Манай улсын шатахууны гол бэлтгэн нийлүүлэгч ОХУ-ын дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Засгийн газраас 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний экспортыг тодорхойгүй хугацаагаар хориглох шийдвэр гаргасан.
Энэхүү шийдвэрийн дагуу энэ оны 09 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 06-ны хооронд ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууны нийлүүлээгүй, импорт тодорхой хугацаанд саатсантай холбоотойгоор манай улсын дотоодын зах зээл дээрх шатахууны хангамж, нийлүүлэлт доголдох нөхцөл байдал үүссэн.
Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ОХУ-аас Наушки-Сүхбаатар төмөр замын боомтоор манай улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээн явуулж эхэлсэн хэдий ч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан дотоодын зах зээл дээр шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байна. Нийлүүлэгч талаас 10 дугаар саруудын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор Сүхбаатар боомтоор орж ирэх газрын тосны бүтээгдэхүүнтэй вагоны тоо ихсээд байгаа юм.
Иймд АМГТГ-аас хилээр орж ирсэн шатахуунтай вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэх, салаа замуудад тавих, гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, лабораторийн шинжилгээ хийхтэй холбоотой асуудлаар холбогдох талуудыг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цагт Толгойт өртөөнд зохион байгуулав.
Тус уулзалтад Улаанбаатар төмөр зам, Гаалийн бүрдүүлэлтийн газар болон Гаалийн ерөнхий газрын төв лабораториос эрх бүхий албан тушаалтнууд оролцсон бөгөөд өнөөдрийн байдлаар хил, боомт, өртөөдөд зогсож буй шатахуунтай 485 вагон (29,100 тонн)-ыг шуурхай татан авч, шатахууны хангамж тогтворжих хүртэл хугацаанд холбогдох талууд хамтарч ажиллахаар тохиролцов.
0 cэтгэгдэлтэй