АН-аас мэдэгдэл гаргаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын гишүүн С.Эрдэнэ: Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Covid-19 цар тахалтай холбоотой асуудал хүнд байна. Иргэд олон мянгаараа Covid-19 цар тахалд өртөж байна. Өнөөдөр нас барсан иргэдийн тоо 500 хол давлаа. Өнөөдөр энэ асуудлыг анхаарч байгаа төр засгийн удирдлагууд, улс төрийн намууд, эх орон ард түмэндээ айхтар хайртайгаа илэрхийлдэг эх орончдын хэн нь ч дуугарахгүй байдалтай сүүлийн хоёр, гурван сар явлаа. Тиймээс мэдэгдэл гаргаж байна гэв.
МЭДЭГДЭЛ
2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 109694 хүн цар тахлаар өвчилж, өдөр бүр халдвар авсан иргэдийн тоо 2000-аас буурахгүй, нас баралтын тоо 500 мянга давлаа.
Монголчууд олноороо цар тахалд нэрвэгдэж, нас баралт нэмэгдсээр байгаа нь үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна. Эмнэлгийн ажилчид ажлаасаа гарах өргөдлөө олноороо өгч байгаа тул цалинг нь яаралтай 3-5 дахин нэмэхийг хүсч, шаардлага хүргүүлж байна. Түргэвчилсэн шинжилгээг гэрт нь зааврыг нь хэлж өгөн үнэ төлбөргүй хийдэг болгооч гэж шаардаж байна. Энэ хэвээрээ байвал биднийг эмчгүй, эмнэлэгтээ оргүй, иргэд нь гэртээ нас барах эрсдэл хүлээж байна.
Синофарм вакцины хоёр дахь тунг 28 хоногоос хэтрүүлбэл бүү хийлгээрэй гэсэн заавартай байхад 56 хоногийн дараа хийлгэж болно гэж өөрчилсөн нь олон иргэнийг хохироолоо. Энэ нь вакцины үйлчлэлд сөргөөр нөлөөлсөн. “Аса станц”, “Мэдээллийн урсгал” зэргээр нэг урсгалаар, урьдчилж бэлтгэсэн мэдээллийг иргэдэд өгч байгааг эсэргүүцэж байна.
Эрх баригчдыг магтан дуулсан хэвлэл мэдээлэл олон болж байна. Эрх баригчтай адилхан бид төсвийн мөнгөөр сонгууль хийгээгүй. Өнөөдрийн байдлаар 500 гаруй иргэн цар тахлын улмаас нас барсанд Ардчилсан нам монгол түмнээсээ уучлал хүсч, гүн эмгэнэл илэрхийлж байна. Эрх баригчид нас барсан иргэдээс уучлал гуйж, ар гэрт нь нөхөн олговор олгох ёстой.