НҮБ-ын Ерөнхий Асамблей 2011 оны арванхоёрдугаар сард жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын Эрхийг хамгаалах өдөр болгон тунхаглаж, охидын эрхийг зөрчиж буй асуудлуудад анхаарал хандуулахыг дэлхий нийтэд уриалсан. Энэ жил “Охидын эрхэд хөрөнгө оруулалт хий: Бидний манлайлал-сайн сайхан байдал” уриаг дэвшүүлэн тэмдэглэж байна.Энэ өдрийг тохиолдуулан Жендерийн үндэсний хороо, Нийслэлийн гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Өсвөр үеийн охидын зүрх сэтгэлийн боловсрол, үе тэнгийн гадуурхалт” сэдвийн дор Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 1000 охидыг урьж, “1000 цэцэгсийн чуулган”-ыг зохион байгуулж байна.
Тус чуулганд Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Б.Батсайхан зочин илтгэгчээр оролцлоо. Тэрбээр, “Хүүхэд бол эрх эдлэгч болохоос үүрэг хүлээгч биш. Гэхдээ эрхээ эдлэхдээ бусад хүний эрхийг хүндлэх ёстой. Хүүхдийн эрхийн тухай хууль нь зөвхөн хүүхдийн асуудал хариуцсан байгууллагын хууль гэж ойлгогдож байна. Гэвч хүүхэд хамгааллын асуудал салбар дундын үйл ажиллагаа тул салбар бүрийн үүрэг хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай байна” гэсэн юм.
Чуулганаар охидод тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг багасгах боломжуудын талаар санал асуулга явуулсан бөгөөд судалгаанаас гарсан үр дүн, боломжит шийдлүүдийг хэлэлцлээ.
0 cэтгэгдэлтэй