Өмнөговь аймагт өрнүүлж буй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын талаар тус аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга О.Эрдэнэ-Өрнөхтэй ярилцлаа.
–Өмнөговь аймаг 2021 онд улсын болон орон нутгийн төсөв хөрөнгөөр ямар ямар бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийсэн талаар яриагаа эхэлье?
-Өмнөговь аймаг бол Монгол Улсын эдийн засгийн гол бүс нутаг. Тэр ч утгаараа манай аймагт бүтээн байгуулалтын олон ажил хийгдэж байна. Өмнөговь аймаг нь 2020 онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2,4 хувийг, төвийн бүсийн аймгуудын 24,8 хувийг бүрдүүлж байсан. Энэ үзүүлэлтээрээ Эрдэнэт, Улаанбаатарын дараа гуравт бичигддэг. Өөрөөр хэлбэл улсын төсөвт үлэмж хэмжээний хөрөнгө оруулдаг аймаг байгаа юм. Орон нутгийн төсөв бусад аймгийг бодвол өндөр байдаг. Өмнөговь аймаг нь 2021 онд нийтдээ 101,6 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтыг улсын болон орон нутгийн төсвөөр хийсэн байна. Үүнээс 9,3 тэрбум нь улсын төсвөөс, 77,7 тэрбум нь орон нутгийн төсвөөс, 14,6 тэрбум төгрөгийг төсөлт хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар санхүүжсэн. Ингээд 174 төсөл арга хэмжээг 90,1 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж гүйцэтгэжээ.

–Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын нөхцөл байдлаас үүдээд хүндрэлтэй асуудлууд их гарсан байх. Энэ нь бүтээн байгуулалтын ажилд саад учруулав уу?
–Мэдээж цар тахлын улмаас хил гааль хаалттай байх зэрэг хүндрэлтэй байдал үүсэж байсан. Үүнээс улбаалж бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, татан авалт багассан. Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлтэй ажиллаж байсан хэдий ч ажил гүйцэтгэгчид болон төрийн албан хаагчид, бусад оролцож байгаа талууд бүгд хариуцлагатай байж хамтран ажиллаж бүтээн байгуулалтын ажлуудаа хийж дуусган, 90 гаруй хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлж аймгийн ИТХ-аар батлууллаа.
-Царцсан болон зогссон бүтээн байгуулалт байгаа юу?
-Өмнөговь аймагт 2021 онд огт үйл ажиллагаа явуулаагүй, царцсан бүтээн байгуулалт тун цөөхөн, тоотой хэдхэн байгаа. Нэг үгээр хэлбэл төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлууд 90 хувьтай хэрэгжсэн. Олон жил буюу 2-3 жил дамнасан бүтээн байгуулалтуудыг төсвийн хөрөнгө оруулалтыг саатуулалгүй гүйцэтгэгчийн ажлын уялдаа холбоог харгалзан дуусгасан. Тухайлбал, хөгжимт бүжгийн театр, музей, шинэ цэвэрлэх байгууламж зэргийг дурдаж болно.
-Бүтээн байгуулалтын ажлуудын дийлэнх нь зам тээвэр, барилга хот байгуулалтыг ажил харагдаж байна.
-Нийт хөрөнгө оруулалтын 25 орчим тэрбум төгрөгийг замын бүтээн байгуулалтад зарцуулсан. Товч дурдвал, Баяндалай-Гурвантэс чиглэлийн 20 км автозамыг ашиглалтад оруулснаар нийт 302,6 км автозам баригдахаас 114 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад орууллаа. Ноён сумын төвд 1,3 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад оруулаад байна. Барилга байгууламжийн хувьд “Шинэ 1000 айл” орон сууц хөтөлбөрийн хүрээнд Номгон, Баяндалай, Сэврэй сумдад 10 айлын орон сууц, Ханхонгор суманд 8 айлын орон сууц, Булганд 70, Даланзадгадад 140 айл, Цогтцэций суманд 10 айл, Баян-Овоо суманд 14 айлын орон сууц байгуулах ажил хийгдлээ. Мөн 2021 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн салбарт Баяндалай сум, Цогт-Овоо, Номгон сумын Эрүүл мэндийн төвийн барилгын ажлуудыг дуусгалаа.
Түүнчлэн боловсролын салбарт хэд хэдэн хөрөнгө оруулалтын ажлыг хийлээ. Даланзадгад суманд “Багш” хөгжлийн ордныг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж дуусгалаа. Цогт-Овоо, Хайрхан сумын цэцэрлэг, Сэврэй сумын 320, Даланзадгад сумын 1200, Хүрмэн сумын 320, Цогт-Овоо сумын 320 хүүхдийн сургуулийн барилгыг барьж дууслаа.
-Гэр хорооллын инженерийн дэд бүтцийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Гэр хорооллын инженерийн дэд бүтцийг сайжруулах ажил байна. Даланзадгад, Манлай, Гурван тэс сумдад дэд бүтцийн шугам сүлжээг байгуулах ажлыг зохион байгуулсан. 2022 онд үргэлжлэн хийгдэнэ. 2021 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 4,4 км бохирын шугам тавигдаж, айл өрхүүд бохир, цэвэр усны шугамд холбогдох боломжтой боллоо. 2022 онд “Цэгцтэй гэр хороолол” хөтөлбөрийн хүрээнд иргэдтэйгээ хамтарсан байдлаар гудамж зам талбайгаа тохижуулах ажлаа үргэлжлүүлэн хийхээр иргэдийнхээ санал санаачлагаар тодорхой төсвийг тусгасан.
2022 онд 600 сая төгрөгөөр нүхэн жорлонг эко жорлонгоор солино
-Гэр хорооллын иргэд рүүгээ хандсан өөр ямар ажил байна вэ?
