Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачлан улс даяар өрнүүлж, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг УИХ-аар батлуулсан.
Уг тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран анх удаа зохион байгуулж байгаа тус чуулганд мал аж ахуйн салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулж буй малчид, фермерийн аж ахуй эрхлэгчид, хувийн аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаач нарын 800 төлөөлөгч оролцож байгаа юм.

Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүрэлцэн ирсэн бөгөөд тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх 5 жилийн хугацаанд мал сүргээ эрүүлжүүлж, малын ашиг шим, чанарт анхаарч, эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, ард иргэдийн өргөн хэрэглээний 19 хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ Монгол Улс бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлэн, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байна.
Энэхүү бодлого, зорилтыг амжилттай хэрэгжүүлж, улмаар Монгол Улс хүнс экспортлогч орон болоход малчид, мал аж ахуйн салбарын хамт олны идэвх санаачилга, хандлага, хамтын ажиллагаа туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илгээлтэд: “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хүчирхэгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий тусгаарлагдсан бүсийг байгуулах, түүхий эд боловсруулах үйлдвэрийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнэ, экспортыг нэмэгдүүлэх, орон нутагт ажиллах мэргэжилтний цалин хөлс, орон байр зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэн тогтвортой ажиллуулахад Засгийн газар онцгойлон анхаарах болно” гэдгийг онцоллоо.

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ыг сайжруулахад мал аж ахуйн салбарын үүрэг оролцоо, тус салбарт баримтлан хэрэгжүүлж буй гол бодлого, зорилтын талаар танилцууллаа. Тухайлбал,

- Малчдын нийгмийн асуудлыг сайжруулах
- Малын ашиг шим, чанарыг нэмэгдүүлэх
- Бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, усан хангамжийг сайжруулах
- Газар тариалангийн бүс нутгийг түшиглэн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх
- Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжих,
- Олон улсын стандартын шаардлага хангахуйц олон улсын чанарын хяналтын тогтолцоо нэвтэрсэн, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан томоохон бүтээн байгуулалтыг хөдөө аж ахуй үйлдвэрлэл хоршсон экспортын баримжаатай цогцолбор, паркуудыг дунд хугацаанд байгуулах
- “Биокомбинат” үндэсний үйлдвэрлэлийг шинэчлэх
- Монгол орны байгалийн тогтоц, хилийн боомтуудад түшиглэн зүүн, баруун, хойд бүсэд мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрийн бүс байгуулж, олон улсын стандартын шаардлага хангасан эрүүл, чанартай мах, махан бүтээгдэхүүн экспортлогч улс болоход салбар яамнаас онцгой анхаарч байгааг онцолсон юм.
