Монголын уул уурхайн долоон хоног арга хэмжээ энэ өдрүүдэд болж байна. Энэ арга хэмжээнд Австрали, Австри, АНУ, БНХАУ, АНЭУ, БНСУ, ХБНГУ, ИБУИНВУ, Испани, Канад, ОХУ, ӨАБНУ, Пакистан, Франц, Энэтхэг, Япон зэрэг 20 орчим улсын эрдэс баялгийн салбарын төрийн байгууллагуудын төлөөлөл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулагч зэрэг 300 гаруй төлөөлөгч оролцож байна.
Тус чуулганы гол зорилго нь хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдад Засгийн газрын бодлого, салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг хүргэх, шинэ төслүүдийг танилцуулах, тэрчлэн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын орчны талаар тандах, салбарын чөдөр тушаа болсон асуудлаа ний нуугүй хоорондоо ярилцах, хэлэлцэх, тал бүрээс нь уудлах, цаашдын хөгжлийг зураглах, гарц, шийдэл рүү зориход оршиж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар уул уурхайн салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж, эдийн засгийн дөрөвний нэг, нийт экспортын орлогын 90 гаруй хувь, төсвийн орлогын 30 орчим хувь, нийт гадаадын хөрөнгө оруулалтын 80 шахам хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлж байна.
Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Монгол Улсын орчин цагийн уул уурхайн салбарын хөгжил даруй 100 жилийн босгыг давж, улс орны хөгжил дэвшил, хүн ардын аж амьдралд чухал хувь нэмэр оруулсаар байна. Өнгөрсөн 100 жилд Налайх, Бэрх, Шарын гол, Адуунчулуун, Багануур, Эрдэнэт, Бор-Өндөр, Шивээ-Овоо, Төмөртийн Овоо, Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайт, Төмөртэй зэрэг орд газар, уурхай нээгдэж, эдгээр бүтээн байгуулалтыг дагасан нийгэм, эдийн засгийн суурин газрууд бий болж, Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж ирлээ.
Энэ түүхэн хугацаанд манай эрхэм уурхайчид, геологичид, инженерүүд Та бүхний нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүнд 80 гаруй нэр төрлийн ашигт малтмалын 10,000 гаруй орд, илрэлийг тогтоож, улсын эрдэс баялгийн сан хөмрөг арвижсан” гэв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, “Засгийн газар урт хугацааны тогтвортой хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийн төлөө зорин ажиллаж байна. Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтуудыг нэмэгдүүлэх, хатуу хучилттай авто зам тавих, дэд бүтэц, логистикийг сайжруулах, төмөр замын сүлжээг өргөтгөх, уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжих, аж үйлдвэржилтийг эрчимжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Монгол Улсын эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтран ажиллахыг хөрөнгө оруулагчдад уриалж байна” гэсэн юм.
Нүүрс, төмрийн хүдэр, жонш, зэс тэргүүтэй экспортын голлох бүтээгдэхүүнээ зах зээлийн ханшаар буюу биржээр арилжаалах эрх зүйн орчин бүрдсэн нь маш олон давуу талыг бий болгоод байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ оны зургадугаар сарын 30-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд өдгөө 7.5 сая тонн нүүрс, 100 гаруй мянган тонн төмрийн баяжмал нээлттэй арилжаалаад байна. Ашигт малтмалыг нээлттэй борлуулах уул уурхайн биржийн тогтолцоо нь экспортын худалдаа ил тод, шударга, шилэн, дэлхийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ арилжаалах боломжийг бүрдүүлж байна.
0 cэтгэгдэлтэй