– Иргэд рүүгээ хандсан “Хашаандаа сайхан амьдаръя” аян, “Эко жорлон” хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байна. Айл бүрийг орчин үеийн шийдэлтэй, удаан эдэлгээтэй эко жорлонтой болгох ажил өнгөрсөн оноос эхлэн хийгдэж байна. Ер нь зөвхөн гэр хорооллын гэхгүйгээр зарим сумдын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр болон аялал жуулчлалын түр буудаллах цэгүүдийг эко соруулдаг болон хуурай технологийн ариун цэврийн байгууламж болгон өөрчилж хөрсний бохирдлыг бууруулахаар ажиллаж байна. 2022 онд 600 сая төгрөгөөр нүхэн жорлонг эко жорлонгоор солино.
-Бэлчээрийн усан хангамжийг хэрхэн шийдвэрлэж байна вэ. Говь нутагт худаг, усны хүрэлцээ хангамж тааруу санагддаг?
-2021 он бол онцлогтой сайхан жил байлаа. 2020 он бол сонгуулийн жил байсан. Шинэ Засаг даргын дөрвөн жилийн “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөр батлагдсан. Мөрийн хөтөлбөрийн хүрээнд олон шинэ ажил хэрэгжсэн. Үүний хүрээнд ХАА-н салбарт усжуулалтын 2 дугаар аяныг зохион байгууллаа. Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилготойгоор 79 инженерийн хийцтэй худаг баригдаж, 30 худгийг засварласан. Энэ ажил 2022 онд үргэлжлээд хийгдэнэ. Мөн Даланзадгад суманд үйлдвэрийн парк байгуулах ажлыг эхлүүлсэн. Үйлдвэрийн бүсийн хүрээнд төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр зураг төсөл, цахилгааны бүх эх үүсвэрийг холбож дуусаад байна.
–Сүүлийн жилүүдэд томоохон аймгуудад агаарын бохирдол их болжээ. Танай аймаг “Агаарын бохирдолгүй Өмнөговь” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд ямар ямар ажил хийж байна вэ?
– Манай аймгийн хувьд агаарын бохирдол тодорхой хэмжээнд байгаа. Тиймээс “Агаарын бохирдолгүй Өмнөговь” хөтөлбөрийг гаргаж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой үе шаттай ажлуудыг хийж байна. Тухайлбал, хоёр тарифт тоолуурыг айл өрхөд суурилуулах, байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, дулааны цахилгаан станцыг сайжруулах гээд олон ажлыг хийлээ.

Мөн Өмнөговь аймгийг 2021 онд хөгжүүлэх Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймагт мод тарих, хүрээлэн буй орчныг сайжруулах, хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд дасан зохицох ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд Өмнөговь аймагт 90 мянган мод тарих аяныг өрнүүлсэн. Аян амжилттай хэрэгжиж 112 мянган модыг тарилаа. Өнгөрсөн намрын байдлаар 82,3 хувь нь ургасан. Өнгөрсөн онд мөн шинэ цэвэрлэх байгууламжийг барьсан. Энэ цэвэрлэх байгууламжаас гарсан саарал усыг эдгээр модыг услах болон тэжээлийн ургамал тариалахад ашиглана. Мөн Даланзадгадын 5 дугаар багийн нутаг дэвсгэр дээр цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүллээ. Өнгөрсөн жил 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Даланзадгадын төвд байрлах 80 га ногоон байгууламжийг сэргээж, үржүүлгийн талбайг хашаажуулж, усалгааг шийдвэрлэлээ. Энэ жил тэрбум мод тариалах үндэсний аяны хүрээнд Өмнөговь аймагт 70 сая мод тариалахаар Ерөнхийлөгчтэй байгуулсан гэрээний хүрээнд тусгасан. 15 сумын нутаг дэвсгэрт уул уурхайн компаниуд болон ААН-үүдтэйгээ хамтран тариалж эхэлнэ.
– 2022 онд Өмнөговь аймагт хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаасаа дурдвал…?
-2022 оны Засаг даргын үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө батлагдаад хэрэгжээд явж байна. Энэ жил 310 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр батлагдсан. Үүнээс Нийгмийн салбарт 56,9 тэрбум, эдийн засгийн хүрээнд 235,2 тэрбум, хууль эрх зүй, батлан хамгаалах салбарт 18,8 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөгөө батлуулаад ажиллаж байна. Үндсэндээ 2022 оны төлөвлөгөө бол цар тахлын дараах эдийн засгийг дахин сэргээх ялангуяа нутгийн малчид иргэдийн амьжиргаа, тэдний орлогыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг чиглэлд онцгой өндөр ач холбогдол өгсөн төсөв батлагдсан. Онцлон дурдвал “Нутгийн үйлдвэрлэгч” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Төрийн үйл ажиллагааны бүх шатанд хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлж, иргэддээ нээлттэй байна. Энэ хүрээнд төрийн албыг бүхэлд нь цахимд шилжүүлэхээр зорьж ажиллаж байна. Мөн алслагдсан сум сууринг аймгийн төвтэй холбогдох “Нутгийн зам” хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн нэгдсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
Эрүүл мэнд боловсролын нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд “Хүүхдэд ээлтэй орон нутаг” гэж хөтөлбөрийг бүх сум, сууринд хэрэгжүүлж, хүүхдэд ээлтэй зам талбай, орчин бий болгохын төлөө ажиллана. Хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн өрхийн орлогыг сайжруулах “Өсөлтийг өрх бүрд” гэсэн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ мэтчлэн хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил бий. Эдгээр бүх хөтөлбөр нь ухаалаг хот суурин бий болгох зарчимд чиглэж байгаа юм.
