Хүүхэд, өсвөр үеийнхэнд гамшгаас хамгаалах мэдлэг олгов

tsenzuurmn 2023-10-15

Онцгой байдлын ерөнхий газраас Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Боловсролын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймаг нийслэлийн Боловсролын газруудтай хамтран зохион байгуулж байгаа “Өсвөрийн аврагч-2023” улсын уралдаан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдлаа.
Тэмцээнд орон нутгаас шалгарсан 4 баг, нийслэлийн 2 баг нийт 6 багийн 48 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцож байна.
Хүүхэд, өсвөр үеийхний гамшгаас хамгаалах мэдлэг, хандлага, чадварыг нэмэгдүүлэх, аюулгүй амьдрах арга ухаанд суралцуулах, болзошгүй аюул ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой юм.
Тус тэмцээнд Багануур дүүргийн ерөнхий боловсролын 66-р сургуулийн Дөл баг 11 минут 53 секунтэд даалгавраа бүрэн биелүүлснээр 1-р байр эзэлж, Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын 1-р сургууль , Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын 2-р сургуулийн Шонхор багууд удаах байрыг эзэллээ.