БНХАУ, Монгол улсын төрийн өмчит компаниуд хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ

tsenzuurmn 2023-09-13

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт, зохицуулалтын хорооны хооронд 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Бээжин хотноо байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн нэгдүгээр чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол-Хятадын Төрийн өмчит компанийн шинэчлэл, хөгжлийн форум уулзалт 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Шинчен зочид буудлын Гуобин хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Форумд Монголын талаас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон 13 төрийн өмчит компанийн төлөөлөл бүхий нийт 40 төлөөлөгч, БНХАУ-ын талаас Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт, зохицуулалтын хороо, ӨМӨЗО дахь Төрийн өмчийн салбар хороо болон улсын шинж чанартай 116, ӨМӨЗО, Шинжаан Уйгарын өөртөө засах орон, Гансу муж, Шанси мужийн 115 орон нутгийн өмчит компанийн төлөөлөгчид тус, тус оролцсон.
Тус форумд Хөдөө аж ахуйн биржийн Гүйцэтгэх захирал О. Нарандэлгэр пеналистаар уригдаж, салбарын болон биржийн талаар танилцуулга хийн Хятадын талын сонирхсон асуултад хариулж, чөлөөт ярилцлага хийлээ.
Форум уулзалтын үр дүнд:
Хоёр улсын салбарын төрийн өмчит компаниуд өөр хооронд хамтын ажиллагаа тогтоож, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах талаар тохиролцсон.
Хоёр улсын салбарын төрийн өмчит компаниуд хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ.
Талууд өөр хоорондоо салбарт тулгамдсан асуудлын шийдвэр гаргалт, арга механизмын талаар харилцан санал хуваалцан туршлага солилцсон.
БНХАУ-ын шинжлэх ухаан технологи, инновацийн ололт амжилтуудаас Монгол Улсын төрийн өмчит компаниуд туршлага судлан нутагшуулан хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн.
Хятад Монголын аж ахуйн нэгжийн мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааны байрны нээлтийн үйл ажиллагаа болжээ.