайгаар дагнах, илүү мэргэших боломж тэр хэрээр бүрдэх юм.
Оюу толгойн гүний уурхай нь цахилгаан тоног төхөөрөмж ашиглах, дижитал шилжилт рүү хөрвөх, уурхайн аюулгүй үйл ажиллагааг эрхэмлэн ухаалаг технологи, автомажуулалт, шинэ ололтыг нэвтрүүлэхээр зорьж байна. Дэлхийд төдийгүй Монгол Улсад ашигт малтмал газрын гадаргад буюу гүехэн илрэх нь ховордож, уул уурхайн хөгжлийн дараагийн ирээдүй газрын гүн дэх биет, далд уурхайд тулгуурлах нь улам бүр тодорхой болж байна. Энэ нь гүний уурхайд ажиллах боловсон хүчний эрэлт хэрэгцээг үлэмж өсгөхөөр байна. Эдгээрийг “Далд уурхайн симпозиум” бага хурлаар өнөөдөр хэлэлцсэн юм.
Рио Тинто, Чилийн Коделко, Монголросцветмет, Оюу толгой зэрэг компаниудын төлөөлөл болсон салбарын шилдэг эрдэмтэд, зөвлөх мэргэжилтнүүд блокчлон олборлох технологийн талаар илтгэл тавьж, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
“Далд уурхайн симпозиум”-ыг Рио Тинто группийн Техникийн асуудал хариуцсан захирал Крэйг Стегман нээж, “Оюу толгойд тогтмол судалгаа, инновац, дэлхийн хэмжээний мэргэжилтнүүдээр дамжуулан бид мэдлэг хуваалцах экосистемийг бий болгосон. Мөн шинэ авьяас чадварыг хөгжүүлж, нээлт хийх судалгааг дэмжиж, салбарын жишиг үзүүлэлтүүдийг тогтоодог. Энэ бүхэн нь Оюу толгойг зөвхөн ил уурхайн төдийгүй дэлхийн гүний уурхайн ирээдүйг тодорхойлох хөдөлгөгч хүч болгож байна” хэмээн онцолсон юм.
Тэрбээр Оюу толгой ирэх хэдэн арван жилийн турш блокчлон олборлох технологиор дэлхийд тэргүүлэгч байх нь дамжиггүй гэдгийг итгэл төгс хэлсэн юм. Гүний уурхайн блокчлон олборлох технологи нь сүүлийн 20 жилийн хугацаанд хурдацтай хөгжсөн, уул уурхайн хамгийн сүүлийн үеийн, аюулгүй аргад тооцогддог. Тэрчлэн хүдэр олборлолтын зардал маш багатай.
Улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй 39 далд уурхайд олборлолт явуулж байна. Ашигт малтмалын төрлөөр нь авч үзвэл хайлуур жонш хамгийн их тоотой байгаа бол алт удаалж, холимог металл, гянтболд, зэс орж байна. Далд аргаар ашиглах 49, ил болон далд аргаар ашиглах боломжтой 16 уурхайн ТЭЗҮ-г Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүлээн авчээ. Шинэ төсөл гэвэл “Зүүн цагаан дэл”-ийн хайлуур жоншны гүний уурхай энэ өдөр өөрсдийн мэдээллээ хөрөнгө оруулагчдад хүргэлээ.
0 cэтгэгдэлтэй