Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газар, нийслэлийн Цагдаагийн Удирдах газартай хамтран ерөнхий боловсролын 15-18 насны өсвөр үе залуучуудад сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх ажлыг эхлүүллээ.
Тус ажлын хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй оюутан, сурагчдад зориулсан явуулын сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг амьдралын олон талт боломжийг ашиглан, нийгэмд бусадтай хамт хөгжих, өөрийгөө дайчлах, урам зориг өгөх, сэтгэл гутралаас хэрхэн ангижрах талаар мэдээлэл өгнө. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар эцэг эх, асран хамгаалагчдад мэргэжлийн сэтгэл зүйчид зөвлөгөө мэдээлэл өгөхөөс гадна багш, нийгмийн ажилтнуудад сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх юм байна.
Тус ажлын эхлэл нийслэлийн 25 дугаар тусгай сургууль дээр энэ сарын 10-ны өдөр зохион байгуулагдсан бол цаашид нийслэлийн 29, 70, 55, 116, 63 дугаар сургууль болон Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн оюутнуудыг хамруулах юм байна.
