Г.Занданшатар: Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялыг чангаруулж, өршөөл, уучлалд хамруулахгүй

tsenzuurmn 2023-10-5

УИХ-ын дарга Г.Занданшатар: Өдөр бүр хүүхдийн эрх зөрчигдсөн тухай мэдээлэл гарах боллоо.

Хүүхэд авто замын ослын хохирогч болж байна, амь насаа алдаж байна, бусдад дээрэмдүүлж байна. Гэр бүл болон бусад орчинд хүчирхийлэлд өртөж байна. Гэр орондоо угаартаж байна. Хүүхдийг элдэв хэлбэрээр хүчирхийлэх, ялгаварлан гадуурах, хүний наймаанд өртөж байгаа тухай мэдээллүүд гарч байна. Өчигдөр мэдээлэгдсэнээр хүний наймааны 20 гаруй хэрэг бүртгэгдсэнээс найм нь насанд нь хүрээгүй хүүхэд байна.

Дорноговь аймагт 12 настай охин алга болоод хоёр хонолоо. Эрэн сурвалжилж байгаа ч хараахан үр дүн гараагүй байна.

Сүүлийн 10-аад хоногт гэхэд 13 настай охин сургуулийнхаа урд ганцан дээр машинд дайруулсан, Дорнод аймагт долоон настай хүүхэд хойд эцгийнхээ гарт амь үрэгдсэн, бага насны гурван хүүхэд ээжийнхээ хамт угаартсан, долоо болон таван настай хүүхэд орон сууцны цонхоор унаж амиа алдсан зэрэг аймшигтай үйлдэл, гэмт хэргүүд гарлаа.

Улсын хэмжээнд 30 жилийн хугацаанд 20 шахам хүүхэд сураггүй алга болоод олдоогүй байна. Орон даяар түгшүүрт автуулж буй хүүхдийн эсрэг гэмт хэргийг төр засгийн байгууллагууд анхаарах хэрэгтэй. Бид хүүхэд хамгаалах үүргээ маш муу хэрэгжүүлж байна.

Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангаруулж ямар нэгэн өршөөл, уучлалд хамруулахгүй байх хэрэгтэй. Ийм эрх зүйн шинэчлэл хийж болно гэж бодож байна.